Д.Амартүвшин, Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин, Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдана

Казахстаны Астана хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Гран При тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин барилдан финалд шалгараад байна. Тэрбээр эхний даваандаа Бразилийн Фелипе Пелимийг юүкогоор сөхрүүлээд Казахстаны Рустам Ибраемыг юүко, вазари, иппон бүх үнэлгээг аван хожжээ. Улмаар хагас шигшээд Японы Хиронори Ишикаваг юзкогоор аваргын төлөө эзэн орны бөх Юлдос Сметовтой барилдахаар болсон байна. Түүнтэй хамт тус тэмцээний 60 кгд зодоглож буй ОУХМ Ганболдын Хэрлэн Казахстаны Габит Ессимбетовыг ялсан ч ОХУ-ын Димитри Куликовт ялагджээ. Гэвч манай бөх дагах барилдаанд Узбекистаны Бахром Иноятовыг ялаад хүрэл медалийн төлөө Д.Амартүвшинд ялагдсан Японы Хиронори Ишикаватай хэдхэн хоромын дараа барилдахаар болоод байна.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Галбадрахын Отгонцэцэг БНХАУ, Бразил, Италийн бөхчүүдийг ялан аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр шигшээд Бразилийн өөр нэгэн жүдоч Наталья Бригидатай барилдахаар болжээ.

Харамсалтай нь манай 66 кг-д барилдсан ОУХМ Довдонгийн Алтансүх, Батцэцэгийн Батгэрэл, 52 кг-д гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Адьяасамбуугийн Цолмон нар финалд өрсөлдөх бөхчүүдэд хожигдсон байна.

А.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж