Амьд эсийн доторх молекулыг тольдох микроскоп бүтээв
Молекулын түвшинд өвчний эх үүсвэрийг нарийвчлан судлах боломжийг эрдэмтдэд нээж буй асар өндөр нарийвчлалтай микроскоп бүтээсэн гурван химич эрдэмтэн лхагва гаригт Нобелийн химийн шагнал авлаа. Нобелийн химийн шагналын эзэд бол АНУ-ын эрдэмтэн Эрик Бетциг, Уильям Морнер, мөн Германы эрдэмтэн Штефан Хелль нар билээ. Тэд бие даасан судалгаануудаа 1980-аад оноос өргөжүүлж, 2000, 2006 онд судалгааныхаа үр дүнд хоёр үндсэн техникийг танилцуулсан юм. Үүнээс өмнө бүр 1873 онд эсийн хэмжээг гэрлийн микроскопоор илрүүлж болох тухай онол гарсан байдаг. Нобелийн шагналын хорооны гишүүн “15 жилийн өмнө молекулын түвшинд харах микроскопын тухай онол боломжгүй зүйл гэгдэж байлаа” хэмээгээд эрдэмтдийг уг бүтээлээрээ “хувьсгал” хийлээ гэсэн байна. Энэхүү гэрлийн микроскоп нь эсийг тольдох цонх нээж байгаа аж. Гэвч эрдэмтдэд урьд нь ийм боломж байгаагүй юм. Харин гэрлийн микроскопын тусламжтайгаар амьд эсийн доторх молекул бүрийн зан авир болон молекул хоорондоо хэрхэн харилцан нөлөөлж буйг судлах боломжтой болжээ. Одоо гэрлийн микроскопын тусламжтайгаар Паркинсон, Альцхаймерын өвчнүүдийг молекулын түвшинд судлахад нээлттэй болж байгаа юм. Эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар эсийг судалж байгаа хэдий ч уг төхөөрөмжийг амьд эсийг судлах үед ашиглах боломжгүй юм байна. Нобелийн шагналт эрдэмтэн Бетциг “Амьдрал гэдэг хөдөлгөөнд оршдог учраас амьд эсийг судлах зайлшгүй шаардлага бий. Өвчин гэдэг эцсийн эцэст эсийн үйл ажиллагааны хямралаас үүдэлтэй. Тиймээс өвчин юунаас үүссэнийг ойлгохын тулд эсийг эхлээд судлах ёстой” хэмээсэн юм. Энэ жилийн Нобелийн шагналын давалгаа даваа гаригт Их Британийн эрдэмтэн Жон О`Кифе, Норвегийн эрдэмтэн Мэй-Брит Мозер болон Эдвард Мозер нарын хамт уураг тархины судалгааны ажлаар Нобелийн анагаах ухааны шагналын эзэд болсон. Мягмар гаригт Японы эрдэмтэн Исаму Акасаки болон АНУ-ын эрдэмтэн Шужи Накамура нар LED технологийн хамгийн сүүлийн үеийн ололт болох цэнхэр гэрлийн диод бүтээлээр Нобелийн физикийн шагналын эзэд боллоо. Харин пүрэв гаригт Францын зохиолч, “Манай үеийн Марсель Фруст” зохиолоор нь овоглодог Патрик Модиано Нобелийн уран зохиолын шагналын эзэн болжээ. Нобелийн энхтайвны шагналын эзэн өнөөдөр тодрох бол Нобелийн эдийн засгийн шагналын эзнийг ирэх даваа гаригт нэрлэх юм байна.
Улаан сар гарав
Аравдугаар сарын 8-ны өдөр тохиосон сарны хиртэлт Ази тивд үдэш, харин Америкийн зарим нутагт эртэч шувуухайнууд олж харж чадсан байна. Харин зарим азтай нь сарыг улаан шаргал тэгснээ цусан улаан болохыг олж харжээ. Сар цусан улаан өнгөтэй болж харагдсан нь нарын гэрэл дэлхийн агаар мандалд сарнисантай холбоотой аж. Лхагва гаригт сар хиртэх үед Австралийн Канберрад маш жижигхэн хирнээ тод улаан шаргал өнгөтэй харагдсан талаар нутгийн иргэд мэдээлжээ. Харин Японд сар хиртэх үед цэлмэг байсан тэнгэр гэнэт үүлшсэн байна. Токиогийн зарим иргэд өндөр барилгын дээр гарч энэ үзэгдлийг харсан бөгөөд үүл арилахад сар зэвтэй хүрэн өнгөтэй мэт харагдсан гэнэ.
Нохойг аварч чадсангүй
Лхагва гаригт Испанид эбола вирусын халдвараар нас барсан сувилагчийн нохойг устгасан явдал хамгийн их шуугиан дэгдээв. Мадрид хотын захын хорооллын иргэд нохойг устгахыг эсэргүүцэн “Алуурчид” хэмээн хашгирч байв. Лхагва гаригийн үдэш хөөрхий нохойг аврах хөдөлгөөн цахим ертөнцөөр хүрээгээ тэлж, хэдэн зуун мянган хүний гарын үсгийг цуглуулж чадсан байна. Гэвч цахим ертөнцийн хөдөлгөөн үр дүнд хүрээгүй бөгөөд Испанийн эрүүл мэндийн ажилтнууд нохойг хэдийн устгасан гэдгийг мэдэгдсэн юм.
Экскалибур хэмээх нохойг аврах хөдөлгөөн түүний эзэн сувилагч бүсгүйг нас барны дараа тусгаарлалтад байгаа нөхөр нь радио нэвтрүүлгээр нохойг нь аврахад тусламж хүссэнээр энэ бүхэн эхэлсэн байна. Тэрээр Сьерра Леоноос ирсэн өвчтөнийг сувилж байжээ. Испанийн шүүх нохой халдвар авсан эсэхийг үл харгалзан, вирусын халдвар тархах эрсдэлтэй гэж үзэж, нохойг устгах шийдвэр гаргасан юм.
Хойд Солонгосын удирдагчид юу тохиолдсон бэ?
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн талаарх таамаг сэжиг хөвөрч байна. Ким Чен Ун хамгийн сүүлд олон нийтэд харагдсанаасаа хойш 34 хоног ямар ч сураг чимээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд хэвлэлүүд ч зүгээр суусангүй. Түүнийг хачирхалтайгаар “алга болсноос” хойш анх удаа өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв телевиз их удирдагчийн эрүүл мэнд таагүй байгаа талаар мэдээлжээ. Уг мэдээгээр мөн түүний эцэг 2011 онд зүрхний шигдээсээр нас барахаас өмнө зүрх судасны өвчнөөр олон жил эмчлүүлж байсныг дурдсан байна. Ким Чен Ун эрүүл чийрэг хүн бас биш гэнэ. Тиймээс түүнийг зүрхний шигдээс эсвэл чихрийн шижин туссан хэмээн хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Өөр нэг таамаг нь түүнийг ясны сийрэгжилттэй гэх таамаг юм. Өнгөрсөн долдугаар сард түүнийг телевизээр гарахдаа илт доголж байсан бөгөөд түүнээс хойш удалгүй Ким Чен Ун шагайн мэс засалд орсон тухай мэдээлсэн юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар Ким Чен Ун эмчилгээ хийлгэхээр гадаад руу гарах магадлал тун бага гэнэ. Учир нь 2008 онд тус улс их удирдагчаа эмчлүүлэхээр Фарисаас мэдрэлийн мэс засалч Франсуа Хавиер Роуг урьж авчирч байжээ. Хэвлэлүүд Ким Чен Унаас гадна түүний нууцлаг эхнэр хаачсаныг “мөшгиж” эхэлжээ. Ким Чен Ун Ли Соль Чу нар сүүлийн таван жил хамт байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас хойш тэрээр олны өмнө харагдаагүй гэнэ. Нэг охинтой Ли Соль Чуг өнгөрсөн жил хөл хүнд болсон тухай мэдээлэл гарсан ч шинэ хүн мэндэлсэн тухай огт мэдээлээгүй билээ.
Ким Чен Уны хачирхалтайгаар алга болсныг тайлбарлах өөр нэг таамаг нь төрийн эргэлт юм. Гэвч ажиглагчдын хэлж буйгаар тус улсад цус асгаруулсан төрийн эргэлт гарсан байлаа ч дэлхий нийт үүнийг хэзээ ч олж мэдэж чадахгүй аж. Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгост гэнэтийн айлчлал хийсэн нь Хойд Солонгосын цэргийнхэний дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байж болзошгүй гэдэг сэжиг төрүүлж эхэлжээ. Учир нь Хойд Солонгост Ким Чен Уны дараа орох хоёрдугаар хүн болох дэд маршал Hwang Pyong-so Өмнөдөд сүүлийн таван жилд анх удаа томоохон айлчлал хийсэн байна.
Хойд Солонгос их удирдагчийнхаа талаар амьд сэрүүн, эрүүл саруул хэвээрээ гэсэн мэдэгдэл хийнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Хэрэв Ким Чен Ун өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Хөдөлмөрийн намын 69 жилийн ойн арга хэмжээнд очихгүй, олны өмнө гарч ирэхгүй бол тус улсын удирдагчид ямар нэг зүйл тохиолдсон нь гарцаагүй болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Н.ЭНХТУЯА