Машинаа тусгайлан тоноглосон байжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Машинаа тусгайлан тоноглосон байжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд аравдугаар сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэж явсан 63-63 УБЗ, 20-20 ӨМА, 24-82 ӨМА, 18-92 ӨМӨ, 72-73 ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон, нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, тээврийн хэрэгслийг зориудаар нэмж тоноглосон үйлдлийг илрүүлсэн байна.

Үүнд : 2020ӨМА тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан бол 2482 ӨМА автомашины жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан байжээ. Мөн 1892 ӨМӨ машины жолооч П нь байгалийн үнэт 10кг чулууг тос маслын саванд нуусан,7273 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Н нь 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан байна. Хэргийг Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110 кг чулууг хураан улсын орлого болголоо.

Мөн Монгол улсын иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан зэрэг үйлдлүүдийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж