Чуулганы хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад дөнгөж сая завсарлалаа. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт эхлүүлэх юм.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэл, банкны мэргэжлийн холбоо, төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор Зээлийн батлан даалтын санд хөрөнгө хуваарилж болох эрхийг нээж өгье. Мөн хуваарилсан хөрөнгийг зөвхөн тухайн орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдгээрт батлан даалт гаргахад зарцуулагдах юм.

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд санхүүгийн эрх мэдлийг орон нутагт бүр шилжүүлэхээр Засаг дарга нь өөрийнхөө бизнесийг дэмжсэн, эсвэл өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилготой төсөл бичиж, түүнийгээ санхүүжүүлэх муу арга барил руу шилжиж байгааг бодох ёстой гэсэн шүүмжлэл энэ үеэр өрнөлөө. Үүнээс болж, татвар төлөгчдийн хөрөнгө нүдээ олсон хөрөнгө оруулалт болдоггүй дүр зураг харагдах болсон нь энэ мэт хуулийг өөрчлөөд батлаад өгөхөөр бүр замыг нь засаад өгсөн хэрэг болох юм биш үү гэх асуудал ч хөндөгдлөө.

Мөн Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг төсвөөс шийдэж өгөөд байх нь хэр зохистой вэ. Санхүүгийн хүндрэлтэй үед ийм замаар явах боломж хэр байна вэ гэдэгт гишүүд хариулт шаардав. Үүнд Сангийн сайд Ч.Улаан боломжгүй гэдэг хариулт өглөө. Уг нь Зээлийн батлан даалтын санд хөрөнгө оруулах эх үүсвэртэй газрууд бий гэнэ. Тухайлбал, Монголын банкнуудын холбоо боломжтой гэдгээ илэрхийлсэн ч Санхүүгийн зохицуулах хороо эсрэг байр суурь барьж буй аж. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэх шаардлага үүслээ гэж Сангийн сайд хэлэв. Мөн тэрээр хуулийн төслийг татах ч шаардлага үүсч болзошгүй гэснээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоож, энэ удаагийн чуулганы хуралдааныг завсарлууллаа.

Онцлоход, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 92.8 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хооронд шилжүүлсэн юм.

Төсөлд тусгаснаар Зөвшөөрлийн нэр төрлийг дотор нь гурав хуваасан юм. Онцгой, тусгай, энгийн гэж… Онцгой зөвшөөрлийг Засгийн газар, сайдын төвшинд, тусгай зөвшөөрлийг яамны эрх бүхий албан тушаалтан, энгийн зөвшөөрлийг орон нутаг олгоно. Мөн зөвшөөрлийг олгох хугацаа өөр өөр.  Тухайлбал, онцгой зөвшөөрлийн хугацаа 10 жил, тусгай зөвшөөрлийн хугацаа 15, энгийн зөвшөөрлийг хугацаагүй байхаар зааж өгчээ. Хүчингүй болгох тохиолдолд иргэний эрх чадамжгүй байсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг нь батлагдвал зөвшөөрлийг хүчингүй болгоно. Бусад тохиолдлоор хүчингүй болгохыг хориглохоор заасан байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж