Гаалийнхан мэргэжлийн холбоодын саналыг сонсов

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Гаалийнхан мэргэжлийн холбоодын саналыг сонсов

ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт болон чиглэл хариуцсан хэлтсийн дарга,ажилтнууд саяхан Монголд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, ассоциацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын жонш олборлогч үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг холбоодын удирдах албан тушаалтнууд оролцсон байна.

Мэргэжлийн холбоодын зүгээс гаалийн байгууллагатай хамтран ажиллахад тулгамддаг асуудлын талаар хөндөн тавьжээ. Монголын аялал жуулчлалын холбооны зүгээс гаалийн Улсын Байцагчийн ёс суртахуун, зан харилцааны соёлыг анхаарах, хилийн чанадаас ирж буй жуулчдын хувийн ачаа тээшнээс татвар хураамж авч буй асуудлыг шийдвэрлэх, нисэх онгоцны буудалд зорчигчийн ногоон гарцыг тогтмол ажиллуулах, гаалийн байцагчийн гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг саналыг тавьсан байна.

Харин Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос аюултай ачааг тухай бүр лабораторийн шинжилгээнд хамруулдагийг эргэн харж, тухай бүр хамруулах бус хугацаагаар нь тогтоож болох эсэхийг тодруулж байв. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага болон гаалийн байгууллагын лабораторийг нэгтгэх боломжтой эсэх, шинэчлэн боловсруулж буй Гаалийн тухай хуулийн төслийг аж ахуйн нэгж байгууллгаг, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхийг санал болгосон байна.

Н.ЦЭЛМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж