Улаан мана буюу цахиурлаг хас чулууг хууль бусаар хил гаргахыг завдсан хэрэг аравдугаар сарын 6-ны өдөр гарчээ. Өмнөговь аймгийн нутаг дахь Шивээхүрэнгийн Гаалийн газрын ажилтнууд эл хэргийг илрүүлсэн бөгөөд хэд хэдэн машинтай, хэлэлцэж тохиролцсон хэсэг бүлэг хүмүүс үйлдэл дээрээ баригдсан байх юм. 63-63 УБЗ, 20-20 ӨМА гэхчилэн азын дугаартай автомашин хөлөглөсөн тэднийг анх удаа учраа мэдэхгүйгээс хил гаальд саатуулагдсан гэж огт бодогдохгүй байгаа юм. Урьдаас төлөвлөн зохион байгуулсан байж болзошгүй тэдгээр хүмүүс улаан хас чулууг машиныхаа суудлын доор, тос маслоны сав, түлхүүр багажин дотроо нуусан төдийгүй зарим жижгүүдийг нь оймсондоо хүртэл хйисэн байжээ. Тэр өдөр нийтдээ 530 кг улаан хас чулууг гаалийнхан хураан авчээ. Энэ бол ганц удаагийн шалгалтаар илэрсэн хэрэг. 63-63 УБЗ фургон машины эзэн М гэгч машиндаа давхар шал хийж, нуувч хөндий гаргасан төдийгүй суудлын түшлэгээ хүртэл эд зүйлс нуух зориулалтын сав болгон өөрчилж, хагас тонн орчим /420 кг/ чулуу нуусан байжээ. Ингэж гаальчдын шалгалтад ороогүй, нууц далд байдлаар хэд хэчнээн тонн байгалийн чулуу хилийн дээс алхсаныг таашгүй. Энэ он гарснаас хойш Шивээхүрэнгийн боомтоор л гэхэд байгалийн чулуу, тэр дундаа улаан хас гаргах гэж байгаад баригдсан хэд хэдэн хэрэг гаальд бүртгэгджээ.
…2014.04.07 MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт шилжүүллээ…
…2014.04.23 Шивээхүрэн шалган нэвтрүүлэх боомтоор ӨМӨ 68-14 улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг Хилийн тагнуулын ажилтнууд саатуулан үзлэг шалгалт хийхэд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат И нь 205 килограмм байгалийн чулууг нуун хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсныг илрүүлсэн байна. Мөн тэрбээр 205 килограмм үзмэн мана чулууг нүүрсний доор нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ…
Ийн бичээд байвал уртаас урт цуваа болох нь. Статистикаас харвал 2013 оны сүүлийн хагас жилээс өнөөг хүртэл нийтдээ 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байгалийн болон үнэт чулууг хил гаалиар нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлжээ. Гаалийн ерөнхий газрын хэмжээнд оны эхнээс аравдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд эрүүгийн хэргийн шинжтэй 73 үйлдлийг илрүүлсний найман удаагийн үйлдэл нь байгалийн чулууг хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг байх юм. Байгалийн чулууг Шивээ хүрэнгээс гадна Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор ч гаргахыг оролдож байжээ.
Говь нутаг эрдэс баялаг арвинтай. Газрын гүний баялгаас гадна газрын хөрсөн дээрээ ч өнгө, өнгийн гайхалтай чулуутайг говьд өссөн хүн бүр андахгүй. Зөвхөн Өмнөговь төдийгүй Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайхан ч нутгийнхаа чулууг түүн арилждаг болжээ. Байгалийн чулууг нутгийн иргэдээр түүлгэж, олборлуулан хил гаалиар татвар төлөлгүй, хууль бусаар гаргадаг бүлэглэл, сүлжээ хэдийнэ бий болжээ. Байгалийн чулуу арилжигчид нутгийн иргэдэд төлсөн хөлс мөнгөө хэд дахин нугалж олдог гэж говийнхон хэлэлцэх нь үнэний ортой. Хил гаалиар нууж гаргаж чадвал хилийн цаана байгалийн чулууг арилжих гэж зовдоггүй гэж чулуу наймаалагчид өгүүлсэн байна. Учир нь монгол нутгийн чулууны “амтанд орсон” өвөрлөгчид болон хятадууд хилийн цаадах Сэхээ, Эрээний боомт дээр хүлээж байдаг аж. Үнэт болон байгалийн чулуу хил гаалиар сэм гүйлгэгчдийн дунд хятад иргэд цөөнгүй байдаг ажээ. Тэд Монголоос кг тутмыг нь 45-60 мянган төгрөгөөр худалдан авсан чулуугаа хилийн цаана 120-150 мянган төгрөг, цаашлаад 420-450 мянган төгрөгт хүргэн арилждаг ажээ.
Үнэт чулууны ангилалд ороогүй ч байгалийн чулуун дотроо хамгийн үнэтэй нь улаан мана буюу цахиурлаг хас юм байна. Хатуулгаараа алмаазын дараа ордог ч гэх. Энэхүү үнэтэй боловч үнэгүйдчихээд байгаа чулууны онцлог болоод олдцын талаарх мэдээлэл авах гэж мэргэжлийн байгууллагуудад хандсан боловч тоймтой хариу өгөх хүн олдсонгүй. ШУА-ийн Эрдэс баялгийн хүрээлэнгийнхний хувьд хил гаалиар наймаалаад байгаа чулуу нэг их сонин биш гэнэ.” Ямар чулууг яах гэж судалсан, тогтоосон зүйл одоогоор манай хүрээлэнд байхгүй, Ашигт малтмалын газраас л асуу” гэж байх юм. Ашигт малтмалынхан ч ялгаагүй бидэнд хамаагүй гэсэн хариу өгч байна. Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас А зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авч байж л хилээр гаргах ёстой гэдгээс илүү мэдээлэл өгсөнгүй. Хэд хэчнээн аж ахуйн нэгж, хувь хүн энэ төрлийн зөвшөөрөлтэйг ч цээжээр мэдэх хүн алга. Хэрэвзээ энэ талаарх мэдээллийг авъя гэвэл албан бичиг өгөөд ажлын 3-5 хоног хүлээж байж хариуг нь авах болж таарав. Хамгийн сүүлд буух эзэн буцах хаяг нь Геологийн төв лаборатори гэж өөрсдөөсөө холдуулсан хариу өгч байлаа. Ийм л хөл хүндтэй албан хаагчдаар амаа таглуулсан надад хамгийн оновчтой бөгөөд тов хийсэн хариултыг Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албаныхан өгснийг дээр тоочин бичсэн билээ.
Чулууг байгаль дээр байж л байдаг, ургаж л байдаг мэтээр та бид төсөөлдөг. Гэвч чулуу гээч эрдэнэ ургаад ундраад байдаггүйн дээр хямдхан өртгөөр хил давсан чулуу монгол нутагтаа үнэт эдлэл болон буцаж ирдэг ажээ. Гэтэл ганцхан жилийн дотор л гэхэд хил гаалиар Зайсан толгойтой дүйхүйц хэмжээний чулууг хууль бусаар давуулахыг оролдсоныг холбогдох албаныхан хураан авсан байх юм. Нутгийнхаа чулууг онголон шүтэж, “Байрнаасаа хөдөлсөн чулуу ормоо олох гэж гурван жил зовдог” хэмээн захидаг хөгшид маань хэдийнээ бурхны орноо заларчээ. Эх нутгаа хайрласан өвгөдийн философийг өнөө цагт ойлгодог хүн үгүй болсон хэдий ч улсынхаа эрдэс баялгийг харж хамгаалах үүрэг бүхий байгууллагынхан, мэргэжлийн хүмүүс нь санаачлагатай ажилладаг байгаасай. Би л хувьдаа эрдэс баялгийн мэргэжилтэй байсан бол хил гаалиар зөөгөөд байгаа үнэгүйдсэн үнэт чулууг заавал судлах байсан.
Д.ЦЭЭНЭ