Гаалийн хуульд өөрчлөлт оруулна | News.MN

Гаалийн хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Гаалийн хуульд өөрчлөлт оруулна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс “уг асуудлын намын бүлэг дээр хэлэлцээгүй байгаа” гэх үндэслэлээр тав хоногийн завсарлага авлаа.

Энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байснаас эхнийх нь ийн хойшлогдсон бөгөөд Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагаар нь хэлэлцсэн юм.

Хуульд буй 97-р зүйлийн гурван заалтын агуулгад өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид төлөвлөсөн аж. Үүнд, Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдэд гарч байгаа хүндрэл бэрхшээл үүсдэг бөгөөд “Гаалийн тухай” хуулийн 97.1-р заалтад “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна” гэж заасан байдаг аж. Гэтэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил байгаа бөгөөд гэрээнд зааснаар баталгаат засварын хугацаа нь нэг жил байгааг тооцож үзвэл замын барилгын ажлын гүйцэтгэгч нь дор хаяж 3 жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол улсад байршуулах шаардлагатай боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 2-3 жил  хэрэгжих төсөл, арга хэмжээнд 2-3 удаа оруулж, гаргахаар болж буй гэнэ.

Түүнчлэн замын барилгын ажилд зөөвөрлөхөд хялбар өөрөө явагч машин, техникээс гадна суурин тоног төхөөрөмжүүд нэлээд байдаг. Тухайлбал:  чулуу бутлуур, бетон зуурмагын үйлдвэр, асфальт үйлдвэрийг (Жишээ нь: Асфальт заводыг талбай дээр хамгийн багадаа 1.5-2 сарын хугацаанд угсарч суурилуулдаг) барилгын талбай дээр суурилуулж бүрэн тохируулга хийсний дараа, хилээр гаргах, дахин оруулж  угсрахад нилээд зардал гарч хугацаа алдахын зэрэгцээ барилгын ажил зогсч, удаарширснаас зээл, тусламжийн хөрөнгө төлөвлөсөн хугацаандаа ашиглагдахгүй сөрөг үр дагавар гарч байгаа аж. Энэ нь Гүйцэтгэгч болон Захиалагчийн зардлыг өсгөж, улмаар гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, барилгын ажил хугацаандаа хийгдэхгүй болж гэрээний дагуу Захиалагчаас Гүйцэтгэгчид торгуульд төлөх зэрэг  хүндрэлүүдийг үүсгэдэг байна.

Замын барилгын ажилд шаардлагатай гэрээнд заасан техник, тоног  төхөөрөмжийг Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж, хуулийн 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу барааг оруулахад барьцаа болгосон тухайн барааны үнийн дүнгийн 15.5%-тай тэнцэх дүнг төлдөг. Нэг бүр нь ойролцоогоор 100.0 мянган ам долларын үнэтэй нийт 100 ш техник, тоног төхөөрөмжийг оруулахад 1.5 сая ам.долларыг гаалийн барьцаанд төлнө. Тоног төхөөрөмжийг хилээр оруулах тээвэрлэлтийн болон бусад зардлуудыг тооцож үзэхэд Гүйцэтгэгчийн ажлын талбайг хилийн боомтоос 100 км-т гэж авч үзвэл 1 ширхэг тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 2.5 сая төгрөг, бусад зардал 500 000 төгрөг, нийт 3.0 сая төгрөг болно. Ажлын талбай дээр 100 машин механизмыг ашиглана гэж тооцвол 300.0-600.0 сая төгрөгийг зарцуулна. 1 ширхэг машин механизмыг хилээр оруулж гаргахад 2 хоног, гаалийн бүрдүүлэлт хийхэд 4 хоног, 100-200 ширхэг машин, механизмыг 10 ширхэг автотейлерээр 100 км-т зөөнө гэж тооцоход 60-120 хоног зарцуулах тооцоо гарч байгаа юм. Эдгээр нь эргээд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр, олон улсын хэмжээнд  тогтсон жишгийн дагуу хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд ихээхэн хүндрэлийг үзүүлж, зээл, тусламжийн үр ашиг, эдийн засгийн үнэлэмжийг бууруулж буй юм.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-08 202.21.118.98

1 жилийн хугацаатай түр горимоор оруулж ирдэг барааны тухай хуулийн заалтийн хүндрэлийг зөв бичсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж