Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Пүрэв гариг бүрт уншигчдын хүртээл болдог “Хүмүүс” булангийн энэ удаагийн дугаарт алдарт зураач Пабло Пикассогийн ер бусын амьдрал, дурлалын түүхийг өгүүлэх болно.

 

8 насандаа Пикассо мэргэжлийн хэмжээний зураач болохоо “Пикадор” зургаараа батлан харуулж, 16 насандаа инээдэм аятай Сан-Фернандогийн нэрэмжит Хааны уран зургийн академид хөнгөхөн элсэн орсон шигээ бас хялбархан хаячихсан. Ном шагайн суухын оронд найзуудтайгаа Мадридын уушийн газруудаар тэнэж явсны гор тэр. 19 насандаа Парисыг хөлдөө сөхрүүлэхээр шулуудаж, хөрөг зургаа зурж үлдээхдээ дээд буланд нь “ Би бол хаан” гэж хараар тэмдэглэн үлдээсэн ч, эрч хүч авьяас билгээр дүүрэн түүнд Франц орон хялбар даваа байгаагүй. Мөнгөгүй тэрээр хөлдөхгүйн эрхэнд задгай чулуун зуухандаа зурсан бүтээлээ түлж өрөөгөө халааж байсан.

Охид хүүхнүүд түүнд хэзээд дуртай байдгаас хойно хувийн амьдралын байдал хамаагүй дээр байв. Гэхдээ уран зураач маань өөрөө бол хүүхнүүдийг “Миний хувьд эмэгтэйчүүд нэг бол дагина, нэг бол шалны алчуур хоёрын нэг л байдаг” гэж дээрэнгүй гэмээр тодорхойлсон юм. Хачирхалтай нь, Пикассо ямарч үзэсгэлтэнтэй дагиныг хялбархан шалны алчуур болгон хувиргадаг байсан юм.

Түүний хайр сэтгэл өршөөл энэрэл гэдгийг мэддэггүй, садист өнгө аястай байсан болохоор учирсан хүүхнүүд нь нэг бол амиа хорлож, нэг бол галзуурдаг байж. Мария-Тереза Уолтер дүүжлэн амиа бүрэлгэсэн бол Жаклин Рок сахил хүртэн гэлэнмаа болсон ч удалгүй өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн, харин Ольга Хохлова галзуурсан юм. Бичгийн хэлбэрийг нь задлан шинжилсэн Поль Элюар шинжээч “Түүний дурлал гал халуун ч хайр нь тарчлааж алдаг гэмтэй юм” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэдэг.

Насны сүүлд таарсан амрагуудын нэг Женевьева Лапортыг Пикассогоос салсаны дараа Пикассогийн найз францын зохиолч Жанк Кокто “Та шийдвэрээ амжиж гаргажээ. Тэрнийхээ хүчинд л та амьд гарсан байх” гэж хэлсэн гэдэг.

 

Анхны дурлал

Анхны дурлалын эзэн нь Фернанда Оливье гэгч бүсгүй байв. Тэр үед Пикассо 23-тай, Оливье 18 настай байсан юм. Пабло Пикассо залуу зураачид гол төлөв суудаг Парисын ядуусын хороолол Монмартрт нийтийн байранд амьдрах ба тэнд нь Фернанда Оливье үе үе модель хийдэг байв. Чухам энд л Пикассо Оливьетэй танилцаж, түүнийг модель, найз бүсгүйгээ болгосон юм. Хосууд өглөө бүр сүү, кроусан боов хулгайлан идсэн шиг ядуу зүдүү аж төрдөг байсан ч  Пикассогийн зургууд аажимдаа зарагдсанаар байдал дээрдсэн.

Пабло Пикассо болон Фэрнанда Оливье хоёр Монмартрт нохдын хамт. 1904 он

Хамтын 10 жилийн амьдрал Фернандагийн олон арван хөрөг, түүний дүр төрхөөс санаа аван зурсан эмэгтэйчүүдийн олон дүрийг үлдээсэн. Судлаачид 20-р зуунд эргэлт хийж чадсан Пикассогийн голлох бүтээлүүдийн нэг “Авиньоны бүсгүйчүүд” бол Оливьегийн төрх болохыг дуу нэгтэйгээр зөвшөөрдөг.

“Авиньоны бүсгүчүүл”, 1907

Гэхдээ 1907 оны зун таагүй дурсамжийг тэдэнд үлдээсэн юм. Аль аль нь өөр хүнтэй амрагийн харилцаа үүсгэн, тус тусдаа амьдрах болов. Хамгийн хөгийн зүйл нь, Пикассогийн шинэ найз бүсгүй нь түүний уран зургийн онцлог гэх кубизмыг огт ойлгодоггүй байсан нь түүнд ер таалагдахгүй байлаа. Салалт, үл ойлголцол нөлөөлсөн үү эсвэл ядуу тарчиг амьдрал уу Парист эргэж ирсэнээс хойш ходоод нь ихээр өвдөх болж, Пикассо, Фернанда хоёр ч бүрмөсөн салав.

 

Анхны хайр

Анхны жинхэнэ хайртайгаа 1917 онд Сергей Дягилевын балетчидын нэг Ольга Хохловатай танилцсанаар учирсан юм. Тухайн үед Ольга нь Шатл театрын “Парад” тоглолтод бүжигчин, харин Пикассо тоглолтын хувцас, чимэглэл хариуцсан ажилтан байсан юм.

Пикассогийн ээжийн таалалд орос хүүхэн нийцээгүй ч, Ольга Пикассо хоёр 1918 оны 6-р сарын 18-ны өдөр Александр Невскийн үнэн алдартны шашны дуганд гэрлэв. Гэхдээ амьдрал  ээжийн нь зөв байсныг хожим гэрчилнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцон хамтын аз жаргалтай гурван жилийг үдсээр 1921 оны 2-р сарын 4-ний өдөр Поль хүү төрөв. Энэ цагаас хойш тэдний харилцаа эрс хурдтайгаар муудаж эхэлнэ. Ольга нөхрийнхөө мөнгийг үрэн таран хийж, нөгөөх нь дэмий л дурамжхан загнана. Үүнээс гадна, тэдний харилцаа хурцдах өөр нэг чухал шалтгаан байв. Ольга нөхрөө дээдсийн хүрээлэлд эргэлдэж, захиалгаар хөрөг зурдаг арилжааны зураач байгаасай гэж хүссэн юм. Паблод энэ нь үнэхээр залхуутай байсан нь зурагнууд дээр нь ч илэрлээ олсон юм. Энэ эхнэрээ тэрээр хурц шүдтэй, уур цухал дүүрэн эмгэнээр л тувт дүрслэх болсон.

Пикассо үлдсэн амьдралынхаа туршид эхнэрээ ийн дүрсэлсээр ирсэн

1927 онд 46 настай Пикассо Ольгагаас 17 настай Мария-Тереза Вальтер руу зугтан одсон.

 

Гал халуун хайр

Марияд дурлан хайрлаж, түүнтэй хамт байсан үе Пикассогийн амьдрал, уран бүтээлийн онцгой зурвас байсан юм. Энэ үеийн уран бүтээл хэв маяг, өнгөний зохицлын хувьд өмнөх үеэсээ эрс ялгаатай болж ирсэн. Ялангуяа Марияг охиноо төрүүлэх хүртлэх хугацаа Пикассогийн уран бүтээлийн ноён оргил үе гэж судлаачид үздэг.

“ Улаан буйдан дээрх бүсгүй”, 1939 он

 

Харин Ольга 1935 онд нөхрийгөө Мариятай нөхцөх болж, өнөөх хүүхэн нь бие давхар болсоныг найзаасаа дуулснаар Пауло хүүгээ аваад, Францын өмнөд муж явж, салах өргөдлөө өгөв. Францын хууль цаазын дагуу Пикассо хөрөнгөө эн тэнцүү хуваах ёстой байсан ч татгалзсан тул Ольга үхэн үхтэл нь түүний албан ёсны эхнэр хэвээр үлдсэн юм. Ольгаг 1955 онд Каннд хорт хавдраар нас барахад Пикассо оршуулгын ёслолд нь очоогүйгээр барахгүй санаа нь амарсан янзтай гүнзгий гэгч нь амьсгаа авсан гэдэг.

Пикассо охинтой болсоныхоо дараа Мариягаас ч мөн хөндийрч, 29 настай зураач Дора Маартай учир ургуулах болов. Нэг удаа Пикассог алдарт “Герника” зургаа бүтээж байх үед, урланд нь Дора, Мария-Тереза хоёр санаандгүй халз тулан таарсан юм. Уур бухимдал дүүрэн хоёр хүүхэн аль нэгийг нь сонгохыг тулгах үед Пикассо хээв нэг өөрийнх нь төлөө тэмцэх ёстой гэж хэлтэл үгийг нь шууд утгаар ойлгосон уу эсвэл уурандаа багтарсан уу өнөөх хоёр нь нэг нэг рүүгээ үсчин дайрсан. Хоёр амрагийнх нь энэхүү зодоон амьдралд нь тохиосон хамгийн тод томруун үйл явдал байсан гэж хожим дурссан байдаг.

Мария-Тереза энэ явдлаас хойш удалгүй боомилон амиа хорлож, харин гал халуун дурлалдаа ид шатаж явсан Дорагийн хувьд хувь заяа нь эмгэнэлтэйгээр эргэсэн юм. Тэрээр Гэгээн Аннагийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн, цахилгаан эмчилгээ хүртэл хийлгэсэн гэдэг. Азаар, хуучны анд нөхөр алдарт сэтгэл судлаач Жак Лакан түүнийг эмнэлгээс гарган авч, хямралаас гэтэлгэсэн. Энэ явдлаас хойш Дора зожигрон гэртээ бүгж, одон орон, нууцлаг далд ертөнцөд автан өөр зүйл сонирхохоо больжээ . Олон хүн түүнийг бүтэлгүй дурлалын бэлгэ тэмдэг гэж үздэг.

 

“Уйлж буй эмэгтэй”,1937  он

Дора “галзуу дурлалаа” сэтгэлдээ тээсээр 1997 оны 7-р сард 90 насандаа орь ганцаар, ядуу тарчиг нас барсан. Нас барсанаас нь хойш ойролцоогоор нэг жилийн дараа түүнийг дүрсэлсэн “Уйлж буй эмэгтэй” зураг дуудлага худалдаан дээр 37 сая франкаар зарагдсан юм.

Номхруулж үл чадсан хайр

Хүний сэтгэл зүрх, хувь заяагаар наадагч нэгний амьдралд түүний ч номхруулж үл чадах эмэгтэй таардаг аж. 1943 онд чухам ийм л биеэ даасан хүчтэй эмэгтэйтэй Пабло учирсан юм. Пабло түүнтэй зоогийн газарт танилцмагцаа л халуун усанд хамт орохыг урьсан гэдэг. Эзлэгдээд байсан Парист халуун усанд орно гэдэг тансаг хэрэглээ байсан ч, Пикассо хүчирч дийлэх цөөн хүмүүсийн нэг байсан юм. Франсуазатай Пикассо амьдралд улангассан юм шиг дайрах бус, харин аядуухан хөндлөнгөөс харж, амьдралаас шинэ таашаалуудыг мэдэрч сурч байлаа.  Долгионтох далай, урсан асгарах элс зэрэг  эгэл жирийн зүйлсээс таашаал авч, амар жимэр далайн хөвөөнөө хэвтэх нь жаргалын дээд болохыг мэдэрч сурсан. Чухам энэ л аз жаргалын хэлтэрхийнүүдийг бид “Амьдралын баяр баясгалан”, “Франсуаза” зурагнаас харж болно.

Цэцэг барьсан Франсуаза Жило, Валлорис хот, 1949

Энэ эгэл бус эмэгтэй гэрлэсэн ч өөрийгөө гээлгүй хүчтэй хэвээр байхын сацуу Пикассог ч урамшуулж зоригжуулдаг байсан. Франсуаза түүнд хоёр хүүхэд төрүүлж  өгч, гэр бүлийн амар жимэр амьдрал биелэгдэшгүй мөрөөдөл бус бодит зүйл болохыг нотолж өгсөн юм. Франсуазагийн хүүхдүүд ааваараа овоглож, насан өөд болсных нь дараа өв хөрөнгийнх нь талыг өвлөж авсан. Жило бусад амрагуудаас ялгаатай нь ухаан ч самуураагүй, амиа ч хорлоогүй. Нөхрөө араар нь тавиад байгааг мэдмэгцээ, хаягдсан хүүхнүүдийнх нь тоог нэгээр нэмэх боломжийг түүнд өгөлгүй өөрөө яваад өгсөн юм. Сүүлд зураачийн хүсэл зоригийг үл хайхран “Пикассотой өнгөрүүлсэн миний амьдрал” ном хэвлүүлэн, дэлхийд танигдсан билээ.


Пикассогийн хүүхдүүд

Амьдралынхаа сүүлийн хорин жилийг Пикассо Жаклин Роктой дэр нэгтгэсэн. Жаклинд эмэгтэй хүний олон чанар дундаас хамгийн ихээр үнэлдэг үнэнч, халамжтай зан байсны дээр Пикассогийн өтөл  нас нь ч өөрийгөө дуулгаад байсан хэрэг. Амьдралынх нь сүүлийн 20 жилийн турш Жаклин бараг  цорын ганц модель нь байсан тул Пикассо л мэдэх 400 гаруй янзын Жаклины хөрөг бий.

“Жаклин цэцгийн хамт”, 1954 он

Эх сурвалж: www.adme.ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж