Архив AP/ Frank Augstein
Шведийн шинжлэх ухааны хаантны академи Штефан Хелль (Stefan W. Hell), Эрик Бетциг (Eric Betzig), Уильям Мернер (William E. Moerner) нарыг өндөр нарийвчлалтай флуоресцентийн микроскоп бүтээсэн гээд 2014 оны химийн шинжлэх ухааны шагналтнуудаар зарлагдлаа. Өнгөрсөн оны энэ салбарын шагналыг АНУ-ын Мартин Карплус, Майкл Левит, Ари Варшел нарт “химийн системийн цогцолборуудын олон шатлалт моделийг” боловсруулсны төлөө олгосон юм.
Хэн шагнал авах боломжтой байв?
Thompson Reuters-ийн шинжээчид химийн салбарт технологийн сэдвийг бас илүүд үзлээ. Тэдний үнэлгээгээр Чин Тан (АНУ, Хонгконг), Стивен ван Слейк (АНУ) нар органик гэрлийн диодыг бүтээснээр энэ жилийн шагналтан болж магадгүй байна. Тэдний бүтээлийг смартфон, таблет, өндөр шийдлийн телевизид хэрэглэж байна.
Өөр хоёр группын эрдэмтдийн бүтээл нь илүү хими талдаа. Тухайлбал, Саудын Арабт ажилладаг Чарльз Т.Кресге, Өмнөд Солонгосын Рён Рё, АНУ-ын Гэлен Стаки нар бүтэц нь 2–50 нм интервалын голчтой сувгууд, судалтай мезо судалт материалуудыг бүтээсэн нь катализатор, сорбент, сенсор маягаар оптик, элетроник болон анагаахад өргөнөөр ашиглагдаж байгаа юм. Нанотехнологид мезосудалтыг нано хэмжээний тусгаарлагдсан бичил хэсгийн матрица ба нано савханцар болгон ашиглаж байгаа.
Австралийн CSIRO гэх шинжлэх ухааны агентлагийн ажилтнууд Грэм Моуд, Эзио Ридзардо, Сань Тхан нар шагнал авахаар полимерин синтезийн технологийг бүтээцгээсэн юм. Үүгээр янз бүрийн бүтэц, чанартай бодис гарган авч ашиглаж болох юм. Амьд байгальд элдэв дагаваргүйгээр бодисийн нийллэгийг явуулах боломжийг өгч байгаа юм. Түүнийг энд тэндгүй хэрэглэж болно. Үүнд Оросын эрдэмтэн Валерий Фокины нэр байна. Түүний хамт М.Г. Финн ба Барри Шарплес нар шагнагдаж магадгүй. Тэд шагнагдвал Шарплес хошой Нобельтон болох байлаа.
Шагналыг Техасын их сургуулийн 92 настай профессор Жон Гуденаф, Стэнли Уиттингхем (АНУ), Акира Йошино (Япон) нарын хамт гар утас зэргийн авсаархан цахим төхөөрөмжүүдэд ашиглагдах литийн-йонын зай бүтээсэн гээд авч магадгүй гэж үзэж байна.
Есдүгээр сарын сүүлч хүртэл шагналд нэр дэвшигчдийг Шведийн шинжлэх ухааны академи, Нобелийн хороодын гишүүд, хойд нутгийн орнуудын их, дээд сургуулийн багш нар болон шагналтнууд дэвшүүлдэг. Ихэнх хугацаанд Нобелийн хороодын шийдвэр нууц байгаад зөвхөн 1974 оноос дэлгэрэнгүй шийдвэрийг 50 жилийн дараа зарлаж болно гэж тогтоожээ. Түүний дараа 1901-1964 онуудын хугацаанд хэнийг хэн нэр дэвшүүлсэн, хэн нь шагнал авсныг Нобелийн сангийн сайтаас харж болно.
Химийн шагналын онцлог
Олон жилийн өмнө боловсруулсан журмын дагуу физик, химийн шагналыг хэвлэлээр тайлбар шүүмж хийгдсэн бүтээлийн эздэд олгодог журамтай болжээ. Нээлт нь их чухал, түүнийг дэлхийн шинжлэх ухааны хүрээнийхэн үнэлэн зөвшөөрсөн байх ёстой. Тиймээс туршлага хийгчид нь онолчдоосоо илүүтэйгээр шагналтан болдог. Онолчид нь мэдэгдсэн үзэгдлүүдийг тайлбарласан нь хүлээн зөвшөөрөгдвөл шагналтан болно.
Энэ жилийн Нобелийн долоо хоног 113 дахь удаагаа явагдаж байгаа ч химийн шагнал зөвхөн 106 дахь удаагаа олгогдож байна. Янз бүрийн шалтгаанаар 1916, 1917, 1924, 1933, 1940-42 онуудад шагнал өгөгдөөгүй юм.
Нобелийн шагналын хэмжээ нь 2010 онд 10 сая крон ($1,5 сая) байгаад 2012 оноос бууран 8 сая крон ($1,1 млн) болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР