Хилээр нэвтрэхэд 18 секунд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Хилээр нэвтрэхэд 18 секунд зарцуулна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  санаачлагаар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжтэй боллоо. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ, нүүрний зураг/-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлнэ. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн дунджаар 14-18 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой болно. Энэ үеэр харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржоос  зарим асуултад хариулт авлаа.

-Аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

-Энэ программ одоохондоо хязгаарлагдмал хүрээнд ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн урьдчилсан бүртгэл  хийлгэлгүй шууд нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Хязгаарлагдмал хүрээнд ажиллах хугацаанд тухайн иргэн нэг минут орчмыг өөрийн нүүрний  зураг, хурууны хээн мэдээллийг өгөөд 15 секундын дараа нэвтэрна. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй, мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй  учраас  аюулгүй байдал бүрэн хангагдана. Цахим гарцаар зорчиж байгаа иргэн өөрийнхөө  сонголтоор аль ч хэлбэрээр хилээр нэвтэрч болно.

-Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ. Цаашдаа хилийн боомтуудад цахим гарц нэвтрүүлэх ажилд хөрөнгийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ?

-Орох, гарах дөрвөн гарцыг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар 900 сая төгрөгийн хөрөнгө  зарцуулсан. Цаашдаа улсын төсөвт дарамт учруулахгүйгээр Шивээ хүрэн, Бичигт, Баянхошууны  боомтуудад жолооч нар хурууны хээгээр хил нэвтрэх төхөөрөмжийг  суурилуулна. Ингэхдээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудтай хамтран энэ ажлыг хийнэ.

-Иргэний  хурууны хээний мэдээлэл  танай санд  бүрэн ирсэн үү?

-2015 оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн программ ашиглалтад орно. Үүний дараа Монгол Улсын иргэн заавал бүртгүүлэхгүйгээр хурууны хээгээр хил нэвтрэх боломжтой. Бид УБЕГ-ын мэдээллийн сангаас  хурууны хээний мэдээллийг татна. 

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний  есөн сарын байдлаар гурван сая, 200 мянга  орчим гадаад дотоодын иргэн 1.5 сая орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж