Туркт курдууд цагдаа нартай мөргөлджээ | News.MN

Туркт курдууд цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Туркт курдууд цагдаа нартай мөргөлджээ

 

Туркийн Засгийн газрын хайхрамжгүй байдлыг буруутгасан олон зуун курдууд өчигдөр орой /Х.7/ эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас 10 гаруй хүн амь үрэгдсэн байна. Курдууд голдуу оршин суудаг Сирийн Айн эль-Араб хотын төлөөх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд Туркийн тал идэвхигүй, хайхрамжгүй хандсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөжээ. Туркийн нийслэл Анкара, Истанбул зэрэг олон хот, тосгодод курдуудын эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Туркийн цагдаа нар жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан гэж албаныхан мэдээлэв. Түүнчлэн курдуудын эсэргүүцлийн улмаас Туркийн зүүн өмнөд хэсгийн зарим хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоосон байна.  

 

Туркийн Дэд сайд Ялкин Акдоган “Турк Айн эль-Арабын төлөө чадах бүхнээ хийсэн. Биднийг хотын төлөө юу ч хийгээгүй гэдэг бол худал яриа” гэж мэдэгдсэн байна. Гэвч олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр Туркийн армийн цэрэг, танкууд хил дагуу байрласан байсан ч Сири рүү дотогш нэвтрээгүй гэнэ. Айн эль-Араб хотын төлөөх гурван долоо хоног үргэлжилж буй тулаанд 400 хүн амь үрэгдсэн гэж ажиглагчид дүгнэжээ. “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Айн эль-Араб хотыг эзэлснээр Сири, Туркийн хилийн урт бүсэд хяналтаа тогтоож чадах аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж