&#34Усан онгоц үзээгүй хүүхдүүд олимпод зодоглосон &#34

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

&#34Усан онгоц үзээгүй хүүхдүүд олимпод зодоглосон &#34

Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа. Зочин маань Монгол Улсаа  төлөөлж 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон, 1968 оны Мехикогийн олимпоос анхны медалийг авчирсан хүндтэй бас түүхтэй эрхэм билээ. Тэрээр Токиогийн олимпийн 50 жилийн ойд уригдаж Япон улсыг зорихын өмнө амжиж уулзсан юм.

-Монгол хүн, Монгол Улс анх удаа олимпод оролцсоноос хойш хагас зуун жил өнгөрчээ. Тэр баярт мөчийг өнөөдөр эргэн дурсахад танд ямар сэтгэгдэл төрж байна?

– Цаг хугацаа хурдан өнгөрөх юм. Одоогоос 50 жилийн өмнө бид 19, 20 настай байхдаа  Монголоо төлөөлж олим­пийн наадамд явж байлаа. Олимпийн тухай төсөөлөл бидэнд байгаагүй.

Олимпийн өмнө  Болгар, Германд хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнээс медаль авсан залуусыг Токио явуулсан юм.  Анхны тэр олимпод манай улс чөлөөт бөхөөс гадна буудлага, дугуй, хөнгөн атлетик, гимнастик гэсэн таван төрөлд 30 гаруй тамирчин оролцсон. Эндээс олимпод очихын тулд ЗХУ-ын /тэр үеийн нэрээр/  нутгаар дамжин усан онгоцонд сууж Японд хүрч байлаа. Усан онгоц үзээгүй талын Монголын хүүхдүүд тэр хөлгөөр нэг өдөр, шөнө явж, гайхан биширч явсан. Очсон хойноо олимпийн хотхон гэдэг толгой эргэм  том газарт олон орны залуустай хамт байрласан. Үзэл суртлын хувьд  капиталист оронд болж байгаа учраас социалист орны залуус тухайн орныг магтах эрхгүй. Бидэнтэй хамт НАХЯ-наас олон хүн тийшээ очсон. Олимпийн тосгон үнэхээр гайхамшигтай санагдаж байлаа.

Бид унадаг дугуй унах бүү хэл зарим нь үзээгүй. Ж.Мөнхбат аварга,  Б.Санжаа /жижиг Санжаа гэгддэг/  бид хэд  тэнд долоо хоног ноцолдож байж дугуй унаж сураад ирж байсан юм. Олимпийн тосгонд унадаг дугуй дүүрэн. Нэг газраас унаж  яваад дэлгүүрийн үүдэнд орхиход дахиад өөр хүн унаад цааш явах жишээтэй. Өөрөөр хэлбэл, унадаг дугуй тэнд нийтийн тээврийн унаа болохыг хараад хачирхан гайхаж явсан. Энэ мэт яриад байвал сонирхолтой  бас инээд хүрмээр  дурсамж  маш олон. Тэр тухай өнөөдөр эргээд дурсахад  саяхан болсон юм шиг  тодхон санагдаж байна.

-Дараагийн олимп, тухайлбал Мехикогийн наадамд манайхан нэлээд туршлагажиж очсон байх. Анхны олимпийн медалийг авчирсан  тухайгаа дурсахгүй юу?

-Токиогийн олимпийг бодвол Мехикод туршлагатай очсон. Бэлтгэл сургуулилтаа ч сайтар базааж, бөхчүүдийн талаар ч гайгүй мэддэг болсон байсан. Тухайн үед ЗХУ-аас өндөр мэргэжлийн багш нарыг урьж ажилуулж байсан юм. Бидний анхны багш  нар болох гавьяат багш О.Цэрэндагва, С.Магсар тэргүүтэй дасгалжуулагчид нэлээд туршлагатай болсон үе. Түүний зэрэгцээ Токиогийн олимпийн дараа гадаад арга хэмжээ нэлээд нэмэгдэж, Оросын бөхчүүд манайд уулзалт тэмцээн зохион байгуулдаг, бусад улс орон руу жилдээ 2-3 удаа хамтарсан бэлтгэл хийдэг болсон юм. Ингээд 1968 онд  дараагийн олимпдоо  Мексикийн Мехикод  очсон.

Тийшээ очихын өмнө гурван ч дэлхийн аваргын тэмцээнд оролцоод үзчихсэн байлаа. 1967 онд Мөөеө аварга Энэтхэгийн Делигээс дэлхийн аваргын медаль авчихсан, шагналт байрт Д.Ганзориг орж, ямар ч байсан бид дэлхийн бөхчүүдтэй чөлөөтөөр барилдаж болох юм байна гэсэн урьдчилсан зургаа гаргаж, өөрсдийн байр сууриа олсон байлаа. Тиймээс  бүгдээрээ  олимпоос медаль авахын төлөө зорилго тавьж очсон. Монголын спортын түүхэнд олимпийн анхны дөрвөн медаль авч, Монгол гэж улс дэлхийд байдгийг мэдрүүлж байлаа. Биднийг медаль авахад Монгол гэж улс байдгийг зарим нь мэдэхгүй байсан. Медаль аваад төрийн дууллаа эгшиглүүлэхэд биднээс “Хаанахын Монгол вэ”, “Оросын Монгол уу, Хятадын Монгол уу” гэхчлэн асуусан удаатай. Миний хувьд хамгийн хөнгөн жингийн бөх, аль ч тэмцээний салхийг хагалж байдаг .

52 кг-ын жинд эхэлж медаль авснаараа бусад бөхчүүдээ медальд хүрэхэд сэтгэл санааны асар их дэмжлэг болсон гэж боддог. Бид дөрвүүлээ  финалд үлдсэн байсан. Намайг медалиа авахаар гарахад манай гурав  бэлтгэлийн танхмид бие халаалтаа хийж “За чи нэг юм авчих, чамайг авчихаар бид дагаж авна шүү” гэж байлаа. Миний дараа нөгөө гурав маань гурвуулаа медаль авсан.  Ж.Мөнхбат аварга мөнгө, Д.Сэрээтэр гавьяат, Т.Артаг хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд багаараа анх удаа дэлхийд дөрөвт орж байсан  юм. Тэнд хамгийн олон медаль авсан нь манай улс дөрөв, Болгар дөрвөн медаль хүртсэн.  ЗХУ, Иран, АНУ тус бүр гурав, гурван медаль  хүртсэн ч чанарын хувьд биднээс илүү бүгд алтан медаль авсан.

-Хүрэл медаль хүрт­сэн тэр олимпод танд меда­лийнхаа өнгийг хувир­гах боломж байсан уу?

-Боломж асар их байсан. Гэхдээ манайх шүүгчгүй, нөгөөтэйгүүр Монгол Улсыг хэн ч танихгүй, мэдэхгүй тохиолдолд гуравдугаар тойрогтоо ялагдал хүлээсэн. Буруу барьц авсан гээд цэвэр ялагдал өгсөн, тухайн үеийн шүүлт шагналын зургаан оноотой, нэг удаа оноогоор ялагдахад нэг оноо хасах дүрэмтэй. Цэвэр ялагдал авсны дараа би гурван тойрог ялж байж медалийн болзол хангасан. Финалд олимп, дэлхийн аварга Японы бөх Наката, дэлхийн аварга, АНУ-ын бөх Сандрстай гурвуул үлдсэн. Тойргоор барилдахад би АНУ-ын бөхтэй тэнцэж, Японд ялагдсан юм.

-Одоо Токиогийн олимпийн тухай яриандаа эргэж оръё. 50 жилийн өмнө та тэнд барилдаж байсан. Одоо 50 жилийн дараа   очих гэж байна.  Нэг жинд хүч үзэж байсан нөхдүүд чинь тэнд очих байх. Тэдэнтэйгээ өнгөрсөн хугацаанд хэр холбоотой байв?

-1964 оноос хойш 2000 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг дахиж аваад олимпийн сонгон шалгаруулах тэмцээн Токиод болоход бөхчүүдтэйгээ хамт  очиж байлаа. Одоо гурав дахь удаагаа очих гэж байна. Олимпийн хорооноос тийш очих онгоцны тасалбар болон  тэнд байх бүх зардлыг даасныг Д.Загдсүрэн Ерөнхийлөгч маань гардуулж өгсөн. Мэдээж 50 жилийн дараа  тэнд очих гэж байгаадаа, Токиогийн олимпийн хагас зуун жилийн ойн баярт уригдсандаа маш их баярлаж, сэтгэл догдолж байна. Нэгэн үед гарч ирж, олимп, дэлхийн дэвжээнд хүч үзэж явсан жингийн бөхчүүдтэйгээ холбоотой байдаг. Зарим нь нас өндөр болсон. Бурхны оронд явсан нь ч бас байна. Монголоос бол  ганцаараа явах юм билээ.

-Ингэхэд та тамирчнаар  болон дасгалжуулагчаар нийт хэдэн олимпод оролцов. Сэтгэлээс гардаггүй  олимп гэвэл алийг нь нэрлэх бол?

-50 жилийн хуга­цаанд олимпод гурван удаа тамирчнаар, дасгал­жуулагчаар мөн гурван удаа оролцсон. Анх удаа оролцсон  учраас Токио­гийн олимп сэтгэлд ойрхон санагддаг. Мэдээж анхны  медалиа  авсан болохоор Мексикийн Мехикогийн олимпийг  сайхан болсон гэж боддог. Хамгийн сүүлд 2004 онд Афины олимпод очсон. Дэлхийн  анхны олимп 1896 онд тэнд болж байсан. Тиймээс анхны олимпийн өлгий нутагт очсон минь түүхтэй, сонирхолтой, дурсамжтай санагдсан. Анхны олимпийг явуулж байсан туурь балгас тэнд түүх болж үлдсэн байдаг юм.

-Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох гуай таны дүү. Та дүүтэйгээ хамт  хэчнээн олимпод оролцсон бол. Нэг айлын хөвгүүд, ах дүү хоёр их спортод  амжилт гаргана гэдэг бас  ховорхон аз завшаан  байх? 

-Бид хоёр таван удаа хамтдаа олимпод очсон байдаг юм. 1980 оны Москвагийн зуны олимпод  хамт очсон.Мөн  2000, 2004 онд хамт явсан. Тэр бол хоёулаа дасгалжуулагч болчихсон үе л дээ.

-Та олон шавьтай. Одоо шавь нарын шавь нараас сайн тамирчин, дасгалжуулагч нар гарч ирж, тив, дэлхийд нэрээ дуурсгаж байна. Олимп, дэлхийн наадмаас хэчнээн хүн медаль хүртсэн бол?

-Түүх сөхвөл миний шавь нараас тив,  дэлхийн наадмаас медаль авсан 10 гаруй бөх бий. Тэр дотроос яг миний гарын шавь гэвэл, намайг “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч байх үед хамгийн анх Д.Оюунболд маань дэлхий, олимпийн хос медальтан болж байлаа. Харамсалтай нь ид  насандаа, олон сайхан шавь нараа бэлдэж байх үедээ 2001 онд бурхны оронд явсан. Миний шавь нараас гавьяат тамирчин Б.Болд, Н.Бүргэдаа, З.Дүвчин, А.Энхээ, Л.Энхбаяр гээд олон бөх бий. Сүүлийн үеийнхнээс О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нарын олон залуус  тив, дэлхийн медаль авсан. Монголын олон сайхан аварга, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нар манай чөлөөт бөхийн дэвжээнээс гараагаа эхэлж, үндэсний бөхөд нэр алдраа дуурсгаж, монгол түмний хайртай аваргууд болсон.

-Отгон шавь нар гэвэл аварга Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр нарын хүүхдүүд таны гар дээр бэлтгэл хийж байгаа гэж дуулдсан?

-Хэдэн хүүхэд бий. Д.Сумъяабазарыг тавдугаар ангийн хүүхэд байхад аав нь хөтлөөд ирж байлаа. Бид бөхийн дэвжээнд арав гаруй жил хамт явж зовлон, жаргалаа хуваалцаж явсан. Монгол Улсын Их хурлын гишүүн болсон шавьдаа баярладаг. Б.Болд, Х.Баттуул гээд  олон сайхан шавь нар бий. Сүүлийн үед А.Энхээ, Ц.Цогтбаяр хоёр маань хүүхэд, залуусыг сайн дасгалжуулж байна. Аль аль нь шигшээ багт тамирчин байсан. Ц.Цогтбаяр маань шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг авч, эрэгтэй бөхчүүдийн амжилтыг ахиулахын төлөө сайн ажиллаж байна.Б.Сүхбаатар, З.Дүвчин нар эмэгтэй бөхчүүдээ хөгжүүлэхийн төлөө ихээхэн чармайж байгаа. Шавь нар маань миний санаанд хүрэх хэмжээнд ажиллаж байгаад багшийн хувьд талархаж явдаг.

-Их спортын тулганы захаас өнөөдөр хойморт нь ирсэн  спортын замнал, хөгжил, ололт амжилтыг хэрхэн дүгнэж байна?

-Амьдрал баян шүү дээ. Тамирчин бид зах зээлийн хүнд үед ихээхэн зовлон бэрхшээл туулж олимп, дэлхийд оролцож байсан. 2000 он хүртэл дэлхий, олимпийн  тэмцээнд явахад тамирчдын зардал, хоолны мөнгө олдохгүй, хэдэн хүүхдээ дагуулан пүүс компанийн үүдийг сахиж явлаа. 2005 оноос хойш улс орны эдийн засаг сэргэж, төр засгаас их спортод хөрөнгө оруулснаар тамирчдын амжилт ахиж, Бээжингийн олимпоос анхны аваргууд төрсөн нь ахмад үеийн бидэнд дахиад нэг нар гарах шиг сайхан үйл явдал болсон. Биднээс хойшх 40 жилийн хугацаанд олимпийн аваргатай болох гэж Монгол Улс олон жил хүсч мөрөөдсөн. Энэ мөрөөдлийг 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёр маань биелүүлж, монгол түмнээ баярлуулсан.

-Эцэг спорт гэгддэг чөлөөт бөхөөс яагаад олимпийн аварга гарахгүй байна вэ?

-Чөлөөт бөхчүүд олимпоос есөн медаль хүртсэн байдаг юм. Дөрвөн мөнгө, таван хүрэл. Дэлхийн аваргаас 40 гаруй медаль хүртсэн. Манай чөлөөт бөх монголчуудын хамгийн хайртай спорт. Шавь нараас маань ойрын үед олимпийн аварга гарах болов уу гэсэн найдлага бий. Хүлээж байна. Ахмад болон залуу тамирчдын нийгмийн асуудлыг шийдэж  Төрийн тэргүүн зоригтой алхам хийсэн. Олимп, дэлхийн медальтнууд сар болгон урамшуулал авдаг болсон. Өнөөдөр манай Ц.Нацагдорж гавьяат бид хоёр хэдийгээр 70 нас хүрч байгаа ч гэсэн ганц сайн бөх гаргаж өгөхсөн гээд залуусыг цуглуулж байнгын бэлтгэл хийж байна. 30 хүүхдээс гурван сайн бөх гарах байх, бусад нь Монгол Улсын  төлөвшсөн иргэн болж нийгэмдээ ихийг бүтээвэл бидний үүрэг биеллээ гэж бодож зүтгэж явна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж