“Уугуул үндэстэн бүхэн Соёлын яамтай”

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

“Уугуул үндэстэн бүхэн Соёлын яамтай”

Л.Болд: Уугуул үндэстэн бүхий улс орнууд заавал Соёлын яамтай байдаг

Засгийн газрын бүтцийг, цаашлаад бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед “Яагаад, юуны тулд ийм өөрчлөлт хийж байгаа, энэ нь хэнд хэрэгтэй вэ” гэсэн асуулт бүхий хэлэлцүүлэг улстөрчид төдийгүй олон нийтийн дунд өрнөж буй. Энэхүү асуултын хариуг ихэнхдээ улстөрийн утга агуулгаар, хатуухан хэлбэл “Хэн нь сайдын суудалдаа үлдэж, хэн нь явах вэ” гэх халаа, сэлгээний хооронд хайж байгаа нь ч үнэн. Гэтэл тусгаар тогтносон төрт улсад Засгийн газрын бүтэц, энэ бүтцэд заавал байх ёстой яамдыг зүгээр ч нэг улс төрийн халаа, сэлгээний журамд нийцүүлэн тодорхойлж болдоггүй аж.

Олон улсад тогтсон жишгээс харвал тусгаар тогтнолоо дэлхий дахин хүлээн зөвшөөрүүлсэн улс орнууд л Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай байдаг төдийгүй уугуул үндэстэн бүхий улс орнууд Соёлын яамтай байдаг талаар УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гишүүдэд хандан хэлсэн нь олон хүнийг анхаарлыг татсан юм.

Өнөөдрийн хэлэлцэж байгаа бүтцийн өөрчлөлтөөр бол Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгахаар байгаад тэрээр эмзэглэж, эсрэг байр суурьтай байгаагаа тайлбарласан. Түүнийхээр бол тус яамыг өнөөгийн нэрээр нь татан буулгаж, спортын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудал багтаан үндэсний ирээдүйд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар авч явах нь зүйтэй ч “Соёл, аялал жуулчлал”-ын асуудлыг бие даасан бүтцээр үлдээх ёстой гэж үзэж буй аж. Тэрээр өөрийн байр сууриа тайлбарлахдаа: 

-Та нар бусад орнуудыг судлаад үзээрэй. Ямар улсад соёлын яам байна гэхээр уугуул үндэстэнтэй, уугуул соёлтай оронд Соёлын яам заавал байгаа юм. Хятад, Орос, Франц гээд… Гэтэл АНУ ч гэх юм уу, зарим нүүж очсон улсад ийм яам байдаггүй. Бид өнөөдөр өөрсдийгөө үнэхээр бодох хэрэгтэй. Монгол Улсыг дэлхийд ялгаж авч явж байгаа энэ соёлоо өнөөдрийн зоосны нүхээр харж болохгүй. Зоосны яамд болохоор байж болдог, энэ оюуны соёл, монгол хүн гэж ялгарч явдаг зүйлээ яах юм бэ.Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, хураахдаа анхаарч, авч үлдэх ёстой шүү гэж хатуухан сануулсан.

Түүний ярьснаар өнгөрсөн зууны 50-70-аад онд Соёлын яам Монгол Улсад маш чухал, одоогийнхоор бол Дэд бүтцийн яамны хэмжээнд чухал байжээ. Яагаад гэвэл үзэл суртлын нийгэмд соёл, урлаг, утга зохиолоор дамжуулан үзэл суртлаа хамгаалж байсан. Гэтэл тэр үеэс хойш өнөөдрийг хүртэлэнэ яамыг жижиглэсээр, ач холбогдлыг нь бууруулсаар, зөвхөн төсөл, мөнгө, тендер рүүгээ хошуурсаар байгаад, эцэст нь татан буулгахад хүрч байгааг Л.Болд гишүүн шүүмжиллээ. “Тэр ч байтугай дараагийн ээлжинд хууль гаргаж, “Соёлын яамыг татан буулгая” гэсэн санал, санаачилгыг хуулиар хориглох ёстой. Энэ соёл, аялал жуулчлал гэдэг монголчуудын ирээдүйн зуу, зуун жилийн баталгаа юм шүү. Өнөөдөр Соёлын яам гээд өөрийн үндэстний бахархлыг төрийнхөө бодлогоос авч хаях гэж байгаа бол үнэхээр эмгэнэлтэй” байна гэж тэрээр мэдэгдлээ.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс өнгөрсөн зууны дунд үед хоёр хөрштэйгээ найрамдалт харилцаа тогтоосон гэдэг үндэслэлээр Батлан хамгаалахын яамаа татан буулгаж байсан түүхтэйг Л.Болд гишүүн хэлсэн үгэндээ хавчуулаад авсан. Аливаа улс харгалдах дайсантай учраас л батлан хамгаалах салбартай байдаг юм биш. Энэ бол тусгаар тогтносон улсад заавал байх ёстой салбар гэж тэр үед өмнөд хөршийн цэргийн зүтгэлтэн монголчуудад зөвлөж байсан гэх баримт ч дурдсан. Тэрээр 2008-2012 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан ба энэ албыг анх хүлээн авч байхад “Монголд батлан хамгаалах ямар хэрэгтэй юм бэ, энэ яамыг татан буулгая, хоосон арми тэжээдгээ болих хэрэгтэйгэсэн уур амьсгал нийгэмд давамгайлж байсныг чуулганы танхимаас сануулаад “Энэ хандлагыг өөрчлөхөөс ажлаа эхэлж, олон ангит кино хүртэл бүтэж байж нийгмийн сэтгэл зүйг өөрчилж чадсан” гэж ярилаа.

Үнэхээр ч Л.Болд гишүүний сануулсанчлан Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан уугуул үндэстэнтэй, өөрийн хэл соёл, уламжлал, заншилтай, төрт ёсны арвин түүхтэй гүрэн. Төр засгаа байгуулахдаа өнөө, маргаашийн өгөө аваа, тулга тойрсон улстөржилтөө хойш тавьж, арай өргөн хүрээнд асуудлыг харах хэрэгтэй юм.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж