Уран зохиолын Нобель эзнээ оллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Уран зохиолын Нобель эзнээ оллоо

Шведийн академи уран зохиолын салбарын 2014 оны шагналтанг зарлалаа.  Энэ жилийн шагналыг Францын зохиолч Патрик Модиано авлаа. Тэрээр 1945 онд төрсөн ба зохиолч, кино зохиолч хүн юм. Модианогийн анхны роман “Одын талбай” 1968 онд хэвлэгдэн гараад шууд л түүнд алдар нэр авчирчээ. Түүний бараг бүх бүтээл нь өөрийн намтрын чиглэл ба Францыг дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистууд эзлэж байсан үеийн сэдэвтэй. Баатрууд нь өөрийгөө танин мэдэхийн тулд өнгөрсөн үеэ үзэж, үндэс суурийг нь хайсан хүмүүс юм.

Өнгөрсөн онд “орчин үеийн өгүүллийн мастер” гэгдэн Нобелийн хорооны дагалдах захидалд нэрлэгдсэн Канадын зохиолч, эмэгтэй Элис Манро авсан билээ.

Уран зохиолын Нобелийн хороо шагналтны нэрийг зарлах хүртлээ нууцалдаг. Нэр дэвшигчдийг тэд ярилцан шийдэхдээ жинхэнэ нэр овгоор нь биш нууц нэрээр  нь авч хэлэлцдэг ажээ. Жишээлбэл, өмнөх хэлэлцүүлэгт Английн зохиолч Гарольд Пинтерийг Гарри Поттер, франц  Жан-Мари Густав Леклезьо -г Шатобриан гэсэн нууц нэрээр нэрлэсэн байна.

Номинацитуудыг хэрхэн сонгодог вэ?

Энэ нэр хүндтэй номинацид нэр дэвшигчдийг Шведийн академийн гишүүд, бусад орнуудын ийм байгууллагын гишүүд болон уран зохиол, хэл зүйн профессорууд мөн өмнөх шагналтнууд нь дэвшүүлэх эрхтэй.

Жил бүрийн аравдугаар сард академи бусад орнуудын эрх бүхий хүмүүст уран зохиолын шагналтныг тодруулахад урьсан 600-700 урилгыг илгээдэг. Түүнийг нь нэгдүгээр сарын 31 гэхэд гүйцээх ёстой бөгөөд Шведийн академи хаврын турш 20 шилдэг зохиолчийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Зун нь академийн гишүүд  тэдний уран бүтээлтэй танилцах ба намар нь дахин ярилцаад таван хүнийг жагсаалдаа үлдээнэ. Шагналтанг зарлахаас бүтэн хагас цагийн өмнө шинэ эзнийг санал хураалтаар тодруулдаг аж. 

Нэр дэвшигчдийн бүх жагсаалтыг 50 жилийн дараа ил болгодог. Баримтуудыг Шведийн нийслэлийн хуучин төвийн Стокгольмын биржийн байран дахь академийн архиваас үзэж болно. Жишээлбэл уран зохиолын анхны Нобелийг 1901 онд авсан франц яруу найрагч бөгөөд эссечин Сюлли-Прюдомыг хэлэлцэхэд ихээхэн өөр өөр санаатай байсан болж таарлаа. Вант улсын зохиолч Сельма Лагерлёф зураач Андерс Цорн нарын уран бүтээлчдийн бүлэг тэр шагналын эсрэг байжээ.

Хэнийг шагнал авна гэж байв

Букмекерийн конторуд 11 жилийн өмнөөс уран зохиолын салбарын бооцоог явуулж иржээ. Мөрийтэй тоглоомын хорхойтнууд нийт найман удаа шагналтнуудыг таан мөнгө хожиж байжээ. Энэ жилийн хувьд олны анхааралд япон зохиолч Харуки Мураками (ялах магадлалын бооцоо нь 4-1), Кенийн зүүнтэн зохиолч Нгуги Ва Тхионго (5-1) нар байсан.

Байнга нэр нь дэвшдэг ч амжилттай байдаггүй Сирийн яруу найрагч Адонис (16-1), сүүлийн 14 жил нутагтаа амьдраагүй Белорусийн зохиолч эмэгтэй Светлана Алексиевич (16-1) нар жагсаалтад бичигдсэн байна.

Боб Диланы нэр байгаа ч бооцоо нь 50-1. Салман Рушди бас тийм тооцоотой байгаа. Гарри Потерийн эх Жоан Роулинг ялах магадлал нь маш бага, 150-1 гэсэн таавар гарчээ.

Уран зохиолын Нобелийг Азийн зохилчид 6 удаа, Латин Америк, Африк, Хойд Америкийн төлөөлөгч нар 12 удаа Европын зохиолчид 83 удаа, Австралиас нэг хүн тус тус авч байжээ. Шагналтнуудын 11 нь эмэгтэй хүн юм. Шагналтнуудаас 24 нь англи хэлээр, 13 нь франц хэлээр, 11 нь герман хэлээр, долоо нь шведээр, тав нь оросоор, нэг нь хятад хэлээр зохиолоо бичдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж