Улаанбаатар хот авлигын эсрэг тунхаглалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот авлигын эсрэг тунхаглалтай боллоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форум Улаанбаатар хотноо анх удаа боллоо. 18 улсын 258 төлөөлөгч оролцсон тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглалыг гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот бүс нутагтаа төдийгүй дэлхийд авлигагүй хот болох зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцолж байна.

“Нээлттэй Улаанбаатар-2014” форумын үндсэн илтгэгчээр оролцсон Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд форумын үр дүнгийн талаар “Хотын дарга өөрөө санаачлан авлигын эсрэг ийнхүү хүчтэй дугарч, олон улсаас туршлага судалж байгаа нь зөвхөн шинэ санал санаачилга биш улс төрийн шинэ үзэгдэл болж байна. 2 өдөр форум зохион байгуулаад авлигаас ангижрахгүй нь тодорхой. Гэвч авлигын эсрэг хэрхэн тэмцэх тал дээр харилцан туршлага солилцон, Улаанбаатар тунхаглал гаргаж байгаа нь хамгийн чухал шийдэл байлаа” гэлээ.

Харин тус форумыг хамтран зохион байгуулсан Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд  ерөнхийлөгч Том  Гаррэтт “Хотын захиргаанаас санаачилсан тус форумд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд идэвхтэй оролцсонд их талархаж байна. Энэ нь манай нийгэмлэг зохион байгуулагчаар хамтран оролцох нэг шалтгаан болсон. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь авлигын эсрэг тэмцэх нэг чухал хэлбэр” гэдгийг тодотгон хэллээ. Тус нийгэмлэг нь дэлхийн 100 гаруй улсад авлигын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлr8хамтран ажилладаг бөгөөд цаашдаа Улаанбаатар хоттой нягт холбоотой ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
         

УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ

Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд  эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй тайван замаар олж авсан. Ардчиллыг нийгмийн зөвшилцөл, хамтын чармайлтын үндсэн дээр  тайван замаар амжилттай хөгжүүлж байгаагаараа бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болж байна.

Авлига нь ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг алдагдуулан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчил нь хууль дээдлэх ёс, шударга ёс, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл үнэмшлийг сулруулдаг сөрөг үзэгдэл юм.
Орон нутгийн засаг захиргааны түвшний шийдвэр гаргах үйл явц авлигад автах нь засаг захиргааны үйл ажиллагааг үндсээр нь гажуудуулж, улмаар үр дагавар нь олон нийтэд тархдаг.

Монгол Улсад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, НҮБ-ын Авлигын Эсрэг Конвенц, Нээлттэй Засгийн Түншлэл, Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,  бусад хууль тогтоомжууд үйлчилж байна.
Монголд Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилт жигд биш, төрийн төв болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, идэвхи санаачилга сул, хууль тогтоомжийн нийцэл , хийдэл зэргээс шалтгаалан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд хүндрэл бэрхшээл учирч байна. Монголдоо ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг захиргааг бий болгохын төлөө бүгдээрээ зүтгэх цаг болжээ.

Авлигын эсрэг шинэлэг, тогтвортой шийдэл санаачилга боловсруулж, шилдэг туршлага, сургамжуудаа хуваалцах нь дэлхий даяар авлигыг бууруулж нийтийн ашиг сонирхолд нийцдэг билээ.
 
“Нээлттэй Улаанбаатар 2014” Форумын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор авлигатай тэмцэх дэс дараатай дараах шийдэл санаачилгуудыг авч хэрэгжүүлэхээр Тунхаглаж  байна:Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зорилтуудыг  хөхүүлэн дэмжинэ.

  1. Улаанбаатар хот авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа бүс нутгийн хэмжээнд манлайлж, авлигын эсрэг стратеги төлөвлөгөөг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор дэлхийн жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулан хэрэгжүүлнэ. 
  2. Авлигын эсрэг сургалт судалгааны чиг үүрэгтэй бүс нутгийн хэмжээний олон улсын төвийн салбарыг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулна.
  3.  Газар ашиглалт, хот төлөвлөлт, барилгажуулалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хог хаягдал, худалдан авалт гэх мэт хотын амьдралын олон асуудлын зохицуулалт ойлгомжтой, иргэдэд тодорхой байх үүднээс  “Дүрэмтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  4. Ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг ухаалаг засаглалыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангана.
  5. Авлигыг бууруулах үйл ажиллагаанд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллана.
  6. Төрийн хүнд ачааг хөнгөлөх, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.
  7. Авлигын гэмт хэргийг үүсгэх гол шалтгаан нөхцөл болох албан тушаалтны ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  8. Нийслэлийн төр захиргааны байгууллагад улс төрийн томилгоог зогсоох, улс төрийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч мэргэшсэн төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг хангана.
  9. Төрийн байгууллага, албан тушаалтан төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгож, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж