Амьдралын ухаантай МСҮТ-ийнхөн

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Амьдралын ухаантай МСҮТ-ийнхөн

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ буюу хуучнаар политехникийн коллежийнхон аль ч нийгмийн үед ажил, орлоготой байна гэдэг нь чухам үнэн. Одооны эдийн засгийн хямралын үед компаниуд бүтцээ жижгэрүүлж, ажилчдаа цомхотгон, эсвэл сул зогсолт хийж байхад МСҮТ төгссөн хүн ажил, орлогогүй явна гэдгийг цөөн сонсоо биз.

Улсын хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар 33 орчим мянган хүн идэвхтэй ажил хайж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Энэ бол улсын болон хувийн хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо бөгөөд хичнээн хүн бүртгүүлэлгүйгээр хувиараа ажил хайж яваа нь хэмжээ, дамжаагүй. Ямартай ч 30 мянгаар тоологдох хүн тэгэхээр зах зээлд эрэлт муутай мэргэжил сонгосон, эсвэл мэргэжил эзэмшээгүй байх нь. Үүний оронд аль ч нийгэм солигдсон, ямар ч эдийн засгийн хямралын үед хүн бүрийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой ажил мэргэжлийг сонговол энэ нь тогтмол орлоготой амьдралын баталгаа болох юм. Энэ боломжийг олгодог, амьдралын замд хөтлөн оруулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв жил ирэх тусам хүрээгээ тэлж байна.

Улсын хэмжээнд нийт 79 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв ажиллаж байгаагаас 41 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь аймаг, сумдад бий. Ирээдүйг авч явах 42 мянга гаруй суралцагч тогооч, салбар бүрийн инженер, тогооч, үсчин, гагнуурчин, оёдолчин гээд нийт 200 гаруй мэргэжлээр сурч байна. МСҮТ-ийнхөн онолоор “нүдүүлэхгүй”, практик давамгайлсан сургалттай болохоор хичээлийн байр эрч хүчээр дүүрэн, хүүхдүүд бужгинасан, хичээлдээ шамдсан газар байдаг юм билээ. Сүхбаатар дүүрэгт байдаг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж руу орж үзэж байхад урт аа гээчийн ханаар хүүхдүүдийн урласан наамал, хайчилбар бүтээл дүүрэн бүрхсэн байдаг юм билээ. Нэг анги руу сонирхоод ороход электроникийн туршилт хийх байдлаар танхимыг тохижуулсан, сурагч бүр туршилт хийхээр тоноглосон хавтан дээр ажиллана. Ирээдүйн инженерүүд, ололт амжилт өөд тэмүүлэх боловсон хүчин  энд  сурч, хүмүүжиж байна. Өөр нэг ангид охидууд нэг нэгнийхээ нүүрэнд массаж хийж өгч байх юм. Хүсэл, сонирхолдоо хөтлөгдсөн хүүхдүүд хэтдээ хувийн салон нээх ч юм билүү. Энэ мэт олон боломж бий.

Мөн хөдөө нутагт ажлаар явж байхад аймаг, сумдад байдаг МСҮТ-ээр орох боломж олдож байсан юм. Орон нутагт залуу боловсон хүчинг авчирч, сум, орны хөгжлийг залуу хүмүүсээр гардан хийлгэх хэрэгтэй гэдэг болсон өнөө цагт МСҮТ-ийнхөн энэ орон зайг боломжоороо нөхөж байна лээ. Сурагчид нь өөрсдөө ээлжлэн ажилладаг МСҮТ-ийн цайны газрын хоол нь тун амттай. Хотынхоос дутах юм алга. Тэдний юу сурч, хийж байгаа нь хийсэн хоолноос нь л мэдэгдэж байсан. Нутагтаа сураад, ажиллаад, ажил хийвэл ам тосдоно гэдэг энэ биз ээ. Ийм байхад хүн бүр их, дээд сургууль төгссөн, “цагаан захтан” байх албагүй шүү дээ. Өнөө цагт амьдралд ойр, эрэлттэй мэргэжлийн эзэд болох нь ирээдүйн баталгаа болоод байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж