&#34Улаанбаатар хот минь хөдөлгөөн оржээ&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

&#34Улаанбаатар хот минь хөдөлгөөн оржээ&#34

Улаанбаатарын унаган иргэн Зоригийн Алтайтай ярилцлаа. Тэрбээр Швед улсад эх орноо төлөөлөн Элчин сайдаар ажиллаж буй юм.

Швед дэх монголчуудын тухай, Шведийн социализм гэж юуг хэлээд байгаа тухай, тус улс, хотын хөгжлийн загвар, төрөлх нийслэлдээ нутагшуулах сайн туршлагын талаар, хотын энэ удирдлагуудад ямар дүн өгч байгаа болон тэдэнд хэлэх зөвлөгөө мэдээллийн талаар бид дэлгэрэнгүй ярилцлаа.

Төрийн хүмүүс иргэдийн татварийн мөнгөөр гадаадад тансаглаж буйг, төрийн яам тамгын газар, агентлагууд ажил хийх, төсөл хэрэгжүүлэх саналыг тоож үзэхгүй байгааг тэрбээр шүүмжилж байна.

 

ХУУЛЬ ДҮРМЭЭ ЯС ЧАНД БИЕЛҮҮЛДЭГ УЛС ОРНЫ
ИРГЭДИЙН АМЬДРАЛ АМАР ТАЙВАН

 

-Сайн байна уу, таны ажил давгүй юу?

-Ажлаа аваад жил гаруй болчихлоо. Байр байдалдаа дасаад зүгширч л байна даа.

-Та одоо Стокгольмд байна уу. Цаг агаар хэр байна даа?

-Эндхийн цаг агаар манайхтай ойролцоо. Гэхдээ энэ зун ганц нэг сар айхавтар халлаа. Ерөнхийдөө их халахгүй, хүйтрээд ч сүйд болохгүй. Өдөр, шөнийн градус нь ч хол зөрүүтэй биш.

-Шведэд монголчууд олон уу?

-Сүүлийн үед Европын монголчууд наашаа нүүдэл их хийж байна. Энд 7000 орчим монгол байгаа. Тэдний тал орчим нь ажил эрхлэх, оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй. Ийм зөвшөөрлөө авчих л юм бол швед иргэний нэгэн адил нийгмийн бүх талын халамж эдэлнэ, сургууль соёлд үнэгүй сурна, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ бүрэн авна.

“Чи бол цагаач, хараар байгаа шар, хар арьстан” гэж ялгахгүй. Хүний эрхийг их дээдэлдэг. Зөвшөөрлөө л авчих юм бол энд боломжийн сайхан амьдрал байна аа.

Цагийн ажлын хөлс нь бусад орныхтой харьцуулахад өндөр. Архи дарс ууж, хэрэг түвэг хийчихгүй л бол цагдаа хөөж, мөрдөж шалгах нь гайгүй. Хүн амьдрахад таатай, агаар сайхантай, байгалийн цэвэр хоол хүнстэй, боломжтой газар л даа. Нэг таагүй нь арваннэгдүгээр сарын сүүлчээс дөрөвдүгээр сар хүртэл өдөр богино, их эрт харанхуй болно.
Байгалийг одоо бид яалтай билээ. Өдрийн 2 цаг өнгөрөөд л шөнө орой шиг гэрэл чийдэнгээ асаах нь жаахан дарамттай. Улаанбаатар минь хүйтэн, утаатай ч нар, сараа харна, гэрэл гэгээ гэдэг чинь хэчнээн сайхан билээ дээ.

-Шведэд улс улсын цагаач иргэд олон гэсэн. Ийм орчин, байдалд нь хүмүүс татагддаг байх нь?

-Шведийн социализм гэж их ярьдаг даа. Манай монголчууд ч социализм гэж зүтгэж, коммунизмд ч орох гээд байгаа юм шиг үзэл сурталд хууртаж, хөөрч, сайхан амьдралын төлөө зүтгэсэн дээ. Энд тэр социализм, капитализм гэдэг хоёр “юмыг” их сайхан зохицуулжээ. Баян, ядуугийн ялгаагүй болно гэж бид мөрөөддөг байсан даа.

Энд тийм болгож чадаж. Нийтээрээ тэгш эрхтэй. Амар амгалан сайхан амьдрах гэдгийг энэ нөхөд их зөв аргаар хийчихсэн байна. Хүн амьдрах нэн таатай дэлхийн таван орны нэгд ордог. Улс орон бүхний хүсэл мөрөөдөл, ийм болъё л гэж бодно. Яахаараа ингээд сүрхий хөгжчихдөг юм гэхээр, илүү гарсан ухаантайдаа ч биш байх. Байгалийн баялаг нь манай Монголын дэргэд юу ч биш, их бага. Тэгээд яагаад ингэж мундаг хөгждөг юм гэхээр миний ойлголтоор энд хууль журам гэдгийг амьдралд, ард иргэдийнхээ санаа бодолд нийцсэн маш сайн шалгуураар гаргачихдаг. Нэгэнт ингэж нийтээрээ хэлэлцээд хуулиа гаргачихсан бол хэн ч байсан биелүүлнэ гэдэг ганц дүрэмтэй. Хууль бол хууль, журам бол журам.

Та үүнийг л дагана, ингээд л гүйцээ. Хууль дүрмээ яс чанд биелүүлдэг улс оронд иргэдийн амьдрал ахуй нь амгалан тайван, ном журмаараа хэрүүл уруулгүй.

Стокгольмд л гэхэд тэнгэр баганадсан өндөр байшин алга, барья гэвэл барьчих хөрөнгө мөнгө байна. Гэтэл яагаад хотын төвөөрөө ийм хуучин байшингуудтай, орон сууцны шинэ хорооллууд нь ч 4-5 давхраас хэтэрдэггүй юм бэ гэхээр “Ерөөсөө бүх зүйл стандарттай шүү дээ” л гэнэ. Өндөр байшин бариад эхэлбэл хажуу орчмынхоо айл, албан байгууллагын цонхыг хааж стандарт зөрчинө, хүний эрх зөрчинө.

Тэр айлынхан ч нар сар хармаар, байгалийн гэрэл авмаар байгааг ийм стандарт ёс журмаар зохицуулсан учраас өндөр байшин битгий барь гэдэг юм байна.

Гудамж талбайн эмх цэгц гээд бүхий л зүйлд стандарт л ярьдаг. Энд зам байх ёстой, энд төчнөөн хүн амтай хороолол босох учир төчнөөн дэлгүүр, үйлчилгээний газар, кинотеатр, эмийн сан, төчнөөн архины дэлгүүр, сургууль цэцэрлэг байна гэсэн стандарттай. Түүнийгээ ягштал барьдаг.

-Стокгольм хотын хөгжлийн нас хэд юм бэ. Европын хөгшин хотууд шиг “настай” юу?

-200-гаад жил биз. Нэг их хөгшин биш. Манайхныг талын нүүдэлчин гэдэг шиг эднийхэн ойн нүүдэлчин гаралтай л хүмүүс. Ойд ан гөрөөгөө хийж, урцархуу жижиг модон байшинд амьдарч ирсэн, ойдоо нүүдэллэчихдэг чөлөөт маягийн улс л байж. Сүүлийн 200-гаад жилд суурин амьдралд шилжиж өнөөгийн Швед орон бий болсон.

-Тэд хөгжлийн туршлагаа хаанаас авсан юм  бол. Стандарт, хууль дүрмийг яв цав нийцүүлнэ гэхэд ч загвар туршлага хэрэгтэй дээ. Та энэ талаар судалж үзэв үү?

-Хууль журмыг иргэн бүр мөрддөг. Гэтэл манайд хэн нэг даргыг таньж байвал түүнийг найраад, халаасанд нь хэдэн цаас хийчихвэл ямар ч ажил бүтнэ гэдэг харанхуй, ширэнгэн ойн хууль одоо болтол байна. Энэний хар гайгаар бүх зүйл төлөвлөлтгүй, замбараагүй ийм айхавтар болчихсон. Хууль дүрмийг ягштал мөрдөнө гэдэг хөгжилд маш том хөл болдог юм байна.

Нөгөө талаар энд иргэний оролцоо их. Манайх босоо удирдлага, тогтолцоотой. Төр мэднэ, засаг мэднэ, хотын дарга мэднэ гэхчлэн бүх зүйлд даргыг шүтчихсэн, аливаа ажил сайн муу байх эсэх нь даргаас хамаардаг. Харин энд даргаас, засгаас хамааралгүйгээр иргэд өөрсдөө бүх асуудлаа шийддэг их зөв тогтолцоотой. Дарга хэн байх нь огт сонин биш. Бид ерөнхий төлөвлөлтөө гаргачихсан, одоо хийхээ иргэд мэднэ л гэдэг.

Улаанбаатарын бүх асуудлыг хотын дарга шийддэг атал Стокгольм хотын дарга эрх мэдэл туйлын багатай. Комун буюу манайхаар олон дүүрэгтэй. Комун бүр татвар гэхчлэн өөрийнхөө бүх асуудлыг шийднэ. Татварын нэгдсэн систем байхгүйтэй адил. Тухайлбал, манай дүүрэг үйлдвэр олонтой, орлого ихтэй, чинээлэг голдуу иргэд амьдардаг гээд Иргэдийн хурлаараа яриад энэ жил татвараа төчнөөн хувиар тооцож авна гээд шийдвэрлэдэг.

Нөгөө дүүрэг нь цагаач иргэд олонтой, үйлдвэр цөөнтэй бол судалгаа хийгээд татвараа бага тогтооно. Татварыг нь хот, Сангийн яам татаж төвлөрүүлээд авчихдаггүй, дүүрэгтээ л үлддэг. Дүүргийн иргэдийн хурал татвараар цугласан хөрөнгөө юунд зарцуулахаа шийддэг.

-Тэгвэл хот нь ямар үүрэг хүлээдэг гэсэн үг вэ?

-Ерөөсөө л дэд бүтэц. Метро, нийтийн тээврийн сүлжээ зэрэг хотыг тэлэх ерөнхий төлөвлөгөөгөө бариад сууж байдаг. Хэчнээн барилга, сургууль, дэлгүүр ажиллуулахаа дүүргийн иргэд мэднэ. Манайд эхлээд байгаа иргэдэд эрх мэдлийг нь өгье гэдэг чинь л тэр. Гэхдээ иргэдийнх нь суурьшмал амьдрал, боловсрол соёл, ёс зүй айхавтар мундаг тогтсон. Болно болохгүйн заагийг асар сайн мэддэг. Тийм учраас, мэдлэгтэй, мөнгөтэй хүмүүс ирээдүйгээ харж төлөвлөлтөө хийдэг. Гэтэл манайд өөр.

Зун Улаанбаатарт очихдоо зовлонг нь ойлгож л байлаа. Өөрсдөө ядуу зүдүү амьдралтай, тэр хэмжээгээрээ сэтгэхүй сэтгэлгээ, боловсролын түвшин, ахуйдаа баригдсан. Нэг газар сайхан төсөл хийгээд орчин үеийн барилга барья гэхээр уурладаг, "Манайхан хэдэн үеэрээ амьдарсан энэ хашаа байшиндаа багтаж шингэхгүй байхад чи муу ямар арын хаалгаар ийм зөвшөөрөл авдаг юм. Би эндээ амьдармаар байна, хашаагаа хатгана, жорлонгоо ухна" л гэдэг. Энэ сэтгэхүй аливааг хөгжүүлэх, тухайн орчныг сайжруулж, түүнээ дагаад ажилтай, орлоготой, соёлтой болно гэдэгт саад болж байгааг манайхан ойлгодоггүй. Ядуугийн сэтгэлгээгээрээ бүхнийг зогсоодог. Ингээд хөгжлийн гацаа болдог.

Иргэд шийдэх, оролцох нь зөв боловч өнөөдөртөө манайд бүх асуудлыг иргэдээрээ шийдүүлэхэд эрт байна. Нийт иргэдийн хэчнээн хувь нь ийм ухамсартай байгаа билээ гэдгийг бодохгүй бол болохгүй. Октябрийн хувьсгал шиг бүх эрх мэдэл ард түмний гарт гэчихээр бас л сөрөг юм гараад байгаа юм.

-Сүүлийн үед Улаанбаатарын удирдлагууд дугаарын хязгаарлалт, зөв рультэй машин, төв замын татвар зэрэг шийдвэрүүдийг гаргаж, хэлэлцүүлж байна. Та дуулж л байгаа биз. Энэ бүгдэд ямар байр суурьтай байгаа вэ? Тухайлбал, Стокгольмд төв замын татвар гэж байна уу?

-Энд бүх асуудлыг татвараар шийддэг. Хотын төв хэсэг рүү орох тоолонд л хяналтын камераар бичиж аваад хаягаар нь төлбөрийн нэхэмжлэх очдог. Манайх сая турших гээд больчихлоо. Төв рүү орох бүртээ мөнгө төлнө гэдэг нэг төрлийн дарамт. Иймээс онцын шаардлагагүй бол хотын төв рүү орж түгжрэл, дарамт үүсгэхийг боддоггүй.

Татварын системээр хаачихаж байна. Нөгөө талаар иргэдэд метро зэрэг нийтийн унаагаар явах боломжийг бүрэн хангасан учир сонголт байна. Гэтэл манайд үүнийг шууд хуулах цаг үе нь мөн үү… бодох ёстой.

-Хотын төвд хамаг төвлөрөл байна. Яам тамгын газар, бүртгэл зэрэг. Дүүрэгт нь энэ байгууллагууд байдаггүй учраас төв рүү орох зайлшгүй шаардлага үүсгээд байх шиг. Энэ нь түрүүнд таны ярьсан хот төлөвлөлт замбараагүй, стандартгүйтэй холбоотой биз.

-Манайхан машины зогсоол байхгүй, зогсоолоо барьчихаад татвараа ав гэдэг. Би гадаадын өндөр хөгжилтэй, соёлтой түмэн л хотоор явсан. Хаана ч адилхан, машин тавих зогсоол олно гэдэг там. Бүх том хотын өвчин. Энд ч тэр асуудлыг шийдээгүй л байна. Хэрэв та мөнгөтэй бол зогсоолд зогс, үгүй бол цалингаасаа татвараа төлнө.

-Шведийн социализмын давуу тал нь юунд байдаг юм бол?

-Эндхийн хүмүүс заавал нэгнээсээ баян болох гэхгүй. Олон компани байгуулаад л их орлого олж байгаа бол маш өндөр татвар төлнө. Татварын маш өндөр шатлалтай. Орлогын 70 хүртэлх хувийг авна. Мянган цаасны ажил хийхэд 700-г нь авчихна гээд бод доо. Нэг талаар баян ядуугийн айхавтар ялгаа гаргахгүй, хэдүүлээ ойролцоо хэмжээнд амьдаръя, нэг нь мундаг хауст амьдарч, том жийп унаад л, нөгөө нь атаархаж муухай сайхан хараад байхааргүй нөхцөлийг татварын системээрээ тогтоочихсон.

Манайхантай адил брэндийн хувцас өмсөөд л, том жийп унаж гангарахгүй. Баян уу, ядуу юу гэдэг ойлголт ерөөсөө байхгүй, яг л ижилхэн. Ухамсар, төлөвшлийн систем, цогц бодлого нь надад зөв санагддаг. Хүнд юу хэрэгтэй юм бэ, тайван эрүүл, айх аюулгүй, боломжийн сайхан орчин байхад бид төр засгаас, бурхнаас өөрийг хүсэхгүй. Миний хүүхэд сургуультай, цэцэрлэгтэй, бид үйлчлүүлэх эмнэлэгтэй, боломжийн байртай байхад өөр юу хэрэгтэй юм. Энэ л Шведийн социализм юм.

Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Шилэн дансны тогтолцоо Шведэд маш сайн хөгжсөн. Бүх иргэн, аж ахуйн нэгжийн гүйлгээ, орлого зарлага бүгд хяналтад, нэг бүрчлэн. Монголын Элчин сайдын яам энд ченжийн газар очоод 2000 крон доллар болгоё гэхэд солихгүй. Та энэ мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс авснаа нотолсон баримт авчир гэдэг.

Манайд бол 2000 доллар байтугай 200 мянгыг ч дор нь л солино. Гэтэл энд үгүй. Банк ч, ченж ч солихгүй. “Элчин сайдын яамны мөнгө, бид Монголоосоо санхүүждэг” гээд ч нэмэргүй. “Гадаад яамнаасаа мөнгө шилжүүлсэн нь үнэн гэдэг албан ёсны баримт авчир” л гэнэ. Бохир мөнгө, хууль бус мөнгө эргэлдэх вий гэдэгт мундаг том хамгаалалт хийчихсэн, хяналтад байдаг. Санхүүгийн шилэн данс гэдэг энэ. Энийг манайх авах л хэрэгтэй.

-Стокгольмд тулгамдсан ямар асуудал байна. Улаанбаатарт бол утаа, түгжрэл гээд зөндөө. Энэ асуудлууд наана чинь байсан л байх?

-Утаа байхгүй, хамгийн сайхан агаартай. Ой дотор байгаа улс шүү дээ, агаар нь эм. Дэлгүүрт нь цэвэр ус зардаггүй, том ресторан, хүлээн авалт хаана ч очсон бүх хүн крантны л ус уудаг.

-Өө за за. Усны хоолой, суваг шуудуу нь ганган эд байх нь ээ?

-Бүх хоолойнхоо доторхийг цэвэр зэсээр хийсэн.

Улаанбаатарт зун очиход сайхан байлаа. Манайх шиг олон кран ажиллаж барилга барьж байгаа улс орон би үзээгүй, гайхсан. Нэг талаар сайхан, барилга барих мөнгө байна. Эмгэнэлтэй нь энэ олон барилгад орох айл хэд байгаа юм бол доо. Баланс алдагдсан л харагдсан. Хоёрт, тэр олон кран бүгд хотын төвд байна. Хотын төвдөө зүлэг ногоо, цэцэрлэггүй байж ийм олон барилга барина гэдэг төлөвлөлт маш муу байгаагийнх.

Энэ олон кран хотын захад байвал сайхан аа. Ингээд л манайх эсрэг яваад байна. Энд бол байр авъя гэхээр байр нь олдохгүй. Мөнгө байна, жилийн 2,0 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болж байна. Гэтэл байр нь байхгүй, оочертой. Сүүлийн үеийн шинэ барилгууд бүгд хотын захад. Гэхдээ л оочер их. Манайд юу л байна байр байна, иргэдэд нь мөнгө байхгүй.

-Хотын төвд олон кран ажиллаж байгаа нь танд Улаанбаатар хөгжиж байгаа юм шиг санагдсан уу?

-Хүн хөдөлж, ажиллаж байна гэдэг сайн. Манай бизнесийн салбар хурдацтай, цаг хугацаатай уралдаж ажиллаж байна гэдгээр бахархах ёстой.

-Та Улаанбаатарын унаган хүүхэд. Улаанбаатар гэж сонсох, бодоход хамгийн түрүүнд юу санаанд буудаг вэ?

-50 гаруй жилийн минь амьдрал Улаанбаатарт өнгөрсөн. Улаанбаатар миний гэр. Өөрийн гэр хамгаас үнэ цэнтэй. Эх орондоо очлоо, Улаанбаатарт буулаа гэхэд гэртээ ирчихлээ л гэж боддог. Энэ сайхан гэрээ, Улаанбаатараа хайрлах ёстой. Хүн болгон хотоо сайхан болгохын төлөө эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстой.

-Энэ хотод төрж өссөний хувьд хөгжлийн явцыг нь сайн мэднэ. Сүүлийн хоёр жилд, ялангуяа таныг эзгүйд хот хэр өөрчлөгдөж байна вэ?

-Бат-Үүлийг дарга болсноос хойш хот хөдөлгөөнд орсон, шоргоолж шиг хөдөлж эхэллээ. Зам харгуй, цэцэрлэг гэхчлэн урьд хожид үзэгдээгүй хэмжээний хөдөлгөөн орж байна. Алдаа оноотой зүйл байж л таарна. Гэсэн ч Бат-Үүл ийм богино хугацаанд бүхнийг шийдэж чадахгүй, өчнөөн олон жил бугшсан асуудал. Тийм учраас аль аль талаасаа зөв хандах хэрэгтэй. Хот маань сайхан болж байна, хөгжиж байна, байранд орох мөнгөгүй ч байшин нь босчихсон байхад мөнгийг бид шийдэж болно оо.

-Хотын даргад хандаж зөвлөгөө өгөөч гэвэл та юу хэлэх вэ?

-Зөвхөн хотын даргад ч биш, шийдвэр гаргах түвшнийхэнд хэлмээр санагддаг нэг зүйл бий. Сая манайд Хятадын дарга ирлээ, Оросын Ерөнхийлөгч ирлээ, сайхан сайхан том төсөл ярилаа. Хэдэн төгрөгтэй болох нь ээ, ирээдүй сайхан харагдаж байна гэх боловч бид өнөөдөр мөнгө л ярьж байна.

Баахан мөнгө олчихдог, баахан байшин барилга босгочихдог иргэдийн маань ухамсрын түвшин хоцрогдсон хэвээр л байх юм бол энэ хөгжилтэй зохицохгүй.

Энэ тал дээр бодлого гаргаач ээ, мөнгө төгрөг хаяач ээ… Мөнгөтэй л бол сайхан болчихно гэвэл дэндүү өрөөсгөл. Хүний тархийг богино хугацаанд эргүүлэх хэцүү. Энэ тал дээр түлхүү анхаармаар л байгаа юм.

 

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР
ГАДААДАД ТАНСАГЛАЖ БОЛОХГҮЙ ЭЭ, НАЙЗ НАР АА

 

-Та хотын дарга болбол гэж бодож байсан уу. Хэрэв болчихвол ямар ажлыг эхэлж барьж авах вэ?

-Хотын дарга болъё гэж хэзээ ч бодож байгаагүй. Хот минь сайхан болоосой гэж л хүсдэг. Улаанбаатарын энэ их овоорсон, ужгирсан асуудлыг ямар ч мундаг баатар гарч ирээд тийм амархан шийдэх боломжгүй ч шийдэх эхлэл тавиад явж байгаа нь хамгийн сайн. Би бол хотын энэ удирдлагад амжилт л хүснэ. Бага алдаа, бага туршилт хийгээсэй. Гарсан шийдвэр, ажил бүр нь оновчтой байгаасай л гэж хүснэ.

Хот мөнгөгүй л гэнэ, мөнгөтэй л гэнэ гэхдээ бодох анхаарах юм байх шиг. Саяхан нийслэлийн Иргэдийн хурлын хэдэн нөхөд Бразил явж хөлбөмбөг үзлээ, эргүүлж мөнгөө төлнө л болцгоосон. Гэтэл энэ онд мөн л Нийслэлийн иргэдийн хурлын 15 төлөөлөгч Исланд, Норвеги, Финландаар яваад Шведэд ирлээ. Явж болно, үзэж болно, тийм эрхтэй. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн үнэтэй газрууд. 14-15 хүний зардал гэдэг аймшигтай их мөнгө. Хамгийн харамсалтай нь тэд энд ирээд юу үзэв, юу судлав, хэнтэй уулзаж юу мэдэв, очоод юу хийх юм бэ гэдэг нь ойлгомжгүй, дэлгүүр хоршоо орох, хотын гудамжаар алхсан байдалтайгаар иргэдийн тэр их мөнгийг үрнэ гэдэг туйлын харамсалтай. Муу хэлүүлээд байдаг УИХ-ын гишүүд ч ийм олуулаа, ийм үнэтэй газраар, ийм зорилгогүй явдаггүй.

-Та нар юу үзэх, хаана очих вэ гэдэг дээр санал болгодог биз ээ?

-Бид зөндөө санал тавьсан, хотын захиргаатай нь уулзаач, ийм хүмүүстэй уулзуулъя, тийм газраар орооч манайд хэрэгтэй зүйл тэнд бий гэхэд “хэрэггүй ээ, зүгээр л үзье” гэх жишээний. “Зүгээр л үзье” гэж юу гэсэн үг вэ. Над шиг ямар үүргэвч үүрсэн нөхөр яваа биш, татвар төлөгчдийн мөнгөөр яваа шүү дээ.

Үүнд би их шүүмжлэлтэй ханддаг, ингэж болохгүй ээ, найз нараа. Харамсалтай нь ийм тохиолдол гарах юм. Дараа нь бас хүмүүс ирсэн л гэсэн. Намайг энд тэнд яриад уурлаад байхаар хэлэлгүй чимээгүйхэн ирээд явсан бололтой. Дараа нь л сургийг нь сонсдог болсон. Ингэж болохгүй л дээ.

 

“ЭЛЧИН САЙД БАЙХ ХУГАЦААНДАА ГАЙГҮЙ АЖИЛЛАЖЭЭ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ОНГИРООХСОН

 

-Хотын удирдлага, засаг төр, яам тамгынхан ялангуяа, ийм өндөр хөгжилтэй оронд суугаа Элчин сайдаасаа судалгаа, зөвлөгөө авдаг уу?

-Засгийн газар, Ерөнхий сайд, гадаадад суугаа Элчин сайд нар телеконференц хийдэг. Авах туршлага, хэлэх санал олон байлгүй яах вэ. Шведэд цаг агаар нь манайтай төстэй, хүйтэн сэрүүний улиралдаа зохицуулсан машины үйлдвэрлэл мундаг хөгжсөн. Бат-Үүл дарга “Бид чанартай автобус хэрэглэмээр байна, үнэ хамаагүй ээ, чи судлаач” гэсэн. Түүний зөв, чанартай нь дээр шүү дээ.Сайныг нь авах ёстой. Үйлдвэртэй нь яриад өчнөөн ажил болсон. Яг авдаг өгдөг дээрээ тулахаар манайхан гэдийчихэж байгаа юм.

Сүүлд сонсоход юутай ч евро стандартынхыг авахаар болсон гэсэн. Би аваасай билээ л гэж бодож байна. Өнөөдөр бид яагаад аливаа юмны 10 хувийг халаасандаа хийж хэрэгтэй хэрэггүй юм авах ёстой юм. Яагаад монгол хүн дэлхийн стандартад нийцсэн унаа эдэлж хэрэглэж болдоггүй юм. Тэр баталгаатай нь энд байна.

Мөн хүн сургах боломж, загасны аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, уул уурхайгаас эхлээд нийтийн бие засах газрын асуудлыг ч эндээс шийдэж болж байна. Энд хамгийн сүүлийн үеийн ноу хау технологитой, үнэр гардаггүй, ус хэрэглэдэгүй, тухтай, үнэ нь боломжийн, орчин үеийн 00 хэрэглэдэг.

Манай 200 мянган ил жорлон Улаанбаатарыг ямар болгож байгаа билээ. Зун болохоор тэр муухай үнэр танар, агаар салхиар дамжиж байгаа нян, хөрс, усны бохирдол гээд маш том асуудал. Энэ асуудлаа энэ шинэ технологиор шийдье ээ гэхээр л таг болчихдог. Зөндөө сайхан санал тавихаар усанд хаясан чулуу шиг болчихдог. Баахан судалгаа хийгээд, хөөцөлдөөд, мэдээлэл цуглуулаад холбогдох газартай нь холбож өгөөд, Монголд жаахан юм хийчих гээд үзээд байна. Гэтэл манай хариуцсан хүмүүс нь тоодоггүй, огт хариу өгдөггүй нь үнэн аймшигтай. Ийм байж бид Монгол орныг яаж гадаад ертөнцтэй, гаднын улс оронтой холбох юм бэ.

-Яагаад тэгдэг юм бол?

-Миний хариуцсан орнуудад авлига, хээл хахууль, 10 хувийн асуудал огт байхгүй учраас манай эрх дарх бүхий улсуудад сонирхолгүй байна уу даа. Надад ямар ашигтай юм, хэдэн цаас унахгүй бол тэр сайн сайхныг аваад яах юм, тэгснээс найрдаг тохиролцоо хийдэг улсуудаас болсон болоогүй юм авч, хэдэн цаастай болъё гэсэн сэтгэлгээ байна уу гэж би харж байгаа. Ийм байдлаар улс хөгжихгүй.

Болд сайд Данид айлчлалхдаа үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Тэнд оролцсон хүмүүсийн ярьж байснаас бүдүүн тоймоор тооцоолоход зөвхөн Даниас л гэхэд 600-700 сая долларын хөрөнгө оруулалт Монголд орсон байдаг юм. Энд бас нэг давуу тал нь хамтарч ажиллая, бизнес хийе гэхэд эхлээд мөнгөө төл, баруун зүүнээрээ солилцоно гэдэггүй. Зээлээр авч болно. Манайханд 18, 20 жилийн урт хугацааны бага хүүтэй зээл ав гээд байхад л үгүй гээд байх юм. Мөнгөгүй гэх мөртлөө асуудлыг шийдэх боломж гарц байна гээд тодорхой санал тавихад “Харин ээ” гээд суугаад байгааг ойлгодоггүй. Бүр урам хугарах юм. Монголд байхдаа мэддэггүй байж л дээ. Энд ирснээсээ хойш л манай төрийн байгууллага, яам тамгынхан ажил хийдэггүй, ажил нь явдаггүйг ойлгосон.

Оюутолгойн гүний уурхайн асуудал энэ удахгүй шийдэгдэнэ гэсэн мэдээг интернэтээс уншаад сууж байна. Сайхан л байна. Гэтэл Оюутолгойн гүний уурхайн гол өрөмдлөг дээр Шведийн маш том компани орчихсон, хөрөнгө техникээ тавьчихсан хүлээгээд жил гаруй боллоо. “Бид бүх техникээ тавьчихсан, алдагдалтай байна аа, танайх асуудлаа хэзээ шийдэх вэ” гээд манай яаманд ханддаг. Бидэнд хэлэх үг олддоггүй.

-Та яг хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байгаа юм байна?

-Эвгүй байдалд олон орно. Гар хөлийн үсэг зурчихсан төсөл байдаг, албаны хүмүүстэй нь ярьж тохироод ажил эхлэхэд бэлэн болсон байхад манайхан таг. Би яам руу ярина “Болж бүтэхгүй байсан юм бол яах гэж гарын үсэг зурж баталгаажуулсан юм бэ, нүүр хийх газаргүй боллоо” гээд ч нэмэргүй. Утсаар ярихаар “Наад асуудал чинь болохгүй байна аа” гэнэ. Тийм бол албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй биз дээ.

Ингээд байхаар бид дахиад хөрөнгө оруулалт ярих, хайх нүүргүй болдог. Ийм том компаниудтай гэрээ хийсэн Монголын тал ингэлээ гэсэн мессеж дорхноо тардаг. Найдваргүй, худлаа ярьдаг юм байна, яаж ч мэднэ шүү, наадуул чинь гэхээр дахин итгэж бидэнтэй хамтрах компани олдох уу. Ингэж дараагийнхаа боломжийг алдаж хаагаад байх нь тун хэцүү.

-Танай яам хэр олуулаа вэ?

-Шведээс гадна Норвеги, Дани, Финланд, Эстони гээд асар өндөр хурдацтай хөгжиж байгаа таван улс хариуцдаг манай яам хоёрхон дипломат ажилтантай. Ийм байж бүх талын харилцааг гайхалтай сайхан болгоно гэхэд худлаа. Өдөр тутмын ажил их байна. Эдийн засаг ийм хүнд үед “Орон тоо хүн хүч, цалин нэмээч” гэлтэй биш дээ. Болгох гээд зүтгэцгээж л байна. Өнгөрсөн жил Гадаад харилцааны сайд Л.Болдын Швед, Дани, Эстонид хийсэн албан ёсны айлчлал тун үр дүнтэй сайхан болсон.

Айлчлалын үеэр яригдсан асуудлыг ажил болгох гүүр нь ЭСЯ. Бид холбож өгөөд ажил болгох гэхээр жинхэнэ хэрэгжүүлдэг төрийн яам, агентлагт очоод асуудал гацчихдаг нь хамгийн харамсалтай. Цахим засаглалаар Эстони мундаг. Ирэх жил манайд мэдээллийн технологи, интернэтийн асар том хурал болно. Манайх даргалагч орон нь. Цахим засаглал гэхээр байгууллагууд хоорондоо онлайнаар бичиг хэргээ явуулдаг төдий биш юм байна. Чийпэнд тухайн иргэний татвараа төлсөн, гадаад дотоод явсан, сургууль соёл төгссөн эсэх зэрэг бүх мэдээлэл нь байдаг. Хэчнээн амар вэ, энийг хэрэгжүүлье гэсэн, хийх байх аа. Ач холбогдол өгөөсэй билээ л гэж бодож байна. Эстони занарын багахан нөөцтэй атлаа хэрэглээний хий, түлш шатахууныхаа 70 хувийг занараас гаргаж байна.

Үлдэгдэл шаар, хаягдлаар нь бидний Оросоос гуйж авдаг, хар зам тавьдаг битум хийчихэж байна. Ямар ч хаягдалгүй технологи. Гэтэл энэ чиглэлийн хамтарсан үйлдвэр байгуулъя, хөрөнгө оруулъя, технологийг нь нэвтрүүлье гэж санал, судалгаатай төсөл өгсөн, таг. Ийм боломж байхад яагаад шүүрээд үмхээд авч болдоггүй юм бэ, үнэхээр гайхмаар. Одоо бол төрийн байгууллага харж сууснаас хөрөнгө мөнгөтэй хувийн хэвшилтэй ярьсан нь найдвартай хамаагүй шуурхай юм байна гэж бодож байгаа.

-Таны ярианаас төрийн яам, агенлагтлагууд нэгийг тунгаана гэдэгт итгэлтэй байна. Төрийн ийм ажил хийж байхад үүргэвчээ үүрээд аялах тухай танд бодогдох юм уу?

-Юун үүргэвч үүрээд алхахтай манатай. Ирэх гурван жилийн хугацаанд энэ ажлуудаа амжуулаад Монголдоо хэрэгтэй хөрөнгө оруулалт хийчихээд албаа өгөх юм бол “За яах вэ бас, Элчин сайд байх хугацаандаа гайгүй ажиллажээ” гэж өөрийгөө онгироох сон.

Ярилцсан Ц.ЭНХМАА

Эх сурвалж: “УЛААНБААТАРЫН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж