АБГББ-ын хороо дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ | News.MN

АБГББ-ын хороо дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

АБГББ-ын хороо дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ

 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2014.10.08/ хуралдаан 9 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

  Байнгын хорооын хуралдаанаар эхлээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийсэн юм.

Олон улсын валютын сан (ОУВС) байгууллагынхаа засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү багц шинэчлэлээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх буюу Захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орны оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, ОУВС-гийн квотын хэмжээг нэмэгдүүлэх юм байна.

  ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилладаг нэгж болох Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд уг зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг АНУ, Япон, ХБНГУ, Франц, Англи улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог. Манай улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай хамт нэг тойрогт харьяалагддаг. Иймээс ОУВС-гийн энэ шинэчлэлийн үр дүнд манай улс шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

  Харин квотын шинэчлэлийн үндсэн зорилго нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг бодитоор харуулж, эдийн засгийн өөрчлөлтөд уян хатан байх тогтолцоог бий болгох, мөн хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ шинэчлэлээр квотыг тооцох томъёог илүү бодитой, ил тод болгох, квотыг нэмэгдүүлэх, хөгжиж буй болон нэн ядуу орнуудын ОУВС дахь дуу хоолойг нэмэгдүүлэх юм байна.

Монгол Улс болон манай улстай ижил төстэй эдийн засагтай орнуудын хувьд квот нэмэгдсэнээр хямралын үед ОУВС-аас авах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх, ОУВС-гийн бодлого илүү тэнцвэртэй, уян хатан болоход нөлөөлөх боломж бүрдэнэ. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй, хөгжиж буй манай улсын хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

 Сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөшөөрөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

  Дараа нь Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулгыг сонсов. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын санхүүгийн бус эрсдэл (улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээ зөрчих, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг)-д баталгаа гаргадаг байна. Манай улс тус байгууллагын конвенцид 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, УИХ 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар гишүүн орон болжээ. Тус байгууллагаас уг конвенцийн 59, 60 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа аж.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм. Иймээс дээрх хэлэлцээр болон конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцсөн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

  Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Нийтдээ 6.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа аж. Уг төслийн үр дүнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга зэрэг Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаар эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирч Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 300 000 иргэдэд үйлчлэх боломжтой болох аж. Түүнчлэн уг төв нь бусад бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн төв эмнэлгүүдтэй телемедициний сүлжээгээр холбогдож, эмчилгээ, оношилгооны үр дүн сайжрах нөхцөл бүрдэх юм байна.

  Дараа нь Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулга хийсэн юм. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц-ийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-нд хуралдсан 21 дэх удаагийн хуралдаан болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганы 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталжээ. Манай улс энэхүү конвенцид гарын үсэг зурах тухай асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөж, 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр уг конвенцид гарын үсэг зурсан байна.

Энэ конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж. Конвенцийн 2 дугаар зүйлд зааснаар “Хүчээр алга болгох” гэдэг нь “алга болсон аливаа этгээдийн эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн этгээдийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу этгээдүүд, эсхүл төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан бүлэг этгээд тухайн этгээдийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

 Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд уг конвенцийн орчуулга ойлгомжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид олон улсын гэрээ, конвенцийн орчуулгад Засгийн газар болон холбогдох яамд анхаарах, мэргэшсэн орчуулгын алба бий болгох төсөв хөрөнгийг шийдэх өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ингээд Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж