Д.Баттулга: Гишүүдэд хандахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Д.Баттулга: Гишүүдэд хандахаас аргагүй

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас  УИХ- өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл  ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч  байгаа. Төсвийн төсөлд 2015 онд нийслэл 343 тэрбум төгрөгийн зардлыг бие даан хариуцахаар болсон юм. Дээрх асуудлаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас  зарим асуултад хариулт авлаа.

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд нийслэлийн удирдлагууд сэтгэл дундуур байна. Үүнийг биелүүлэх чадамж нийслэлд  үнэхээр байхгүй юу?  

-Энэ төсвийн төслөөр ахмад настан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны унааны хөнгөлөлт 53 тэрбум төгрөг, боловсрол, эрүүл, мэнд, соёлын салбарт ажиллагсдын цалин, урсгал  зардалд 290  тэрбум төгрөг нийтдээ 340 гаруй тэрбум төгрөгийн зардлыг нийслэл өөрөө  бие дааж хариуцахаар болсон. Улаанбаатар хотын жилийн төсөв жилдээ 500 орчим тэрбум төгрөг  байдаг. Урсгал зардлаа тооцвол 100 гаруй тэрбум төгрөг шууд дутахаар байгаа.  Үүнд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт ороогүй. Ийм  л төсөв өргөн барьсан.  Засгийн газраас энэхүү  зардлаа олохын тулд авто тээврийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татваруудаа хоёр дахин нэмэгдүүл гэсэн. Мөн нийслэлийн татварыг тогтоож, хэрэгжүүлэх үүргийг НИТХ-д өгөх гэсэн гурван хуулийн төсөл давхар өргөн баригдаж байна. 2015 онд ямар он билээ, одоогийн эдийн засаг ямар  байна. Ийм нөхцөлд татвар нэмэх, дээрээс нь шинээр татвар бий болгож авах нь Улаанбаатарчуудын нуруунд том ачаа  ирнэ гэсэн үг. Судалгаагаар нэг төгрөгийн татвар авахад 2-5 төгрөгийн ачаалал хэрэглэгчдэд очдог. Энэ бүх ачаалал нийслэлийн 1 сая 300 мянган иргэний нуруун дээр ирнэ. Нийслэлд хийж эхэлсэн, цаашид үргэлжлүүлэх олон ажлын хөрөнгө оруулалт алга болж байнаа  гэсэн  үг.  Засгийн газар ийм төсөв өргөн барьж  байгааг үнэхээр гайхаж байна.

Ямар гарц байж болох вэ?

-Гарц  хайж байна. Бид УИХ-ын гишүүдэд ойлгуулахыг  зорьж байгаа. Хэрэв  УИХ  төсвийг энэ чигээр нь баталвал  машины татвар болох, үл хөдлөх хөрөнгийн татварууд нэг дахин өснө, нийслэлийн албан татвар бий болно.  Хот үүнийг хийхийг хүсээгүй. Монгол Улс төсвийн нэгдсэн хуультай. Хэрэв энэ чигээр нь баталвал  биелүүлэхээс өөр аргагүй болох  байх.

-2015 онд хөрөнгө оруулалтын ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байсан бэ?

-Сангийн яаманд наймдугаар сараас эхлэн хөрөнгө  оруулалтын төслүүдээ танилцуулдаг. Улаанбаатар хотын өөрийнх нь төсвийн орлогыг 490 орчим тэрбум төгрөгөөр тогтоогоод урсгал зардлыг 220 орчим, хотын өөрийнх нь  хөрөнгө оруулалтыг 210 тэрбум төгрөгөөр тогтоогоод,улсын төсөвт 50-иад тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамтай тохироод байсан юм. 210 тэрбумаар томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэхээр байсан.

-Хотын төсөв тасарсан  нь юутай холбоотой вэ?

– Хотын төсвийн 70 орчим хувь нь  Хүн амын орлогын албан татвараас /ХАОАТ/ бүрддэг.  Одоогийн байдлаар 30 тэрбумаар   нийслэлийн төсөв тасраад байна. Энэ нь эдийн  засгийн хүнд үед компаниуд ажилчдаа цомхотгож, хаалгаа барьж, уцлин авч байгаа хүний тоо цөөрсөнтэй холбоотой. Хотод төвлөрөх татвар багасч  төсөв тасарч эхэллээ гэсэн  үг.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж