Б.Отгонбаяр: Ажлын уялдаагаа сайжруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Б.Отгонбаяр: Ажлын уялдаагаа сайжруулна

Хангарьд ордонд маргааш НИТХ дахь Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт болох юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Отгонбаяраас тодрууллаа.

-Нийслэл болон дүүргүүдийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтыг яагаад санаачлан, зохион байгуулах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Ардчилсан намын хувьд 2012 оны сонгуулиар нийслэлийг хөгжүүлэх ардчилсан намын “5А” төлөвлөгөө нэртэй сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож, сонгогчдын дийлэнх олонхийн дэмжлэгийг авч, түүхэндээ анх удаагаа НИТХ-д олонхи болсон. Орон нутгийн сонгуулиар ч мөн адил “5А” төлөвлөгөөг иргэд дэмжиж, ихэнх дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулсан. Энэ ч утгаараа нийслэл болон дүүргийн хэмжээнд манай намаас дэвшүүлсэн нийслэлийг хөгжүүлэх энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулан олон төрлийн ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд явж байна. Нөгөө талаар ИТХ дахь эрх баригч намын бүлэг гэдэг бол өөрийн намын сонгуулиар дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө тухайн шатны ИТХ-аас батлан гаргаж буй бодлого, хөтөлбөрт тусгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий онцгой чухал үүрэгтэй улс төрийн институци юм. Энэ утгаараа нийслэл, дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн анхдугаар уулзалтыг НИТХ дахь АН-ын Бүлгээс санаачлан анх удаагаа зохион байгуулах гэж байна. 

-Анхдугаар  уулзалтынхаа хөтөлбөрийн талаар тодруулаач?

-Нийслэл болон 9-н дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж дарга, дэд дарга, ажлын албадын ажилтнууд нийлсэн 50 орчим төлөөлөгчид уулзалдах урьдчилсан тоо байгаа. Уулзалтын хөтөлбөрийн хувьд бүлгүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал болон шат шатны хурал дахь бүлгийн уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцохоор төлөвлөсөн.  

-Уг уулзалтаар нийслэлийн хөгжил, өнөөдөр хийгдэж буй ажилтай холбоотой асуудлууд яригдах уу? 

-Би түрүүн дээр хэлсэн. Бид 2012 оны сонгуулиар АН-аас гаргаж тавьсан “5А “төлөвлөгөөг шат шатанд хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа гэж. ИТХ дахь намын Бүлэг, түүний төлөөлөгчдийн үйл ажиллагаа нь ерөөсөө л иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалах, тэдний амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө чиглэгдэж байдаг. Тиймээс хурал дахь Ардчилсан намын бүлгүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулсанаар иргэдийн санал бодлийг сонсох, илүү ойртож, нягт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь эргээд иргэн-төлөөлөгч-намын бүлэг-иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн бүтцээр дамжин, иргэдийн санаа бодлыг тусгасан, тэдний эрх ашигт илүү нийцсэн шийдвэр гаргах механизмыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

“5А” төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-аас олон хөтөлбөр, төслүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Ахмадын орон сууц”, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэх мэт хөтөлбөрүүдийг дурдаж болно. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд нийслэл болон дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгүүд хамтран хяналт тавьж, шахалт үзүүлэн ажлын явцыг эрчимжүүлэх,  үр дүнг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарал тавьж, нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нь нийслэлийн хөгжил цэцэглэлтэд оруулах томоохон хувь нэмрийн нэг юм. Энэ асуудлаа ярина. Нэмж хэлэхэд аливаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болон нийслэл, дүүргийн төлөөлөгчид нь уг тойргийн иргэд, сонгогчдод тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  3-н өөр талаас нь, 3-н өөр аргаар 3-н өөр нөөц боломжоор ажиллах тохиолдол олон байна. Гэтэл энэ хүмүүс хүн хүч, нөөц боломж, мэдээллээ нэгтгээд ажиллавал тухайн асуудлыг шийдвэрлэх боломж нь хамаагүй ихсэж байгаа юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэх нэг боломж нь намын бүлгүүдийн үйл ажиллагааны нягт хамтын ажиллагаа учир энэхүү уулзалтын нэг чухал үр дүн нь бүгд нэг чигт, тодорхой зохион байгуулалттайгаар ажилладаг болгох эхлэлийг тавих явдал юм.

-Намын бүлгийн төлөөлөгчдийн хувьд ажил үүргийн гүйцэтгэл, түүнийг хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бол?

-Өмнөх үетэй харьцуулвал төлөөлөгчдийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэх боломж ихэссэн. Өнөөдрийн байдлаар төлөөлөгч сард гурваас таван удаа хурал чуулганд оролцон асуудлаа хэлэлцдэг болсноор идэвхи санаачлага нь сайжирч, ажлын ачаалал их болж, үр дүн нь нэмэгдсэн. Мөн засаг захиргааны ажлуудтай байнга танилцаж, эрхийнхээ дагуу ажилд нь хяналт шалгалт тавих, шаардлага хүргүүлэх зэрэг үүрэгт ажлаа сайн хийдэг болсон. Жишээ нь, өргөдөл гомдлын хороонд хамгийн их өргөдөл гарсан гурван нийслэлийн төр захиргааны байгууллагууд дээр очин, тухайн өргөдөл гомдлыг хэрхэн шийдэж байгаа талаар ажил байдалтай нь танилцсан байна. Тухайн хариуцаж авсан ажил үүрэгт туршлагатай, ажлаа сайн мэддэг төлөөлөгчид сонгогдон ажиллаж байгаа учраас ажлын бүтээмж илүү болж байгаа юм. Мөн Нийслэл хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр төлөөлөгчийн байр суурийг хүчтэй авч үзэж, түүний дагуу бүлэг болон чуулган ажлаа явуулдаг болсон нь үр дүнгээ маш сайн өгч  байна.

Хэдийгээр төлөөлөгч нар ажил үүргийнхээ чиглэлээр мэдээллийн сувгуудыг ашиглан чөлөөтэй ярилцлага, мэдээлэл өгч байгаа ч нэгдсэн зохион байгуулалт байхгүй болохоор тэр болгон олон нийтэд мэдээллээ хүргэж чадахгүй байгаа байдал ч бас ажиглагдаж байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа уялдуулж нягт хамтран ажиллахаас гадна намын бүлгийн төлөөлөгчдийнхөө, мөн дүүргүүдийнхээ хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллийг тодорхой болгож, иргэдэд зөв хүргэх хэрэгтэй юм гэж үзэж байна.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж