Үнс, нурмаа ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Үнс, нурмаа ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаа талбайд “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг ОБЕГ, НОБГ-аас зохион байгууллаа. Өдөрлөгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Л.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөгийн үеэр гал гарсан тохиолдолд аврагчид хэрхэн ажилладаг болон иргэд амь насаа хэрхэн хамгаалах талаар үзүүлэх сургалтыг хийсэн. Мөн газар хөдлөлтийн үеийн доргилтын чичиргээг өдөрлөгт оролцсон иргэдэд мэдрүүлж, шатсан авто машинаас иргэнийг хэрхэн аварч, яаж ажилладаг талаар үзүүлэх сургалтыг хийснээрээ энэ удаагийн өдөрлөг онцлог байв.

Мөн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг өдөрлөгийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 241 дүгээр тушаалын дагуу гал түймэр ихээр гардаг Баянзүрх дүүргийн 5, 9, 14 дүгээр хороодод гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм.  Өдөрлөг, хяналт шалгалт, сурталчилгааны ажилд ОБЕГ, НОБГ, Аврах анги болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 545 албан хаагч оролцжээ.

Дээрх хороодын 11 байгууллага, 23 аж ахуйн нэгж, 2884 айл өрх, 4157 иргэн өдөрлөгт хамрагдсан байна. Үүнээс 3667 зөрчил илрүүлснээс 636 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллажээ. Мөн 4000 гаруй иргэнд гамшгаас хамгаалах тухай заавар зөвлөгөөг өгч 10200 орчим гарын авлага тараасан байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү “Гал гарах үндсэн шалтгаан иргэдийн хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдал болоод байна. Ер нь 10 гал тутмын долоо нь айлын орон гэр байшинд гарч байгаа. 2013 онд 600 гаруй гал гарсан эдгээрийн 500 орчим нь иргэд үнс нурмаа замбараагүй задгай асгасанаас үүдсэн байгаа. Тиймээс иргэдийгээ анхаарал болгоомжтой байж хүйтний улирал эхэлж байгаа энэ үед үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Эх сурвалж: http://nema.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж