Элчин сайд О.Энхцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Элчин сайд О.Энхцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх бүгд хуралдаан дээр манай төлөөлөгч Элчин сайд О.Энхцэцэг үг хэлэв.   

2015 оноос хойших хөгжлийн зорилгуудыг тодорхойлох цаг хаяанд ирээд байгаа энэ үед дэлхийн улс орнуудад нийгмийн хөгжлийн асуудал тулгамдсан хэвээр байгааг НҮБ-ын ЕНБД-ын илтгэлд дурджээ.

Ард иргэдийг чадавхжуулах, боловсролыг нэмэгдүүлэх, залуус, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүл зэрэг нийгмийн анги бүлгүүдийн асуудлыг шийдвэрлэх зэргээр нийгмийн хөгжлийн асуудлыг олон талаас хөндөж ярьсан уг бүгд хуралдаан дээр манай төлөөлөгч Монгол Улсад шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсролын чанар ба хүртээмжийг сайжруулах талаар авч буй бодлого, арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулав.

Тухайлбал, шууд ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн Иргэний танхим, Иргэдээ сонсох 11-11 төвийн үйл ажиллагаа,  Төрийн үйлчилгээний цахим машин буюу "ТҮЦ" машины ашиглалт зэргийг цохон дурдсаны зэрэгцээ орон нутгийн төсвийн захиран зарцуулалтад ард иргэдийн оролцоог  нэмэгдүүлж буй туршлагаас хуваалцав. Тэрээр цааш үүрэн утас ба интернэт хэрэглээ, радио телевизийн дижитал систем зэрэг орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил нь нь төрийн үйлчилгээнд чанарын ахиц дэвшил авчирч буйг цохон дурдав.

Мөн Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдэж буй ажлууд, түүний дотор шинээр бий болгож буй ажлын байрууд, 40-өөс дээш насны хүмүүс, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын зэрэг тодорхой бүлгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд, мэргэжлийн сургалтуудын талаар танилцууллаа.

Илтгэгч үгийнхээ төгсгөлд Монгол Улсад нийгмийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжиж чамгүй амжилт олж байгаа боловч боловсрол, хүний хөгжлийг олон чиглэлээр жигд, тууштай дэмжиж чадавхийг бүрдүүлэх, ажил эрхлэлтийг тооны хувьд нэмэгдүүлэх төдийгүй чанарын хувьд сайжруулах зэрэг сорилт бэрхшээлийг даван туулахад гишүүн орнуудтай хамтран ажиллах, туршлага судлах хэрэгцээ байгааг  тэмдэглэсэн болно.    

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж