Улаан буудайн импортыг хүчингүй болголоо

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Улаан буудайн импортыг хүчингүй болголоо

Сүүлийн үед гурилын үйлдвэр, тариаланчид хооронд улаан буудай худалдах асуудлаар маргаан үүсээд байсан бол зөвшилцөлд хүрсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, ҮХААЯ-наас нэр бүхий нэг спиртний үйлдвэр, дөрвөн гурилын үйлдвэрт нийт 49 мянган тонн улаан буудай импортлох эрхийг олгоод байсан юм. Ингэснээр гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас улаан буудай авахгүйд хүргэж байна гэж Үр тариа эрхлэгчдийн холбооноос шүүмжилсэн. Гэтэл одоо үлдсэн дотоодын улаан буудайн цавуулаг багассан учраас чанартай гурил гаргахын тулд импортоор цавуулаг өндөр улаан буудай авч холих шаардлагатай болсон талаар гурилын үйлдвэрийн удирдлагууд учирлаж байсан. Тэгвэл үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, гурилын үйлдвэрүүд, Үр тариа эрхлэгчдийн холбооны албаны төлөөлөл нэг ширээний ард суун зөвшилцөлд хүрч, улаан буудай импортлох зөвшөөрөл олгосноос тодорхой хэмжээгээр хасч, хүчингүй болгожээ. Албаны шийдвэрийг танилцуулбал,

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны долдугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар 2014 оны хоёрдугаар хагас жилд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл авсан “Өег” ХХК, “Алейск Импэкс” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурилын импортын квотоос 2014 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд төлбөр хийсэн болон ачуулсан гурилын хэмжээг хасаад үлдэж буй квотоос тус бүр 500 тонныг үлдээж, илүү гарсан нэгдүгээр зэргийн гурилын квотын зөвшөөрлийг хүчингүй болгох,

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны долдугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар зөвшөөрөл авсан  “Милл хаус” ХХК –ний 10 000 тоннн уг компаниас албан бичиг авсны дагуу “Эрдэнэт фүүдс” ХХК-ний 10 000 тонн хүнсний улаанбуудайн импортын зөвшөөрлийг хүчингүй болгох,

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны есдүгээр сарын 05-ны өдрийн А/330 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрөл авсан “Од групп” ХХК-ны  10 000 тонн, “Хангайн миллс ХХК-ний 10 000 тонн, АПУ ХК-ний  10 000 тонн “Сайхан хүнс” ХХК-ний 9 000 тонн улаан буудайн импортийн квотыг уг компаниудаас авсан албан бичгийг үндэслэн, “Улаанбаатар гурил” ХХК-ний 10 000 тонн улаан буудайнаас 3 000 тоннын хүнсний улаанбуудайн импортын зөвшөөрлийг хүчингүй болгох,

-2014 оны аравдугаар сарын 9-ний өдрөөс өмнө хүнсний улаанбуулайн импортлохоор гэрээ хийн төлбөр төлж, ачилт хийгдсэн “Улаанбаатар гурил” ХХК-ний 7 000 тонн улаан буудай тус аж ахуйн нэгжийн Дархан-Уул аймаг дахь гурилын үйлдвэрийн агуулахад хадгалж, битүүмжлэн 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 3000 онн, 2015 оны хоёрдугаар сарын  15-ны өдрөөс үлдэгдэл 4 000 тонныг  “Улаанбаатар гурил” компанид битүүмжлэлийг цуцалж шилжүүлэх,

-2014 оны аравдугаар сарын 10-ны байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн борлогдоогүй буудайн тоо хэмжээ, чанарыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж мэдээллийг энэ сарын 20-ны өдрийн дотор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлэхийг Үр тариа эрхлэгчдийн  Газар тариалан холбоо хариуцан хийж гүйцэтгэхийг тус тус даалгаж,  зөвшилцөлд хүрсэн байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж