Судалгаагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй шилдэг Засгийн газрын тэргүүн, улстөрчөөр шалгарсан тухай мэдээ гарах болсон. Энэ талаар МАН-ын бүлгийн байр суурийг сонирхсон сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол ‘’Рейтингийн судалгаа гээчийг захиалгаар хийлгэж Монголд байхгүй нэр хүндтэй улстөрч, Ерөнхий сайд мэтээр өөрийгөө магтуулж байгаад өмнөөс нь ичиж нүүр улайж байна. Бидний мэдэхийн сүүлийн 20 жилд Н.Алтанхуяг шиг нэр хүндгүй, чадваргүй Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Шуудай нүүрс зөөж, ард түмнийхээ амьдралыг сайжруулна гэж яриад эдийн засгаа элгээр нь хэвтүүлж байгаа нь үнэн шүү” хэмээн ширүүхэн шүүмжлэв. Тэрээр мөн хэлэхдээ “Ерөнхий сайдын ажлын үр дүн одоо юунд хүргэж байгааг та бид харж байна. Ийм цагаандаа гарсан худалч хүн Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй суудалд сууж байгаа нь энэ төрийн эмгэнэл юм даа. Өдөр бүр худлаа ярьж суудалдаа үлдэхийн тулд хор найруулж, амиа ч худалдахаас буцахгүй болсон байгааг нь хараад сэтгэл эмзэглэж байна. Монгол төрийн хууль ёс, зарчим, монгол хүний мөс жудгийг өдөр бүр сүйтгэж байгаа нь урьд өмнө нь энэ төрийн түүхэнд байгаагүй эмгэнэл болж байна“ гэлээ.
Г.НАРАН