“Онлайн аяллын салбарт өрсөлдөөн, шинийг санаачлах орон зай хангалттай их байна. Бид аяллын мэдээлэл зохион байгуулдаг арга замыг сайжруулах болно” гэж “Google Inc” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. “ITA Software” компани 500 орчим ажилтантай бөгөөд Массачусетсын Технологийн Институтын компьютерын эрдэмтэд анх 1996 онд бүтээгээд онлайнаар захиалга авдаг системийг нь олон тооны нислэгийн компаниудад, тухайлбал “American”, “Alaska”, “Southwest”, “Continental” зэрэг компаниудад зарсан юм. Уг програм хангамж мөн нисэхийн бусад компаниудын вэб сайтаас мэдээлэл авч билетний үнийн хэлбэлзэлд хяналт хийж чаддаг.
“Google Inc” компани “ITA”-ын энэ салбарт гаргасан амжилтыг улам сайжруулахын хамт хүмүүс онлайнаар нислэгийн билет захиалах хайлт хийж байгаатай уялдаалах юм байна. Энэ үйл ажиллагаа хэрэгжсэнээр хамгийн том хожигч нь хэрэглэгчид болох бөгөөд энэ үйлчилгээг хэрэглэснээр “Orbitz”, “Expedia” зэрэг бусад аялалын компаниудын ажилд сайнаар нөлөөлөх болно гэж таамаглаж байна. Түүнчлэн нислэгийн мэдээллийн хажуугаар сурталчилгааны орон зай зарснаар илүү их орлого олж болох юм. Шинэ салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэдээлэл зарлагдсаны дараа “Google Inc” компанийн хувьцаа 41 центээр өсөж 439.90 цент болсон байна.
Т.Бадрах