Эболагаар өвчилсөн хүн АНУ-д нас барлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Эболагаар өвчилсөн хүн АНУ-д нас барлаа

 

Эбола вирусын халдвараар өвдсөн нь АНУ-д оношлогдсон анхны хүн Техас мужийн эмнэлэгт нас баржээ. Эболагаар өвдсөн 42 настай Томас Эрик Данкан Даллас хотын эмнэлэгт хөл хорионд туршилтын эмээр эмчлүүлж байсан юм. Аялал жуулчлалын компанид жолоочоор ажилладаг Томас Эрик Данкан нь эгчтэйгээ уулзахаар Либерид очоод ирсэнээс 10 хоногийн дараа эбола вирусын халдвараар өвдсөн аж. Түүнийг хорионд оруулсны дөрөв дэх хоногоос туршилтын эмээр эмчилж эхэлсэн ч бие нь муудсаар байжээ. Тэрээр Либерийн нийслэл Монровигоос Брюссель хүрэх нислэгээр АНУ-д иржээ. АНУ-д Томас Эрик Данкантай ойр харилцаатай байсан 10 хүнийг хорионд байлгаж, халдварын шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглаж байгаа аж. Түүнээс гадна АНУ-д эбола вирусын халдвар авсан гурван эмч, нэг сурвалжлагч туршилтын эмээр эмчлүүлж байснаас эмч нарын бие сайжирчээ.

 

АНУ-ын арми халдварын голомт Баруун Африк руу 4000 орчим цэргээ илгээхээр зэхэж буй бол Их Британи Сьерра-Леонед эмнэлэг бариулахаар 750 цэргээ илгээжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж