Гурав хоногт 400 хүн эболагаар нас барав

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Гурав хоногт 400 хүн эболагаар нас барав

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд аравдугаар сарын 5-нд нийтэлсэн мэдээгээр Баруун Африкт тархсан эбола вирусын халдвараар 4879 хүн нас барж, 8033 хүн халдвар авсан байдалтай байна. Энэ нь гурав хоногт 400 хүн эбола вирусын халдвараар нас барсан гэсэн үзүүлэлт аж. Эбола вирусын халдвар өнгөрсөн хоёрдугаар сард анх Гвинейд гарч, хэдхэн сарын хугацаанд хөрш Либери, Сьерра-Леоне, Нигери, Ардчилсан Конго улсуудад халдварласан юм. Түүнчлэн халдвар авсан хоёр номлогч Испанид нас барсны дараа тэднийг эмчилж байсан сувилагч эболагаар өвчилсөн тохиолдол гарсан. Мөн халдварын голомтод очоод ирсэн АНУ-ын дөрвөн иргэн эболагаар өвчилжээ. Биеийн бүх шингэнээр халдварладаг эбола вирусын тархалтыг зогсоох ганц арга нь одоогоор өвчтөнийг хөл хорих байгаа юм. Эбола вирусын эсрэг эм, вакцин гаргаж авахаар олон улсын эрдэмтэд ханцуй шамлан ороод байна. Эбола вирусын халдварын тархалт дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч  эм, вакцин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнийг өсгөж өгчээ.

 

Эх сурвалж: WHO вэб сайт

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж