Цэцийн дүгнэлтийг няцааж, 6.4 сая еврогийн зээлийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг няцааж, 6.4 сая еврогийн зээлийг дэмжив

УИХ пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс зургааг нь шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.00 цагийн орчимд эхэлсэн юм. Хуралдаанд оролцох ёстой 76 гишүүнээс 53.9 хувь нь хүрэлцэн ирсэн байлаа.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Эл асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн байлаа. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүдийн 67.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Нэрийг нь өөрчлөх даалгавар авав

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцээд гишүүдийн 61.4 хувийн саналаар соёрхон баталлаа.

Конвенцийн үндсэн агуулга нь төр хууль бусаар иргэнээ баривчлах, саатуулах, мөн иргэнийг барьцаалах, хулгайлах зэргээр хүний эрхийг хязгаарлахын эсрэг олон улсын конвенцид нэгдэж байгаагаа баталгаажуулж буй аж. Монгол Улс эл конвенцид нэгдэн орсноор иргэн нь гадаадад сураггүй болоход эрж хайх, амиа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд эрх зүйн туслалцаа өгөх, хохирсон иргэнийхээ асуудлыг шийдэх гол механизм болох юм байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд конвенцийг “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенци” хэмээн монгол хэлнээ буулгасан нь оновчгүй байна хэмээн шүүмжилж, нэр томъёог илүү оновчтой болгохыг Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамныханд үүрэг болгов. Мөн гишүүд Хууль зүйн яам асуудлыг оруулж ирэхдээ нэр томъёонд нь анхаарсангүй хэмээн шүүмжилж, хариуд нь орчуулга нь 2007 онд хийгдсэн байсан гэх тайлбар сонсоход хүрсэн юм. Монгол Улс 2007 оноос эхлэн конвенцийг батлахаар болж, орчуулга хийсэн ч гурван парламент дамжиж, мөн 10 гаруй сайдын гар дамжсаар эцэст нь өнөөдрийн УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаж байгаа нь энэ ажээ.

Ховдод 6.4 сая еврогийн санхүүжилттэй төсөл хэрэгжинэ

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газрын хооронд 2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Нийт 6.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэжээ. Уг төслийн үр дүнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга зэрэг Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаар эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирч Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 300 мянган иргэдэд үйлчлэх боломжтой болох гэнэ. Мөн уг төв нь бусад бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн төв эмнэлгүүдтэй телемедициний сүлжээгээр холбогдож, эмчилгээ, оношилгооны үр дүн сайжрах нөхцөл бүрдэх юм байна. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өрийн хэмжээг нэмэгдүүлэх тул болгоомжтой хандах ёстой” гэв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улсын гаднаас авч байгаа зээлүүд  таван жилийн хугацаатай, доод тал нь жилийн 5-8 хувийн хүүтэй байгаа. Хэрвээ бид одоо гаднаас арилжааны зээл авбал жилийн 10 хувь буюу өндөр хүүтэй зээл авна. Харин "Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл"-ийн зээлийн тухайд 30 жилийн хугацаатай, ямар ч хүү байхгүй. Зориулалт нь хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Өнөөдөр манай улсын ард иргэд нийслэлийг зорин ирж эмчлүүлдэг. Боломжтой нь гадагшаа явдаг. Улсын нэг, гуравдугаар эмнэлэгт өвчнөө оношлуулж, биеэ эмлчлүүлэх гэж хүн багтах, хөл гишгэх зайгүй хөдөө гадаанаас ирж дугаарладаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд өмнө нь зүүн бүсийн Дорнод  аймагт оношлогоо эмчилгээний төв байгуулах ийм төсөл амжилттай хэрэгжсэн. Улаанбаатараас хамгийн их алслагдсан Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 300 мянган иргэн биеэ эмчлүүлж оношлуулахаар нийслэл рүү явахын оронд бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шууд очвол онгоцоор нисэх 700 мянга, машинаар явах 200 мянган төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Онгоцоор гурван цаг нисч, машинаар бүтэн хоёр хонож байж нийслэлд ирдэг. Тэгэхээр 1400 км-ийн цаадах Увсаас Улаанбаатарт ирж эмчлүүлэх үү, эсвэл Ховд аймаг руу 200 км явж 20 мянган төгрөгийн зардал гаргах уу гэдгийн аль нь ард иргэдэд хэрэгтэй вэ. Тийм болохоор баруун бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндэд хэрэгтэй төсөл учраас дэмжих ёстой” гэсэн юм. Мөн түүний хэлснээр төслийн  90 орчим хувь тоног төхөөрөмж, сургалтад зарцуулагдах тул тэр хэмжээний хөрөнгө оруулалт Монголдоо үлдэх боломжтой ажээ. Ингээд санал хураахад гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн юм.

Эрүүл мэндийн албан журмын даатгалын төсөл дэмжигдэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар батлав. Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 85.7 хувь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Төслийн үзэл баримтлалтын тухайд, иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар зааж өгчээ. Мөн даатгуулагч 14 төрлийн үйлчилгээ авах боломжтой болгож, одоогийн авч буй үйлчилгээний нэр төрлийг олшруулсан юм байна. Нөгөө талдаа гэр бүлийн иргэд даатгалын үйлчилгээгээ бусдад шилжүүлэх бололцоог хууль эрх зүйн хүрээнд хангаж өгч буй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ түүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн юм. Эцэст нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсч, маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсноор энэ удаагийн чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж