НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны ерөнхий шүүмжлэлд оролцож, олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.  

Тэрээр олон улсын аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээрх нэг чухал зорилтоо гэж үзэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв. Тиймээс Цөмийн зэвсгийг устгах олон улсын өдрийг тэмдэглэх хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 26-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх Сайд нарын 7 дугаар уулзалтын үр дүнг сайшааж, уулзалтаас баталсан Сайд нарын Мэдэгдэлд Монгол Улс нэгдсэнийг мэдэгдэв.

Түүнчлэн цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээрх яриа хэлэлцээг урагшлуулах, итгэлцлийг бэхжүүлэх нь нэн чухал гэдгийг дурдаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2015 оны Бага хурал үр дүнтэй болж тодорхой ахиц гарна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс 2015 онд Зэвсэг хураах бага хурлыг даргалах болсныг Байнгын төлөөлөгч О.Оч мэдээлж, яриа хэлэлцээг гацаанаас гаргахын төлөө гишүүн орнууд улс төрийн зоримог алхам хийж, үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, цөмийн зэвсэггүй бүсүүдийн асуудлаар цогц судалгаа хийх тухай зэрэг асуудлаар Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд 2 тогтоолын төсөл танилцуулахаар ажиллаж буйг дурдаж, тэдгээр тогтоолын төслийг дэмжиж, хамтран ажиллахыг гишүүн орнуудад уриалав.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж