Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох УГЗ Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү жүжиг ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд тоглогдох юм. Ингээд тус театрын маркетинг олон нийтийн харилцах хэлтсийн менежер З.Нямзултай ярилцлаа.
-УДЭТ-ын бэсрэг жүжгийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч? Мөн энэхүү төслийн хүрээнд сүүлийн хоёр жүжиг энэ сард тоглогдох гэж байгаа юм байна.
-Улсын драмын эрдмийн театрын бэсрэг жүжгийн төсөл үргэлжилж байна. Энэхүү төслийн хүрээнд долоон өөр найруулагч, долоон өөр төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Тиймээс төслийн хүрээнд долоон жүжиг тайзнаа тоглогдоно. Үүнээс тав нь өнгөрсөн хавар тоглогдсон бол сүүлийн хоёр жүжиг энэ сард тоглогдох гэж байна. Төслийн зургаа дахь жүжиг болох насанд хүрэгчдэд зориулсан “Чөлөөт хос” хайрын жүжиг маань өнөөдөр 18.00 цагаас нээлтээр бэлэн боллоо. Италийн алдарт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фогийн бүтээлийг УДЭТ-ын найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьж байна. Жүжгийн гол дүрд СТА Ц.Баясгалан, театр студийн залуу жүжигчин Э.Тодгэрэл, туслах дүрд залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш нар тоглож байна.
-“Чөлөөт хос” хайрын жүжиг ямар чиглэлийн жүжиг вэ? Жүжиг хэд хоног тоглогдох вэ?
-Энэхүү жүжгийн жанер бол сарказем буюу хилэнт инээдэм гэсэн утгатай юм. Илүү тайлбарыг хүргэхэд “гунигтай инээд” гэж нэрлэдэг. “Чөлөөт хос” жүжиг өнөөдөр болон ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
-Бэсрэг жүжгийн онцлог юу вэ?
-Бэсрэг жүжгийн бусад жүжгүүдээс ялгарах нэг онцлог бол тайз багатай, уран бүтээлчид цөөхөн, богино хугацаанд үзэгчдэд хүрдэгт оршино. Тиймээс жүжигт цөөхөн жүжигчид тоглодог. Энэ удаагийн жүжигт дээр дурдсан гурван жүжигчин тоглох юм. Жүжгийн туслах найруулагчаар СТА Ч.Түвшин, зураачаар Б.Мягмарсүрэн, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр нар ажиллаж байна. Мөн “Пауз” хамтлаг, гитарчин Э.Хишигдалай, басс гитарчин Н.Мөнхбаяр зэрэг уран бүтээлчид багтсан.
-Төслийн хамгийн сүүлийн жүжиг буюу долоо дахь жүжиг ямар жүжиг байх вэ? Хэзээнээс тоглогдож эхлэх вэ?
-Энэ сарыг театрын зүгээс бэсрэг жүжгийн сар болгон зарлаж байгаа. Төслийн хүрээн дэх хамгийн сүүлийн жүжиг бол “Буруугүй буруутан” тайзнаа тоглогдох юм. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол “Буруугүй буруутан” жүжгийг театрын залуу найруулагч Э.Ёндоншарав найруулан тавих бөгөөд жүжгийн нээлт энэ сарын 24-нд болно. Энэхүү жүжиг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тоглогдоно. Тэгэхдээ 25, 26-ны өдрүүдэд өдөрт хоёр удаа тоглоод нийт тайзнаа таван удаа тайзнаа тоглогдох хуваарьтай байна. Энэ жүжгээр бэсрэг долоон жүжиг маань өндөрлөж байна.
-УДЭТ-ын тайзнаас ирэх арваннэгдүгээр сард ямар жүжгүүд тоглогдох вэ?
-Ирэх арваннэгдүгээр сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаад байна. Энэ хугацаанд “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, “Эдип хаан” болон "Атга нөж" жүжгүүд тоглогдохоор төлөвлөгдөж байна.
-Энэ сард хүүхдийн ямар жүжгүүд тоглогдох вэ?
-Цаашид театрын уран бүтээлчдийн зүгээс долоо хоногийн бүрийн бямба, ням гаригуудад хүүхдэд зориулсан жүжгийг тавих гэж байна. Энэ сард “Норовын намтар” орчин үеийн синтез хэлбэр, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хөгжилтэй, адалт явдалт хүүхдийн жүжгүүд тус тус тоглогдох юм. “Норовын намтар” жүжиг энэ сарын 11, 12, 17, 18, 25-ны өдрүүдэд 14.00 цагаас, “Онц сурлагтанууд орохыг хориглоно” жүжиг 11, 12, 18, 19-ний 11.00 цагаас тоглогдох хуваарьтай байна.
Дашрашд дурдахад, Насанд хүрэгчдэд зориулсан "Чөлөөт хос" хайрын жүжиг ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 11-12-ны 17.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм.
Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.
Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг … аж.
Ч.БОРГИЛ