Д.Отгондалай: Надад ялагдах эрх байгаагүй | News.MN

Д.Отгондалай: Надад ялагдах эрх байгаагүй

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай: Надад ялагдах эрх байгаагүй

Азийн спортын 17 дугаар наадам Солонгосын Инчён хотноо болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсын баг тамирчид тун ч сайн оролцож, 21 медаль хүртсэн. Тэр дундаа таван алтан медаль хүртсэн нь түүхэн амжилт байлаа. Тэгвэл Азийн наадмын таван алтан медалын нэгийг эх орондоо авчирсан Монголын Боксын холбооныхон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхийдөө энэ удаагийн Азийн наадамд манай ширэн бээлийтнүүд маш сайн оролцож, Д.Отгондалай алтан медаль авсан. Энэ нь боксчдын хувьд Азийн наадмаас авч байгаа анхны алтан медаль юм. Гэхдээ шүүлтийн хувьд багагүй асуудалтай байсан гэдгийг холбооны удирдлагууд хэлж байсан. Манай хөнгөн жингийн тамирчид бараг бүгд медаль авах боломжтой байсан боловч чадаагүй.

Харин хүнд жингийнхэн хэдийгээр медаль авах хэмжээнд байгаагүй ч урагш давшиж, дайчин тулалдсан гэдгийг ч хэлж байсан юм. Энэ үеэр Азийн наадмын аварга Д.Отгондалай болон хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэгтэй цөөн хором ярилцлаа. 

-Азийн наадмаас Монголын боксчдын анхны алтан медалийг авсан. Сэтгэгдлээ хуваалцаач. Мөн дараа дараачийн зорилго юу байна?

-Энэ удаагийн Азийн наадам манай боксчдын хувьд хүндхэн тэмцээн болж өндөрлөлөө. Шүүлтийн хувьд эргэлзээтэй олон шийдвэр гарсан. Манай хөнгөн жингийнхэн сайн байсан. Олон ч медаль авах боломж байсан ч гэсэн чадсангүй. Миний хувьд ганцаараа медаль хүртээд, тэр дундаа Азийн наадмын аварга болсондоо маш их баяртай байгаа. Дараагийн зорилго гэвэл хамгийн түрүүнд дэлхийн аваргад амжилт үзүүлж, Олимпийн эрхээ авах. Ирэх жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Өндөр амжилт гаргахын төлөө өнөөдрөөс бэлтгэл сургуулилтдаа орж байна. Ирээд хоёр хоног амарчихлаа.

Хөмсөг задарсан. Өөр бэртэл гэмтэл гараагүй биз дээ?

-Хөмсөг задарсан нь эдгэж байна. Бэртэл гэмтлийн хувьд гайгүй байгаа.

-Аваргын төлөө өөрийгөө юу гэж зоригжуулж рингенд гарсан бэ?

-Мөнгөн медалийн төлөө тулалдсаныхаа дараа ярилцлага өгөхөдөө “Надад ялагдах эрх байхгүй” гэж байсан. Хамгийн гол нь Азийн наадмын аварга болохын төлөө бэлтгэлээ хийж, Инчёнд ирсэн байгаа шүү дээ гэж өөртөө хэлж байсан.

-2016 оны Олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд ирэх оноос эхэлнэ. Олимпт оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ?

-Итгэлтэй байгаа. Яагаад гэвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэлээд ранк өндөртэй оролцоно. Тийм болохоор амжилттай оролцож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Түүний төлөө бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх болно.  
 

М.Нандинцэцэг:  Азийн наадмын медальтан болсондоо баяртай байна  


-Азийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн. Тулаануудынхаа тухай ярьвал?

-Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцоод, хүрэл медаль авлаа. Хүрэл гэдэг  маш их үнэ цэнэтэй медаль гэж боддог. Тийм болохоор медаль хүртсэндээ маш их баяртай байна.

-Мөнгөн медалийн төлөөх тулаанд өрсөлдөгчөөсөө арай илүү байх шиг санагдсан. Зурагтаар үзэж байхад шүү дээ. Гэтэл ялалтыг Казахстаны тамирчинд өгчихсөн. Тэр тулааны талаар ярьвал?

-Тэр тамирчинтай өмнө нь тулж байсан болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тулаан дууссаны дараа яллаа гэж бодсон боловч ялагдсан. Шүүгч минийхийг биш өрсөлдөгчийн гарыг өргөсөн болохоор би ялагдсан нь үнэн. Би өөрийнхөө хувьд 100 хувь бүх зүйлээ гаргаж чадаагүй. 100 хувь сайн байж чадаагүй болохоор л ялж чадаагүй. Тиймээс ч ялалтаа луйвардуулчихлаа гэж хэлж чадахгүй байна.

-Ер нь тэмцээний эхнээс л өрсөлдөгч нараа илт давуу хожиж байсан шүү дээ. Харин тэмцээний төгсгөл рүү жаахан “суух” маягтай болсон. Ядрав уу, яав?

-Миний хувьд Инчён руу явахдаа Азийн наадмын аварга болно гэсэн зорилго тавьсан. Тэнд очоод 10 гаруй хоног болоод тэмцээндээ орсон, хоёр тоглолт хийсний дараа ойрхон тулалдсан болоод ч тэр юм уу ядралт байсан.

-Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Бэлтгэлээ маш сайн хангасан. “Олимп” бааз дээр 30 хоногийн цугларалтад гарсан. Тийм болохоор бэлтгэлээ маш сайн хангасан гэж бодож байгаа.  Яахав медалийн өнгө хувирах нөхцөл нь бүрдээгүй, цаг нь болоогүй л байсан юм байлгүй дээ. Тэглээ гээд сэтгэлээр унасан юм байхгүй. Цааш цаашдаа олон тэмцээн хүлээж байгаа. Чамлахаар чанга гэдэг шиг хүрэл медаль авсан болохоор сэтгэл дундуур байх шалтгаан ч байхгүй. 

-Боксын тамирчдын ерөнхий шүүлт жаахан асуудал байлаа шүү дээ. Энэ тал дээр юу гэж бодож байгаа вэ?

-Зарим нэг тамирчид дээр тиймэрхүү зүйл тохиолдсон. Миний хувьд бол тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тулалдсан, ялагдсан, болох юм болдгоороо л болсон.

-Хэдий шүүлт манай талд биш байсан ч эрэгтэй, эмэгтэй баг маань сайн байлаа. Анхны алтан медалиа авлаа. Эмэгтэйчүүд хүрэл медаль авлаа шүү дээ?

-Өмнөх Азийн наадмаас манай эмэгтэй боксчид мөнгөн медаль авч байсан. Би энэ удаад хүрэл медаль авлаа. Мөн Азийн наадмын түүхэнд аваагүй байсан алтан медалиа авлаа. Тийм болохоор боксын спортынхон маш их баяртай байгаа.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?

-Ирэх арваннэгдүгээр сард Чежүд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хамгийн ойрын зорилго гэвэл дэлхийн аваргаас медаль авах. Бүр цаашлаад алтан медаль авна гэсэн зорилго тавьчихсан бэлтгэлээ хийгээд байж байна даа.

Эх сурвалж: www.mminfo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

emegtei xun 30 beltgel yaj xiix be dee sariin temdeg hi 4-5 xonog irne tegeed daraa hi bux beltgel hi zadraad yadraad Co-d ochood erduu 10 xongiin beltgeltei orson bna

Avatar

Зочин 2014-10-08 182.160.8.203

Баяр хүргэе.Гэхдээ цаашдаа илүү их амжилт гаргахын тулд маш даруухан байж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж,улам их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.Тамирчин хүн гаргасан амжилтаараа хэтэрхий их бахархаад,биеэ тоох байдал гаргаад ирвэл гаргасан амжилтаасаа илүү амжилт гаргах боломжоо алддаг гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.

Avatar

Зочин 2014-10-08 202.21.106.106

otgondalaid bayar hurgey! gehdee chi altiin toloo bol sain baigaagui shuu shuult harin manai tald hiichihev uu gej bodson. uneheer sain beltgel hiij baij tom temtseenees medali avna. badaruugan shig boloh heregtei bn bitgii oorsdiigoo omoorood bai. ard tumen ta buhniig uhaahij aldaan deeree suraltsaasai gej ih omoorch, devruulj yarihaar dagaad hoorood baih yum. beltgelee sain hii. amjilt

Avatar

box 2014-10-08 67.188.111.190

odoo bolno baihoo otgondalai ireeduin ikh temtseendee beldsen n deer biz. too much talking stop it . good luck

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж