Өнгөрөгч долоо хоногт Монголын залуучуудын холбоо, ШШГЕГ, “Нарантээл” ХХК-ийннхан хорих ангиудад хүмүүжигчдэд ном уншуулж, ялын хоногоос хасуулах “Номоор нээе” төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Төсөл санаачлагчдын зүгээс хүмүүжигчдийг ном уншуулж, шагналын хоног тооцох нь ялаа эдлээд нийгэмд гарсны дараа дахин давтан хэрэг үйлдэхгүй байхад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Мэдээж ном уншуулах нь олон талын ач холбогдолтой. Гэхдээ хүнд, хөнгөн ямар ч хэрэг хийсэн ном уншаад ялын хоногоосоо хасуулна гэж олон нийтэд мэдээлэх нь “хэрэг хийж болох юм байна, ном уншиж байгаад гараад ирэх юм байна” гэх мессеж өгөхвий. ШШГЕГ-ын албаны хүний ярьж буйгаар хорих ангийн номын санг шинэчлэх, шинэ төрлийн мэдлэг, мэдээлэл өгөхүйц номоор хангах зайлшгүй шаардлага байгааг дурдав. Үнэхээр тийм шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ нь шууд ялын хоногоос хасах нөхцөл болох нь учир дутагдалтай. Хүнийг онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн, бага насны хүүхэд хүчирхийлсэн, удаа дараа онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ном уншаад л засарч, гэгээрнэ гэжүү. Хэрэг хийж болно, хэрэг хийсэн ч ном уншаад ялаа хасуулчихна гэх буруу хандлагыг өсвөр, залуу үед өгч байна. Шоронд ял эдлэгсэд олноороо суллагдах нь гэх айдас хүйдэс нийгэмд төрүүлж байна. Төсөл санаачлагчид үүнийг бодолцож үзсэн үү. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 6400 орчим хүмүүжигч хорих ангиудад хүмүүждэг. Тэдний 89.98 хувь нь бичиг үсэг тайлагдсан гэхээр 5800 орчим хүмүүжигч төслийн хүрээнд ном уншаад ялын хоногоосоо хасуулах боломжтой. Тухайлбал, нэг ном уншаад шагналын таван хоног нэмэгдэх буюу ингэснээр сард хоёр ном уншсан хүмүүжигч эдлэх ялаасаа 10 хоногийг хасуулна. Жилд дээд тал нь 12 ном буюу 48 хоногийг хасч тооцуулах бололцоог ялтнуудад олгосон байна. Бага тоо мэт харагдавч цөөн жилийн хоригдох ялтай хүмүүст эдлэх ялынхаа 50 хувийг хүртэл хасуулах боломж бүрдэна. Түүнчлэн ном уншсан байдлыг шалгахдаа тест боловсруулж шалгалт авна гэж мэдээлсэн. Мэдээж хорих ангиуд дотоод журмаараа зохицуулах байх. Гэвч шударга байж чадах нь бас л эргэлзээтэй. Мөнгөтэй, танил талтай бол шоронд өөрийн гэр шигээ тухалдаг гэх шүүмжлэл байсаар л байна шүү дээ.
Нөгөө талаас хэдэн тэрбумаар нь халаасалчихаад хоёр гурван жилийн хорих ял сонссон цагаан захтнуудад ял завших боломж олгохвий. Тэдний хувьд ном унших нь хэцүү зүйл биш. Хадгаламж эзэмшигчдэд 14 тэрбумын хохирол учруулсан Д.Чимэдцэрэн 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх байсан ч таван жилийг нь биеэр эдлээд суллагдсан түүх бий. Түүнийг хорих ангийн номын санчаар ажиллуулж “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд гурван жилийг нь хасуулснаар сулласан байдаг. Тэгэхээр хөдөлмөр эрхэлсэн, сайн хүмүүжсэн, өршөөгдсөн, дээрээс нь ном уншсан үндэслэлүүдээр авлига, албан тушаалын хэргээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан цагаан захтнууд ар араасаа суллагдах нь.
Бас нэг сануулахаас өөр аргагүй зүйл бол төсөл нэрээр хэсэг бүлэг бизнесээ цэцэглүүлж байгаа юм биш биз гэх хардлага. Зөвхөн өнгөрсөн жил Хууль зүйн сайдын санаачлагаар хорих ангиудын номын санд шинэ ном худалдан авахад 10 сая төгрөг зарцуулсан гэх. Одоо ном уншиж ялын хоногоос хасуулах төслийн хүрээнд бүх хорих ангийг заавал унших номын жагсаалтад багтсан номоор хангана гэхээр багагүй хөрөнгө шаардагдах нь дамжиггүй. Үүнд хэн, ямар хяналт тавих вэ?
Хамгийн ноцтой нь ямар хуульд нийцүүлэн ном уншсан хүмүүжигчдэд шагналын хоног тооцох талаар албаныхан нэг ч үг хэлээгүй. Ном уншсан хүмүүжигчид шагналын хоног тооцно гэх заалт чухам ямар хуульд байна вэ?
С.ОТГОН