Стокгольмд физикийн Нобельтнуудыг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Стокгольмд физикийн Нобельтнуудыг нэрлэлээ

Нобелийн шагналтнуудад зориулагдсан 2013 оны хүлээн авалт. 

Архив/AP Photo/Henrik Montgomery

 

Шведийн хаантны Шинжлэх ухааны академи 2014 оны Нобелийн шагналтнуудыг нэрлэв. Өнгөрсөн онд Физикийн шинжлэх ухааны салбарын шагналтнаар Бельгийн эрдэмтэн Франсуа Энглер ба Британийн профессор Питер Хиггс нар "Субатомын бичил хэсгийн массын үүслийг ойлгох механизмыг нээсний төлөө” тодорсон юм. Ер нь шагналтнуудын нэрс зарлагдталаа нууц байдаг бөгөөд шагналтнууд ч нийтэд зарласан тэр өдөр  л шагнал авснаа мэддэг.

 

 

Нобелийн хороо энэ удаа ч бас олны санаа бодлоос огт өөр хүмүүсийг шагналтнаар зарлав.  Нэр алдар нь дурсагдаж байгаагүй япончууд: Исама Акасаки (Isamu Akasaki), Хироси Амано (Hiroshi Amano), Сүюзи Накамура (Shuji Nakamura) нар хямдхан, цэнхэр гэрлийн диод (нөгөө алдартай цэнхэр LED гэрэл) зохиосноороо шагнал  авлаа. Эдгээр хагас дамжуулагч төхөөрөмжүүдээр бид цахилгаан гүйдэл гүйлгээд цэнхэр диапазоны гэрэл авдаг билээ.

 

Энэ жилийн Нобелийн шагналтан Накамура нь Nichia Chemical Industries корпорацийн ажилтан байхдаа цэнхэр гэрлийн диодыг бүтээсэн ба компани нь түүнд ямар ч шагнал өгөөгүй байв. Тэрээр  ажлаасаа халагдан АНУ-д очиж Санта-Барбарын Калифорнийн их сургуульд багшилж байжээ.  Тэрээр мөн ажил олгогчтойгоо нээлтийнхээ төлөө заргалдаж байж,  2004 онд 20 сая иенийн нөхвөрийг шүүхийн шийдвэрээр гаргуулж авчээ. Харин Исама Акасаки 1929 онд төржээ. Докторын зэргийг  1964 онд Нагойн их сургуульд хамгаалсан байна. Тэдний хамтрагч Хироши Амано 1960 онд төрсөн, бас л Нагойн их сургуульд 1989 онд доктор болжээ.

 

Хэнийг гэж таамаглаж байв?

 

Сонин хэвлэлийн шинжлэх ухаан хариуцсан шинжээчид  энэ жилийн шагналыг Чарльз Кейн (Пенсильваний их сургууль,  Филадельфи, АНУ), Чан Шоучэн (Стэнфордын их сургууль, АНУ),  Лауренс Моленкамп (Вюрцбургийн  их сургууль, Герман)  нар авах магадлалтай гэж байлаа. Эхний хоёр нь квантын компьютер ба цахим төхөөрөмжүүдэд ашиглаж болох нано хэмжээний тусгаарлагч  байгааг урьдчилан хэлж, сүүлчийнх нь баталсан байв. Берклийн Калифорнийн их сургуулийн  Ян Пэйдун нано дамжуулагчийн гэрлийг  үүсгэгч ультра лазер зохиосон учир  бас  шагнал авах боломжтойд тооцогдож байлаа. Нарны аймгаас өөр  ертөнц буйг нээсэн Мишель Майор (Женевийн их сургууль) хүртэл яригдаж байв.

 

Одоогийн байдлаар физикийн Нобелийг 195 хүн хүртээд байгаа бөгөөд  тэдний  148 нь хамтарсан бүтээлийнхээ төлөө  шагнал гардан авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж