Хүнд суртал монголчуудыг хохироосоор байх уу?!

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Хүнд суртал монголчуудыг хохироосоор байх уу?!

Хүнд суртлын улмаас хэчнээн монгол хүн эрүүл мэндээрээ  хохирсоор байх вэ? УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг  хэлэлцэх үеэр ийнхүү асуулаа. АНУ болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд 80 гаруй  мянган ам.доллараар зарагдаж буй элэгний С вирусын эсрэг эмийг манай орны эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшинг харгалзан олон улсын холбогдох байгууллагуудаас  900 ам. доллараар олгох санал ирүүлсээр байтал эмийн  бүртгэлд бүртгээгүй гэдэг  шалтгаанаар одоог болтол хэрэглэх зөвшөөрөл олгохгүй байгааг УИХ -ын гишүүн Л.Болд шүүмжлэв.  

Дашрамд дурдахад манай улсын хүн амын 67 хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа байдаг. Эдгээрийн 23 хувь нь архаг тээгч байдаг буюу элэгний вирусын өвчлөлөөр Азид нэгдүгээрт ордог. Монголд жилд элэгний хорт хавдартай 2500 гаруй хүн илэрдэг гэсэн тоо бий. Элэгний хорт хавдар монгол хvний нас баралтын шалтгааны хоёрдугаарт орсон гэх мэт баримтууд бий.

Албан эх сурвалжаас авсан мэдээллээр АНУ-ын Gilead Sciences компаний элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400 мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор 2014 оны долдугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн  яаманд ирүүлжээ.  Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж, дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан ажээ.

З.ЖАВХЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж