Замын-Үдийн боомтын үйл ажиллагаатай танилцжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Замын-Үдийн боомтын үйл ажиллагаатай танилцжээ

-Гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд хилийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилан хийдэг болно-

Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран зохион байгуулсан хилийн хорио цээрийн хяналт шалгалтаар туршлага судлах зорилготой олон улсын хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд болж өндөрлөлөө. Хурал нийт гурван өдрийн турш үргэлжилснээс гадна 10 гаруй орны төлөөлөгч болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид өчигдөр Замын-Үдийн боомтод ажиллаад ирсэн байна. Хурлаар Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн орнуудын гадаад худалдааг хөгжүүлэх, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг сайжруулах, хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг хэрхэн хийж байгаа тал дээр гадны төлөөлөгчид туршлага судалснаа болон цаашид юу хийх хэрэгтэйг хэлэлцсэн юм.

Өнөөдрийн хувьд, Замын-Үд боомтод ажилласан талаарх хяналт шалгалтын дүнг ярилцан ийнхүү олон улсын хурлыг өндөрлөлөө. Гадаад худалдааг сайжруулахын тулд хилийн хяналт шалгалтыг оновчтой хийж, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хийх ёстой гэдгийг хурлаар онцолж байна. Монгол Улсын хувьд хилийн хяналт шалгалт хийхээр одоогоор нийт 26 боомтод  356 мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажиллаж буй. Улсын байцаагчдын ажлын чиглэл хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ургамал, хорио цээрийн гэх мэтээр ялгагдаж хяналт, шинжилгээ хийдэг ажээ. Замын-Үдэд гадаад, дотоодын төлөөлөгчид ажиллаад ирэхэд цаашдаа хэд хэдэн шийдэх асуудал байгааг тодорхойлсон байна.

 Энэ талаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч С.Нямдорж “Замын-үдэд хил дээр гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор хорио цээрийг шинэ төвшинд гаргахаар болсон. Урьд нь Мэргэжлийн хяналтынхан бүх барааг шалгадаг байсан бол одоо эрсдэлд суурилан хийнэ. Ингэхээр урьд нь бүх барааг нягтлан шалгаж амждаггүй байсан нь учир дутагдалтай байсан бол эрсдэлд суурилсан хяналт хийвэл цаг хугацаа хэмнэхээс гадна илүү чанартай, нарийн шалгах боломж бүрдэнэ. Мөн хилийн хяналт шалгалтыг сайжруулах замаар  гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд одоо байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм.

Түүнчлэн гадаад худалдааг амжилттай хийж, ашиг орлого олохын тулд хилээр нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг шалгах явцад шаардагдах агуулах савны хүртээмж муу байгаа ажээ. Тухайн барааны онцлог, нөхцөл байдлаас болж хилийн хяналт шалгалт удаашрах болвол зориулалт ёсоор хадгалах шаардлага гардаг учраас агуулах, савны хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй болжээ. Мөн хилийн хяналт шалгалтад ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж өвлийн үед ажиллахад бэрх болдог тул энэ тал дээр анхаарах шаардлагатай гэдгийг салбарынхан онцолж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж