ҮСХ үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээ хийлгэжээ | News.MN

ҮСХ үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээ хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

ҮСХ үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээ хийлгэжээ

ҮСХ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЖ, ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Улс орныхоо хөгжлийг тоон хэлээр толилуулж буй статистикийн алба нь  90 жилийнхээ нөр их хөдөлмөрийг олон улсын байгууллагуудаар үнэлүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага боллоо.

Үндэсний статистикийн хороо нь үйл ажиллагаандаа олон улсын шинжээчдийн багаар цогц үнэлгээ хийлгэж, статистикийн салбарын үйл ажиллагаа  дэлхийн жишигт хэр нийцэж байна, өнөөдөр ямар түвшинд хүрсэн, цаашид юу хийх шаардлагатай байгаагаа тодорхойлох хэлбэрээр урьд өмнөхөөс, ер нь улс орны хэмжээнд хэвшиж тогтсон жишгээс арай өөрөөр “жишиг сайтай” хэлбэрээр түүхт ойгоо угтлаа.

Олон улсын цогц үнэлгээ нь олон улсын түвшинд болон Европд ашиглагддаг  стандарт, зарчим, зөвлөмж, түүний дотор НҮБ-аас баталсан Албан ёсны статистикийн үндсэн зарчим, Европын статистикийн Үйл ажиллагааны журмын  дагуу тухайн улс албан ёсны статистик мэдээллээ эрхлэн гаргаж буй эсэхэд хийдэг институцийн, бүтэц зохион байгуулалтын болон мэргэжлийн чадавхийн хүрээг хамарсан нарийвчилсан, цогц дүн шинжилгээ юм. Иймд олон улсын цогц үнэлгээ нь улс орнуудын төр, засгийн байгууллага, эрх бүхий байгууллага, хэрэглэгч, үндэсний болон олон улсын түвшинд хамтран ажиллагч байгууллагуудад тухайн орны статистикийн системийн хөгжлийг цогц байдлаар харах боломжийг олгодог байна.  

Евростатын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү уулзалт семинарын үндсэн зорилго нь 2013-2014 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн Олон улсын цогц үнэлгээний үр дүнг тархаахын сацуу статистикийн системд чанарын соёлыг нэвтрүүлэх арга хэрэгсэл болж буй олон улсын үнэлгээний давуу талыг Азийн улс орнуудад таниулж, туршлагаа хуваалцах, статистикийн үйл ажиллагаанд чанарын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

“Үндэсний статистикийн системийн хөгжилд олон улсын цогц үнэлгээний гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын дээд хэмжээний уулзалт семинарт НҮБ-ын  Европын Эдийн засгийн комиссын статистикийн хэлтсийн бүсийн зөвлөх Габриел Гамез, НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хэлтсийн эдийн засаг, байгал орчны статистикийн тасгийн дарга Рикки Мюнк Хансен, Норвегийн Статистикийн газрын дэд дарга Олав Льонес, ХБНГУ-ын Статистикийн хорооны төлөвлөлт зохицуулалт ОУ-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Бернд Стөрцбах болон Ази, Номхон далайн орнуудын 10 гаруй орны төлөөлөл, ТУХН-ийн орнууд, БНСУ, Турк, ХБНГУ, ОХУ зэрэг улс орнуудын нийт 40 гаруй төлөөлөгчид төдийгүй Монгол Улсад ажиллаж буй ОУ-ын байгууллага, элчин сайдын яамдын төлөөлөл оролцсон байна.

Олон улсын байгууллагын төлөөлөгчдийн зүгээс ҮСХ-ны удирдлага, хамт олонд түүхт их ойгоо олон улсаас сайн гэсэн үнэлгээ авч тэмдэглэж байгаад баяр хүргэж, тус семинарын ач холбогдол, цаашдын зорилтын талаар сэтгэгдэлээ илэрхийлж байлаа. НҮБ-ын  Статистикийн хэлтсийн дарга Стефан Швайнфест хэдийгээр семинарын үйл ажиллагаанд биеэр оролцож чадаагүй ч видео мэндчилгээг хүргүүлж,  “Миний бие Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрнаас Монгол Улсад орчин үеийн үндэсний статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан Та бүхэнд баяр хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Азийн үндэсний статистикийн байгууллагуудад зориулан статистикийн салбарын чанарын тогтолцоог нэвтрүүлэх олон улсын цогц үнэлгээний уулзалт семинарыг зохион байгуулж, 2015-2019 оны статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж буй энэ үед Монгол Улсын Үндэсний статистикийн хороо энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан өнгөрснөө эргэн харж бахархах төдийгүй ирээдүйгээ, цаашид хийх ажлаа төлөвлөж байгаа гэж ойлгож байна. НҮБ-ын Статистикийн хэлтэс энэ аялалд та бүгдийн хамтрагч байж хамтран ажиллана гэдгээ дахин тэмдэглэхийг хүсэж байна” хэмээсэн нь Монгол Улсын статистикийн салбар нь дэлхийн түвшинд итгэл хүлээсэн нөлөө бүхий байгууллага болсны илрэл юм. Түүнчлэн НҮБ-ын  Европын Эдийн засгийн комиссын статистикийн хэлтсийн бүсийн зөвлөх Габриел Гамез “Статистикийн хувьсгал нь олон улсын үндэсний хэмжээнд бүх талуудын оролцоотойгоор хийгдэж байгаа бөгөөд тэдний дунд Монголын Үндэсний Статистикийн хороо голлох байр суурьтай билээ. Монголын статистикийн системийн сүүлийн үеийн үнэлгээний үр дүн нь  зөв зам дээр байгааг бидэнд харуулсан болохоор энэ нь боломжтой юм гэдэгт би итгэлтэй байна.  Цаашдын амжилтад хувь нэмэр оруулах залуу статистикчдыг мэргэшүүлж, ур чадварыг нь сайжруулах нь  ирээдүйд Монголын статистикийн амжилтын үндэс байх болно. Учир нь байгууллага тусгай зориулалтын ажилтангүй бол цэрэггүй армитай адил юм” гэж  ҮСХ-ны амжилт, цаашдын зорилтыг дүгнэж хэлжээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-08 202.131.228.51

ҮНБ-ээ хэзээ тооцож эхлхэ вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж