Чихрийн шижинг эмчлэх эс нээжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Чихрийн шижинг эмчлэх эс нээжээ

Америкийн Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд инсулин ялгаруулдаг эсийг олон тоогоор ургуулжээ. “The Daily Telegraph” сайтад мэдээлснээр, эрдэмтэд шилжүүлэн суулгахад шаардлагатай эсийг олон саяар ургуулж чадсан байна.

Шинжлэх ухааны энэ ололт амжилт нь чихрийн шижинтэй хүмүүст өдөр бүр инсулин тарих шаардлагагүй болох боломж олгоно гэж үзэж байгаа ажээ.

Хүү Сэмд нь чихрийн шижин өвчний онош тогтоогдсоноос хойш профессор Даг Мелтон ийм судалгаа явуулахад мөн уг өвчнийг анагаах эм эрж хайхад амьдралынхаа 23 жилийг зарцуулжээ. “Туршилтаа дуусгахад бидэнд нэг алхам үлдсэн. Боломжтой гэж үргэлж бодож байсан зүйлээ бид хийж чадахаа мэдсэнд таатай байна” гэж тэрбээр тэмдэглэн хэлсэн байна.

Одоогийн байдлаар эсүүдийг амьтанд туршиж байгаа бөгөөд анхны суулгасан эсүүд шилжүүлэн суулгаснаас хойш инсулинийг хэдэн сар  ялгаруулж байгаа ажээ. Инсулин ялгаруулдаг эс гарган авахын тулд эрдэмтэд үр хөврөлийн тулгуур эсийг ашиглаж байна.

Эрдэмтдийн бүтээлийг Лондоны Коллежийн их сургуулийн нөхөн сэргээх анагаах ухааны профессор “анагаах ухааны эргэлт” гэж нэрлэсэн байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж