Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл олон маргаан дагуулж буй. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулсан гэх 2015 оны төсөв нийслэлийнхнийг бүр ч их цохилтод оруулаад байгаа. Тэгвэл хотыг элгээр нь хэвтүүлэх төсөв өргөн барьсан гэж буй нийслэлийн удирдлагууд Засгийн газрыг энэ төсөвтөө өөрчлөлт оруулахгүй бол хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тулж ажиллах сурагтай. НИТХ-ын дарга Д.Баттулга “Нэгэнт өргөн барьсан төсвийн төслийг батлахгүй байхыг УИХ-ын гишүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Дүүргүүдийн Засаг дарга нар тойргоосоо сонгогдсон гишүүддээ сайн хэл. Болохгүй бол төсөв батлахад яг ямар кноп дарж байгааг нь хяна. Хотоо хөгжүүлнэ гэж УИХ-д сонгогдчихоод хотын хөгжлийг ухраах төсвийг батлахыг дэмжвэл 2016 онд дахин дэвшүүлэхгүй байх хэрэгтэй” гэж захиж байна лээ. Арга ядсан хүний л сонголт юмуу даа.
М.ШАРХҮҮ