Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр /2014.10.09/ Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Оюутолгой” төслийн далд уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл цэгцгүй байгаа талаар онцлоод “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж далд уурхайн хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч  баталгаажуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэхдээ “Оюутолгой” ХХК-ийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт нь 4,9 тэрбум ам.доллар хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч 9 тэрбум ам.доллар болж яригдах болсон нь төслийн хөрөнгө оруулалтын гэрээний заалттай холбоотой юм. Бид гэрээгээр баталгаажуулсан анхны хөрөнгө оруулалтыг нөхөөгүй атал дахин хоёр дахин их хөрөнгө зээлээр гаргавал Монгол Улсын төсөв даахгүй. “Оюутолгой” төсөлтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт болон олон маргаантай асуудал шийдэгдээгүй байхад нэмж 9 тэрбум ам.долларын өр тавихыг би эсэргүүцэж байна. Хэрэв энэхүү гэрээг хүлээн зөвшөөрвөл миний бие Монгол Улсын Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлнэ” гэв.

Мөн тэрээр “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн тайланг олон нийтэд мэдээлэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж