ССАЖЯ-ыг хэвээр үлдээхээр болов

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

ССАЖЯ-ыг хэвээр үлдээхээр болов

Засгийн газрын бүтцийг өөрчлөх хуулийн төслийн хэлэлцүүлэг чуулганы танхимд үргэлжилсээр байна. Дахин сануулбал төслөөр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөх, Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаал бий болгохын зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгохоор тусгасан бөгөөд өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал,  Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан нь тус тус дэмжлэг хүлээсэн бол Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтай болгох санал дэмжлэг хүлээгээгүй юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгах саналын талаар гишүүд саналаа хэлж буй бөгөөд гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын төр 2000 оноос эхлэн зөв бодлогоор дэмжсэний үр дүнд спортын хөгжил өссөн. Гэтэл Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжиж өгсөнгүй” гэсэн бол Р.Гончигдорж “ССАЖ-ын яам гэсэн бүтцийг хасч болохгүй. Ашиг сонирхлын маргаан байгааг мэдэж байна” хэмээсэн юм.

ССАЖ-ын яамны чиг үүргийг өөр яамдад хуваахыг Ж.Энхбаяр гишүүн дэмжиж буйгаа илэрхийлэн “Татан буулгах гээд байгаа юм биш, ажлыг нь сайжруулах бүтцэд шилжүүлэх гээд байгаа хэрэг. Урлагын байгууллагын мэргэжлийн чадавхи алдагдсан, Динозаврын байшин яриад гурван жил өнгөрлөө. Энэ хооронд хэчнээн өв соёл үгүй болов. Динозаврын яс бол өв биш, архелогийн олдвор шүү. Соёлын, спортын, аялал жуулчлалын салбаруудад бүгдэд уналт гарлаа шүү дээ” гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг яамыг үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж