Ураныг эс тооцвол Оросын сонирхол байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ураныг эс тооцвол Оросын сонирхол байхгүй

“Ярилцах танхим”-ын энэ дугаарын зочноор монгол судлаач, профессор Юрий Николаевич Кручкиныг урьж ярилцлаа.

-Юрий Николаевич, Таныг монголчууд Аюур гэж нэрлэдэг юм билээ. Энэ нь нийгмээс нийгэм, зуунаас зуун  дамжин монголчуудтай хамтран ажилласны тань бас нэгэн гэрч юм. Та өнөөдрийг хүртэл ямар цаг үед, ямар ажил алба эрхэлж байсан тухайгаа эхлээд ярихгүй юу?

-Би  Монголд бараг 20 гаруй жил ажиллаж амьдарч байна. Үүнээс 12 жилд нь Элчин сайдын яам, “Эрдэнэт”-ийн консулын газарт ажилласан. ЭСЯ-нд ажиллаж байхдаа манай хоёр орны соёлын харилцааны асуудлыг эрхлэхээс гадна хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэр бол 1989-1992 он буюу социализмын төгс­гөл, ардчиллын эхэн үе, хамгийн хүнд хэцүү цаг үе байсан гэж боддог. Ямар ч байсан намайг ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажил­лаж  байхад   Зөв­лөл­тийн, Оро­сын эсрэг сар тутам 300 ор­чим нийтлэл материал гар­даг байв.

Хоёр жил ажилласны дараа энэ тоо 10 дахин буурсан. Үүнд миний хувь нэмэр жаахан ч атугай орсон болов уу гэж боддог юм.

-Нууц  биш бол яаж бууруулснаа ярьж болох уу?

-Нууц биш ээ. Сэтгүүлчидтэй уулзана. Тайлбарлаж ярина. Шаардлагатай бол холбогдох баримт бичгийг үзүүлнэ. Жишээ нь хамгийн ноцтой, дуулиан тарьсан асуудал л гэхэд Орос-Монголын хоорондын өрийн асуудал байлаа. Москвагийн  Олон улсын харилцааны сургуульд надтай хамт сурч байсан П.Цагаан гэж хүн бий. Одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Тухайн үед би түүнтэй хэд хэдэн удаа бүр үнэнээсээ маргалдсан. Тэгээд би Орос, Монголын нэртэй эрдэмтэн судлаачидтай хамтарч нэгэн тооцоо гаргасан юм.

-Ямар  тооцоо. Өрийн тухай юу?

-Тийм ээ. Математик тооцоогоор уг өрийг барагдуулсан хэмжээг авч үзвэл нэлээд зүйлийг тодорхой хэлж болно. Тухайлбал Монголд Орос мэргэжилтнүүдийг сард ердөө гуравхан ам.доллараар цалинжуулж ажиллуулдаг байсан. Дэлхийн түүхэнд ийм ханш байна уу.

-Тэгвэл монгол ажилчид хэдэн ам.долларын цалинтай байсан бэ?

-Үгүй, үгүй. Цалин мэдээж сайн авч байсан л даа. Гэхдээ Монгол Улсаас Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд сард ердөө гурван доллар төлдөг байсан гэж хэлж болно. Цалинг бол мэдээж Оросоос, Москвагаас өгч байсан шүү дээ. Монгол Улсын  бүтээн байгуулалт, барилга байшин, геологи хайгуул, түүний дотор Тавантолгойн ордыг илрүүлэх геологийн ажилд Оросын геологичид оролцож байсныг хэн ч үгүйсгэхгүй.  Хэрэв зах зээлийн үнээр яривал дээрх гурван доллар бидний харилцаа ямар байсныг харуулж байгаа юм. Надтай ярилцсан зарим хүн, тэрдундаа сэтгүүлчид, эрдэмтэд Орос улс 1950-1960 оны үед нэг монгол хүнийг нэг, эсвэл таван рублиэр авч ажиллуулж байсан гэж ярьдаг. Монголчууд нэг орос мэргэжилтнийг гурван доллараар ажиллуулсантай нь харьцуулахаар  тэр үеийн ханшаар монгол хүний хоёр рублиэр ажиллуулж л байж. Ингээд бодохоор тэнцүү байгаа биз. Оросууд Монголоос нэг их юмыг нь авчихсан, эсвэл ямар нэг байдлаар хулгайлсан юм байхгүй шүү дээ. Энд нэг зүйлийг сануулахад орос эмч нар Монголыг аварсан. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

-Та дайны үеэр Оросын эмч нар Монголд ирж, гоц халдварт өвчинтэй тэмцэж монголчуудыг аварсан тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Зөвхөн Монголыг ч биш. Түүх яривал Хятадыг ч, Японыг ч аварсан. Дөнгөж өчигдөрхөн би Японы нэгэн профессортой уулзлаа. Тэр “Хэрэв 1950-иад оны сүүлчээр оросууд полимелитын эсрэг вакцин нийлүүлээгүй бол өдийд  Япон улс тэр чигээрээ байхгүй байх байсан” гэж хэлсэн. Энэ бол зохиомлоор найруулсан зүйл биш бодит үйл явдал шүү дээ.

-Энэ гавьяаг монголчууд мартдаггүй. Гэхдээ монголчууд бас оросуудад огт туслаагүй биш шүү дээ. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан ашигтай байж чадсан эсэхэд эргэлзэх үе байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Оросын тал Монголын тусламжийг, тэр тусмаа дайны үед үзүүлсэн асар их туслалцааг хүндэтгэн хүлээн авдаг. Тэр ч байтугай 2008 оны олимпын үед Оросын мянга мянган хүн Монголыг дэмжиж байсан. Би ч гэсэн үнэн голоосоо баярлаж, монгол танилууддаа баяр хүргэсэн. Миний бодлоор хэрэв манай хоёр орны хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг ярья гэвэл бид хамгийн эхлээд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг, Хиагтын хилийн боомтоос эхлэх хэрэгтэй. Одоо галт тэргээр явахад хил дээр 5-6 цаг саатаж байна. Гэхдээ дугуй солих шаардлагагүй шүү дээ. Хятадын хил дээр дугуй солих шаардлагатай ч гэсэн хоёр цагийн дотор багтааж хийдэг. Дэлхийд хил дээр ийм удаан хүлээдэг өөр жишээг би мэдэхгүй байна. Хоёрдугаарт, визийн асуудал. Би шууд хэлдэг, 1995 онд визтэй болгосон явдал Монголын эдийн засагт маш муугаар нөлөөлсөн. Ер нь Монголын томоохон бизнесмэнүүд, тодорхой ашиг орлого олсон үеэ 1995 оноос өмнөх үетэй холбон тайлбарладаг. Визтэй болсны дараа зөвхөн бизнесмэнүүд төдийгүй энгийн иргэд, оюутнууд нэлээд бэрхшээлтэй учирсан. Орос-Монголын хооронд визийн харилцаатай байх ямар шаардлага байсныг би ойлгодоггүй юм.

-Хоёр улсын Засгийн газар дахин ярилцаад шийдэж болох асуудал юм биш үү?

-Дээр үед Орос, Монголын сонин хэвлэлүүдэд “Хэрвээ би захирал байсан бол…” гэдэг булан байлаа. Түүн шиг хэрвээ би мэддэг байсан бол Орос, Монголын хариуцлагатай хүмүүс, ЭСЯ-ны ажилтнуудыг ядаж нэг удаа дипломат бус энгийн паспортоор зорчуулаад, ямар бэрхшээл давж хил нэвтэрдгийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө ямар ч асуудалгүйгээр нэвтэрдэг учраас энгийн хүмүүст ямар хүндрэлтэй байгааг мэдэхгүй байна шүү дээ. Энэ тухай Оросын нэг шог яриа байдаг. Хотын дарга, бусад том албан тушаалтнуудынхаа хамт иргэдтэй хийсэн уулзалтын үеэр нэг хүн Москвагийн гудамжаар явахад түгжрэлтэй хэцүү байгаа тухай гомдолложээ. Хариуд нь нэг дарга “Яалаа гэж, би ердөө 20-хон минутад явдаг” гэсэн байна. Үнэн хэрэгтээ цагдаагийн хамгаалалттай явдаг болохоор аргагүй шүү дээ. Тиймээс бэрхшээлийг туулж үзэх хэрэгтэй. Тэгж байж зөв арга хэмжээ авна.

-Та хоёр орны хоорондын харилцааг өнөөдөр ямар түвшинд байгааг шударгаар хэлээч. Харилцан ашигтай хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцаа гэж олон жил жижүүрийн үгээр тодорхойллоо. Үнэн хэрэгтээ тийм байж чадаж байгаа гэж үү?

-Хүмүүсийн харилцаа сайн, гайгүй байгаа. Соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтарч ажиллахыг хичээж, оролдож байгаа байдал ажиглагддаг. Эдийн засгийн харилцаа бараг байхгүй болсон гэдгийг шууд хэлье. “Эрдэнэт”, “Монголросцветмет”, Төмөр зам гэж олон жил ярилаа. Гэхдээ социализмын үе дууссанаас хойш шинээр хийсэн зүйл байхгүй. Хэдийгээр эдийн засаг, улс төрийн харилцаа ийм доод түвшинд хүрсэн ч нэг талаас жаахан гэсэн найдвар төрүүлэх хүчин зүйл бий. Яагаад гэвэл манай хоёр улс дандаа ийм байх ёсгүй. Яваандаа сэргэнэ гэдэгт итгэж байна.

-Сүүлийн үед хоёр улсын янз бүрийн түвшний яриа хэлэлцээрүүдэд уул уурхайн сэдэв заавал хөндөгдөх болсон. Энэ нь манай улсын хөгжлийн тэргүүлэх салбар нь уул уурхай болсонтой холбоотой. Харилцааны түвшинд ч өөрчлөлт авчирч байгаа энэ салбарт ОХУ, Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах вэ, ирээдүйг нь ямар өнцгөөс харах ёстой вэ. Тухайлбал, Тавантолгойн орд, “Дорнод-Уран”-ы асуудал дээр?

-Миний мэдэж байгаагаар анх 1988 онд Тавантолгойн талаар Д.Содном гуай Ерөнхий сайд байхдаа Москвад Николай Рыжков Ерөнхий сайдтай уулзаж ярилцаж байсан удаатай. Тухайн үед түүнийг жаахан хойшлуулж, XXI зуунд ашиглахаар ярилцаж тохирсон байх. Шуудхан хэлэхэд Монголд байгаа бүх ашигт малтмал Орост байгаа. Монголын зарим сэтгүүлчид, иргэд Оросыг харддаг. Үнэндээ Оросыг хардах юм байхгүй. Нөгөөтэйгүүр ураныг эс тооцвол  Монголын ашигт малтмалд Оросын сонирхол байхгүй гэж хэлж болно.

-Тийм гэж үү?

-Ялангуяа хувийн бизнест. Улсын хэмжээний бизнес байгаад төрөөс ямар нэг чиг баримжаа өгсөн бол нэг хэрэг. Харин төмөр замын хувьд хамтарч ажиллах боломжтой гэж би боддог. Энэ талаар элдэв хардлага байх ёсгүй. Одоо бол Оросын, эсвэл Хятадын талаас айх юм байхгүй шүү дээ.

-“Дорнод-Уран”-ы 21 хувийг эзэмшиж буй оросууд энэ хувийг 50 хувьд хүргэх сонирхолтой бай­гаа. Энэ талаар барьцаалсан, дарамталсан асуудал байхгүй гэж үү?

-Асуудлыг би өөрөөр харж байна. Монголчууд ашигт малтмалаа бурханчлан үзэж, Монголыг аварна гэж бодож байгаа. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл 10, 15 жилийн дараа нүүрс, газрын тосыг хүмүүс хэрэглэх үү, эдийн засагт хэрэгтэй хэвээрээ байх уу гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөө талаас жуулчны салбар хэзээд хөгжинө. Жилээс жилд хөгжсөөр байгаа. Хэрэв жуулчны салбараа хөгжүүлье гэвэл зарим газар нутгаа ашигт малтмалд нь улайран ухаж төнхөөд хэрэггүй болов уу гэж бодож байна. Гадаадын компаниуд, олборлогчдын зүгээс монголчуудын талаар нэлээд хардлага бий. Гэхдээ би хэн нэгнийг өмөөрч хамгаалахгүй. Монголын хэсэг хүмүүс Австрали, эсвэл Канадад нэг ордыг хувьцаагаар эзэмшлээ гэж бодъё. Их ашиг олоод, хүүхдүүдээ нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшүүлээд, бүх зүйл сайн сайхан явж байтал цаад тал гэнэт “Монгол Улс яасан их баяжиж байна вэ. 68 хувийн татвар тэднээс авъя” гэвэл ямар байх вэ.  Үүнийг хоёр талтай бодох хэрэгтэй. Заавал тэрбумтан биш жирийн иргэд хувьцаагаар эзэмшиж болно шүү дээ. Дэлхийн зөвхөн баячууд нь Монголд ирээд манай баялгийг идэх гэж байгаа юм гэсэн сонин хандлага байна. Монголд маш сайн боловсролтой, чадалтай  мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бизнесмэнүүд байгаа. Миний гол санаа бол гадаадад байгаа монголчуудаасаа ядаж 10-20 хувийг нь эргүүлэн авч ирж, ажиллуулж чадвал Монгол Улс хөгжинө.

-Тантай санал нэг байна. Гэхдээ 68 хувийн татвар гэснээс “Алтан Дорнод Монгол”-ын С.Паушокийг та сайн таних уу. Түүний хэргийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би С.Паушокийг сайн танина. Дээр хэлсэн жишээтэй адилаар С.Паушокийн асуудлыг тайлбарлаж болно. С.Паушок сайн ч хүн байж болно. Муу ч байж болно. Гэхдээ яг энэ асуудлын талаар надад монголчууд ч ярьж байсан.

-Юу гэж?

-Бид ч гэсэн Монголынхоо Засгийн газрыг, эсвэл гэнэтийн ашгийн хуультай холбоотой хэн нэгнийг шүүхэд өгөхөд бэлэн байна гэж. Яагаад гэвэл 68 хувийн татвар Монголын алт олборлогчдыг ч туйлдуулсан. Математик талаас нь авч үзсэн ч сүүлийн жилүүдэд алт олборлолт, тушаалтын хэмжээ багассаар байгаа. Хэнд ашигтай гэж. Монголчуудад л лав биш. С.Паушокийн асуудал нэг сарын дараа тодорхой болох юм шиг байна. Түүний дараа ч гэсэн хэцүү асуудлууд гарч ирнэ.

-“Эрдэнэт”-д ажиллаж байсны хувьд өнөөгийн байдлынх нь талаар  ямар бодолтой байдаг вэ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт”-ийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах тухай ярьж эхэллээ?

-Би эдийн засагч биш л дээ. Гэхдээ “Эрдэнэт”-ийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад буруу юм байхгүй гэж бодож байна. Оросын талаас ямар чиг хандлага, сонирхол байгаа, заавал 51:49 хувиар явах уу, эсвэл олон улсын чанартай нэг үйлдвэр байгуулах уу гэдгийг олон талаас нь бодох хэрэгтэй. Хүссэн хүсээгүй “Эрдэнэт” Монголын эдийн засгийн аврагч шүү дээ. Би “Эрдэнэт”-д ажиллаж байсны хувьд үүнийг жаахан ч гэсэн гадарладаг.

-Манай улстөрчид шагналын журмаар “Эрдэнэт”-ийн захирлыг томилсоор ирсэн. Бараг Ерөнхий сайдаас үнэтэй суудал ч гэж ярьдаг. Уг нь мэргэжлийн хүн энэ том үйлдвэрийг удирдах ёстойг мэдсээр байж ийм алхам хийдэг. Энэ талаар та шүүмжлэлтэй ханддаг уу?

-Энэ талаар шүүмжлэхэд надад хэцүү байна. Яагаад гэвэл  Оросын талаас ч ийм хандлага, алдаанууд адилхан  гаргадаг  нь одоо ч хэ­вээрээ. “Монголросцветмет” болон төмөр замын хувьд ч мөн адил. Аль аль  талаас нь мэргэжлийн хүмүүс томилогддог бол байдал илүү сайн байх байсан.

-Харин Ш.Отгонбилэг агсан, Х.Наранхүү нар мэргэжлийн хүмүүс байсан. Та аль захирлын үед ажиллаж байсан бэ?

-Би тэднийг сайн мэднэ. Бас Д.Дорлигжав захиралтай сайн харилцаатай байлаа. Гэхдээ нэг хүнээс бүх зүйл шалтгаалахгүй л дээ.

-Ер нь та Монголын улс­төрчдөөс хэн хэнтэй найз вэ?

-Монголын улстөрчид, тэр тусмаа дээд зиндааныхан нь миний насны хүмүүс байгаа. Тиймээс заримтай нь хамт сурч байлаа. Жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Эрдэнэт”-д ажиллаж байснаасаа хойш мэдэх болсон. Ерөнхий сайд С.Батболд манай сургуульд сурч байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай гээд ер нь олон хүнийг мэднэ. Хамгийн гол нь би тэдэнд хэлэх юмаа хэлдэг. Сонсохдоо ч сонсдог. Бидний хооронд дипломат харилцаа, эсвэл манж үг хэрэглэх шаардлага байхгүй. Ямар ч байсан шүүмжлэлтэй үгээ хэлж чадна.

-Монголын улстөрч найзуудынхаа нийтлэг  сайн, муу талууд, хамтарч ажиллахад түвэгтэй ааш араншингийн тухайд хэлж болох уу. Оросууд л үүнийг сайн мэднэ дээ?

-Монголчуудад сайн, муу чанар аль аль нь бий. Автобусны мөнгөгүй ч байсан хүүхдээ гадаадад сайн сургуульд сургахыг хичээдэг. Нөгөө талаас нэг сөрөг хандлага бий. Өөрсдөө ч анзаардаг байх. Хэн нэг нь бизнес эрхлээд ашигтай ажиллаад эхлэхээр нөгөөх нь атаархдаг.  

-Танай манай хоёр орны төрийн өндөр албан тушаал руу бизнесийн бүлэглэл, олигархиуд тэмүүлж эхэлсэн нь нууц биш. Нэгдээд улсаа хөгжүүлэхээр зорьсон бол сайн хэрэг. Харин хувийн бизнестээ улс төр, төрийн бодлогыг ашиглаж байгаа нь тоогүй. Таны бодлоор энэ нь сайн уу, муу юу?

-Оросын хувьд хоёр хүний жишээгээр ярьж болно. Нэг талаас Егор Гайдар, нөгөө талаас Анатолий Чубайс. Ерэн хэдэн онд  тэр үеийн Шадар сайд Да.Ганболд Москвад талийгаач Егор Гайдартай уулзахад  би тэр  уулзалтад байлцсан.  Тэгэхэд Егор Гайдар анх удаа ОХУ-д төлөх Монголын өр төлбөрийн 92 хувийг хүчингүй болгоно гэж ярьж тохиролцсон. Гэхдээ тэд хувийн журмаар уулзсан л даа. Хожим нь 98 хувийг хүчингүйд тооцсоныг та бүгд мэднэ. Тухайн үед Да.Ганболд нэлээд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог юм. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл Егор Гайдар бол хэзээ ч бизнес хийж байгаагүй. Цэвэр эрдэмтэн, сэхээтэн гаралтай албан тушаалтан. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан. Харин А.Чубайс эрчим хүч, нанотехнологийн томоохон компаниудыг удирдаж байсан. Тэдний нэг нь онолч, нөгөө нь практикч учраас тэдний хооронд олон том ялгаа байсан нь мэдээж. Монголын нөхцөлд улстөрчид нь дандаа бизнесмэн гэж хэлж болохгүй байх. Хүмүүс тодорхой хэмжээгээр бизнестэй байж болно. Жишээ нь Д.Дэмбэрэл гуайд том бизнес байхгүй байх аа.  
-Жишээ нь Олег Дерипаска  хувийн онгоцоороо монголд ирээд манай бизнесмэн улстөрчидтэй уулзчихаад явдаг. Энэ мэтчилэн манай хоёр орны олигархиудын хамтын ажиллагаа сайн үр дүн авч ирж чадна гэж та бодож байна уу?

-Хэрэв монголчууд сайн талаас нь ашиглаж, лобби хийж чадвал Орост Монголын лобби нэлээд боломжтой байгаа шүү. Монголд ажиллаж, эсвэл цэргийн алба хааж байсан орос иргэний тоо нэг сая орчимд хүрдэг. Бизнес, улс төрийн салбарт сайн явж байгаа нь ч олон бий. Тэднийг өөрийн талд татаж чадвал Монголд л сайн. Жишээ нь “Эрдэнэт”-д ажиллаж байсан орос хүмүүс “Эрдэнэтийнхэн” гэдэг холбоо байгуулж байгаа. Тэднийг зөвхөн жуулчны чиглэлээр ашигласан ч маш ашигтай.

-Орос, Монголын хооронд үл хөдлөх хөрөнгийн, тодруулбал найман байрны асуудал байдаг. Та шүүх хуралд нь оролцож байсан. Төрийн тэргүүнүүдийн шийдвэр гарчихаад байхад одоо болтол шийдэхгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Хэрэв надаас шалтгаалдаг байсан бол би Оросын үл хөдлөх хөрөнгийг Монголын талд аль хэдийнэ шилжүүлэх байлаа. Монголд бас Оросын үл хөдлөх хөрөнгө бий. Гэхдээ монголчууд Орост байгаа үл хөдлөх хөрөнгөөсөө илүүтэй энд байгаа Оросын үл хөдлөх хөрөнгөөс илүү ашиг олж байгаа гэж би баталгаатай хэлж чадна. Энд шударгаар нэг зүйлийг хэлэх ёстой. Дээрх найман байр, хамтарсан гуравдугаар сургуулийг  монголчуудад,  Монголын хүүхдүүдэд л өгмөөр санагддаг. Нэр нь тодорхойгүй бизнесмэнүүд, нууц компаниудад өгмөөргүй байна. Тийм ашиг сонирхол байдаг. Санамж бичгүүд хаялцаад л байдаг ч угтаа хэдхэн хүн шунаад байгаа нь харамсалтай.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нар оросуудын сайн танил. Таны хувьд тэдэнтэй хэр ойртож нөхөрлөж байсан бэ?

-Хэн хэнийг нь оюутан ахуйгаасаа сайн мэднэ. С.Баяр манай оюутны байранд байнга ирдэг байсан. С.Баяр их сургуульд, Н.Энхбаяр утга зохиолын дээд, би олон улсын харилцаагаар суралцаж байлаа.  Сайхан найзууд байсан.

-Тэднийг ирээдүйд улс орноо удирдан жолоодно гэдгийг та тэр үед төсөөлж байсан болов уу?

-С.Баяраас  1992 онд  сэтгүүл­чид ярилцлага авч байлаа. Гэтэл нэг сэтгүүлч  “Хэрэв та Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд байсан бол яах вэ” гэсэн асуулт тавьсан. Би анхааралтай ажиглаж байсан. С.Баяр тэр үед асуултыг байх л ёстой асуулт мэт маш энгийнээр хүлээж аваад ингэх, тэгэх байсан гэж хариулсан юм. Тэгэхэд би энэ талаар бэлтгэлтэй байдаг юм байна гэж бодсон. Н.Энхбаярын хувьд шууд хэлэхэд танай зарим дарга, УИХ-ын гишүүд, бас Оросын зарим удирдах хүмүүстэй харьцуулахад илүү мэдлэг боловсролтой л гэж хэлнэ. Хоёр, гурван сая хүнтэй байтугай 20-30 сая хүнтэй Монголыг ч удирдаж чадах хүн. 

-Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Одоо найз тань нэг үеэ бодвол завтай болсон байх?

-Ямар ч байсан удахгүй уулзана аа. Москвагаас түүний танил зохиолчдоос хэдэн ном явуулсан. Түүнийг дамжуулж өгөх ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах тов одоо болтол бүрхэг байгаа. Үүнд ямар учир байгаа бол, та юу гэж бодож байна?

-Миний бодлоор Орост шүүмжлэлтэй хандмаар байна. Монголын талаарх бодлогыг  тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллагад мэргэжлийн хүмүүс бараг алга. Үүнтэй холбоотой гэж бодож байна. Намайг ЭСЯ-нд ажиллаж байхад монгол хэлээр шалгалт өгдөг, хэлний нэмэгдэл гэж цалин авдаг байсан. Тэр үед 300 орчим хүн монгол хэлний шалгалт өгч, Монголтой холбоотой байгууллагад ажиллахаар тэмүүлж байлаа. Дахин хэлэхэд манай талын ч буруу байна. Танай ч буруу бий. Би аль нэг талд орохгүй.

-Манай ямар буруу байна?

-Нэг жишээ хэлье. Монголын одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийн үед Монголд хоёр гуравхан  хоногоор ирээд буцдаг гадаадын хүнд шагнал өгч байна. Гэтэл 30-40 жил ажиллаж, насаараа Монголын төлөө зүтгэсэн хүмүүст ямар ч шагнал өгөөгүй байна. Тэр үед монгол судлаач О.Н. Гумилёвыг  Монголд урья, шагная гэж яриад л байсан. Амжаагүй бурхан болсон шүү дээ. Миний багш Дарья Бутаев насаараа Монголын тухай материал цуглуулсан, бичсэн. Бас л үнэлээгүй. Сайн хятад, орос, япон судлаачдыг би мэднэ. Монгол судлаач нэг ч хүнийг танихгүй, мэдэхгүй.

-ОХУ-аас Монголд суух Элчинг томилохдоо ямар шалгуур тавьдаг вэ. Тухайлбал В.В.Самойленкогийн талаар та юу хэлэх вэ?

-Ямар шалгуур тавих нь тэдний хэрэг. Би зөвлөгөө өгч чадахгүй. В.В.Самойленког мэргэжлийн дипломатчийн хувьд гайгүй гэж найдаж байна. Гэхдээ Оросын дипломат албанд нэг том дутагдал бий. Нийт Элчин сайд нарын дунд Оросын Ерөнхийлөгчөөс насаар залуу нэг ч хүн байхгүй. Энэ бол “но”-той гэж би бодож байна. Танайд бол харьцангуй залуу хүмүүс маш сайн ажиллаж байгаа нь давуу талтай.

-Таныг ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч байсан гэдгээрээ бидэнтэй амь нэгтэй, нэг салбарынх гэж ойлгож болох юм. Өнөөдөр оросууд Монголын талаар ямар мэдээлэлтэй байна. Сайн уу, муу юу?

-Монголын талаарх мэдээлэл муу. Оросын телевиз, хэвлэлээр Монголын талаарх мэдээлэл маш бага цацагддаг. Монголыг   гадаадад сайн мэдэхгүй байна. Монгол судлаачид л таниулж байгаа. Үүнийг төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарах хэрэгтэй. Танай оронд ирж байгаа бүх бизнесмэн, ажил хэрэгч хүмүүс хэн боловч миний гаргасан Монголын тухай нэвтэрхий толийг хэрэглэж байгаа. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Энэ ажил минь Монголд хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм. Дандаа бид өөрсдийн бор зүрхээрээ ном хэвлүүлж, судалгаа хийж байна.

-Номоо хэвлүүлэх гэснээс таны  бичсэн “Путин ба Монгол” номыг “Цагаан шонхор холдинг”-ийн захирал Ч.Энхтайван ивээн тэтгэж хэвлүүлсэн юм байна. Та хоёр найзууд уу?

-Тийм ээ, найзууд.Түүнийг та нарын хэлдгээр олигархи гэх үү, яах вэ. Түүний туслалцаатайгаар хэвлүүлсэн. Аав нь түүхч байсан болохоор миний бүтээлд элгэмсүү ханддаг.

-Ч.Энхтайван захирал Таван­толгойг монголчууд өөрсдөө эзэмших ёстой гэсэн байр суурь илэрхийлж үндэсний  компанийн захир­луудыг нэгтгэх ажилд оролцож байгаа. Ер нь Оросын болон Солонгосын консорциум Тавантолгойн нээлттэй тендерт илүү итгэл найдвар өвөрлөсөн нь тодорхой. Та мэдээж өөрийн орны консорциумыг дэмжих байх?

-Мэдээж, “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” л гэж хэлнэ. Биднийг чөтгөр гэж үзэж болно. 

-Оюутолгой төсөлд оролцоогүй. Тавантолгойн төсөлд заавал оролцох ёстой гэсэн байр суурь ажиглагдаж байна уу?

-Ямартай  ч Оросын гео­ло­гич­дыг ажиллуулбал Монголд ашигтай. Канад, Австралийнх шиг тийм өндөр цалин горьдохгүй. “Эрдэнэт”-д ажиллаж байгаа мэргэжилтнүүд өөр оронд ийм төрлийн үйлдвэрт ажилласан бол хамаагүй өндөр цалин авч болох л байсан. Би зарим орос найз нараасаа асууж байсан. “Яагаад заавал Монголд тийм бага цалингаар ажиллах дуртай байдаг юм бэ” гэж. Тэд Монголд хайртай, олон жил ажиллаж амьдарч дассан л гэсэн тайлбар өгдөг. Тийм хариуг Канад, Австралиас та нар хэзээ ч олж сонсохгүй шүү. Эцэст нь хэлэхэд гадныхан Монголд их орж ирж байна гэж битгий хард. Би тэгж бодохгүй байна. Надад нарийн судалгаа бий. Дэлхийн бараг бүх оронд гадаадын иргэд 10-20 хувийг эзэлдэг. Зөвхөн Монголд нэг хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Ийм хууль дэлхийд байхгүй. Юунаас айгаад байгаа юм бүү мэд. Хяналт тавьж чадахгүйгээсээ ч болдог юм уу. Чадалтай сайн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй шүү дээ.

-Монголын гуравдагч хөршийн талаар та мэргэжлийн дипломатчийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Гуравдагч хөрш үү. Ямар ч гуравдагч хөрштэй болсон оросууд хардахгүй. Гэхдээ бидний олон жилийн уламжлалт харилцааг зохих түвшинд байлгах хэрэгтэй байх аа.

-Одоо та хаана ажиллаж, аж төрж байна?

-Монголд ирж буцан ажиллаж байна. Гол ажил маань орос-Монгол толь бичиг зохиох. Бараг жил бүр шинэчлэх хэрэгтэй. Ардын уран  зохиолч Ц.Дамдинсүрэн гуай надад захиа, тэмдэглэл үлдээсэн. Мөн  О.Н.Гумилёв, Петрбургийн зарим эрдэмтэд нэлээд материал үлдээснийг боловсруулж бүтээл болгохоор хичээж байна.

-Монголд орос хэл мэддэг хүн цөөрсөөр байгаад та сэтгэл дундуур байдаг уу?

-Би орос хэлийг заавал сур гэхгүй. Гэхдээ танай Н.Энхбаяр, С.Баяр нараас эхлэн дэлхийн томоохон улстөрчид орос хэл сайн мэддэг байсныг хэлэхэд таатай байна.  Кимбрижийн их сургуулийн орос хэлний багш цэвэр англи хүн байдаг. Цэвэр англи хүн мөртлөө  надад хэлэхдээ “Англи хэл бол тушаалын хэл” зөөгч, жолооч дуудахад хэрэглэдэг дэлхий дахинд жуулчны хэл болчихсон” гэж ярьж байлаа. Өөрөө төдийгүй эхнэр, хүүхдээ орос хэлд сургаж, гэртээ оросоор ярьдаг гэсэн нь сонин санагдаж байсан. XX зуунд Нобелийн шагнал хүртсэн орос хүн цөөн. Гэтэл Нобелийн шагналтнуудын ихэнх нь орос хэлийг төрөлх хэлээ гэж үзсэн байдаг. Орос хэлийг сурталчлах хэрэггүй. Тэртэй тэргүй ухаантай хүмүүс бол мэднэ. Германы канцлер А.Меркель багадаа орос хэлний олимпиадыг тэргүүлж байсан. Барак Обамагийн аав, ээж нь орос хэлний дугуйланд суралцаж байгаад танилцсаныг л хэлэхэд хангалттай.

У.ОРГИЛМАА. Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж