Твиттер дэх зохиолч Ж.К Роулингийн хачирхалтай, далд утгатай жиргээнээс болж түүнийг “Харри Поттер”-ын шинэ зохиол бичиж эхэлж гэсэн цуурхал дэгдээд байна.
Зохиолч бүсгүйн “Нэг кино зохиолын үзүүрээс атгачихсан, зохиолоо бичээд завгүй. Нэг юм дуулгах биз ээ” гэсэн жиргээ “Харри Поттер”-ын шүтэн бишрэгчдэд бас нэг шинэ зохиол гарах нь гэдэг таамаг төрүүлсэн аж.
Түүнээс ямар зохиол бичиж буйг нь асуухад “Ойлгоорой, би нууцлаг, далд утгатай үгсээр наадах дуртай. Та бүхэн ийм урхинд тэсэх л болох нь дээ.” хэмээн бичжээ. Түүний дараа зохиолч бас л “Цурхиран уйл ! Далдын хар хүчээ, алдуурсан мэт дутаа ! газрын гав руу далд ор ! Шидэт дохиур минь үүнийг хүлцэхгүй” хэмээн жиргэжээ. Түүний энэ жиргээг жиргээчид таван мянган удаа тараан дахин жиргэжээ. Шидэт дохиурын тухай жиргээ уншигчдыг шидтэнүүдийн тухай зохиол эргэн ирэх нь гэж итгүүлж орхижээ.
Харин зохиолч бүсгүй дараа нь дээр бичсэн үгс нь түүний одоо бичиж буй шинэ кино зохиолын эхний мөртүүд хэмээн мэдэгдэж, “Харри Поттер”- ын шүтэн бишрэгчдийн урмыг хугалжээ.
Зохиолч бүсгүйн хэлснээр түүний одоо бичиж буй кино зохиол нь ид шидэт амьтдын тухай номын зохиолч Ньют Скамандерын тухай адал явдал аж.
Зохиолч Ж.К Роулинг “Fantastic Beasts and Where to Find Them” зохиолоо 2001 онд комик зохиолд зориулж хандив цуглуулах зорилгоор бичиж байсан юм. Уг зохиолоос сэдэвлэсэн гурамсан кино зохиолын гол баатар нь Скамандер аж. Зохиолч одоо Скамандер дэлхийг тойрон аялсныхаа дараа шидэт амьтдын тухай гайхалтай зохиолоо бичихээр Нью Йоркт очиж буй 1920 оны үйл явдлыг өгүүлдэг нэгдүгээр хэсгийг бичиж байгаа юм байна. Кино 2016 онд үзэгчдийн хүртээл болох аж. Зохиолч энэ талаар "Үйл явдал хэдийгээр миний 17 жил аз жаргалтай амьдарсан шидтэнүүдийн ертөнцөд өрнөх боловч “Харри Поттер” зохиолын үргэлжлэл огт биш. Харин шидтэнүүдийн ертөнцийн гайхалтай адал явдлын үргэлжлэл” хэмээжээ.
"Хүний ертөнцтэй зэрэгцэн далд оршдог шидтэнүүдийн ертөнцийн хууль, дүрэм журам “Харри Поттер” зохиолыг уншсан хүнд танил санагдаж магад. Гэвч үйл явдал Харри Поттерын түүх эхлэхээс 70 жилийн өмнө Нью Йоркт эхэлнэ” гэсэн байна.
Зохиолчийн туулсан амьдрал нь түүний Харри Поттер зохиолоос дутахгүй олон хүний сонирхлыг татдаг. Хүүхэд байхын мөрөөдөгч байсан Ж.К Роулинг зургаан настайгаасаа бичиж эхэлжээ. Ч.Дикенс, Ж.Р.Толкиены зохиолыг унших дуртай Ж.К Роулинг их сургуулиа төгссөний дараа багш болсон ч нэг л өдөр зохиолч болно гэж мөрөөддөг байв. Нэгэн удаа Манчестерээс Лондон орох галт тэрэг дөрвөн цаг саатах үед Ж.К Роулинг "Харри Поттер" хэмээх шидтэн хүүгийн тухай зохиол бичих санаа төржээ. Тэр үе бол 1990 он байв. Гэвч зохиолыг бичихийн тулд зургаан жилийг зарцуулсан юм. Тэр хугацаанд Ж.К Роулинг Португали руу багшлахаар явж, тэнд телевизийн сэтгүүлчтэй гэрлэн, Жессика хэмээх охинтой болжээ. Гэвч гэрлэлт нь бүтэлгүйтэж, нөхрөөсөө салан, гурван сартай охинтойгоо төрөлх Англидаа буцаж очжээ. Хад мөргөсөн хөөрхий бүсгүй тэр үед “Харри Поттер” зохиолоо дуусгахаар хатуу шийджээ. Ж.К Роулинг зохиолоо бичиж дуусгаад хоёр агентлаг, нэг хэвлэлийн компанид явуулж, номоо хэвлэгдэж, номын дэлгүүрт гарч магадгүй хэмээн чимээгүй хүлээж суужээ. Гурав хоногийн дараа тэдний нэг нь зохиолыг нь худалдан авч, гэрээ байгуулсан юм. “Харри Поттер: Философийн чулуу” ном нь хэвлэгдэх тэр үед Ж.К Роулинг Эдинбургт франц хэлний багшаар ажиллаж байв. Түүнд нэр алдар, мөнгө авчрах номыг нь 1996 онд “Bloomsbury” хэвлэлийн газар худалдаж авахаас өмнө хэд хэдэн газар хэвлэхээс татгалзсан гэдэг.
Орчуулсан Н.ЭНХ