Монгол маркийн музейтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Монгол маркийн музейтэй боллоо

Манай улсад марк бий болоод өдгөө 90 дэх жилтэйгээ золгож, шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Анх  1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк үйлдвэрлэжээ. Тэр бүх маркыг өдгөө Монгол маркийн музейд он оноор нь  дараалуулан хадгалах боломжтой боллоо.  

Монгол шудан компанийн Маркийн газрын дарга Д.Ганболд: “Хамгийн сүүлд хөрш хоёр орны тэргүүн ирсэнтэй холбогдуулан “Путин, Си Зиньпин” гэсэн маркийг хэвлэсэн.  Мөн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг ОХУ-тай хамтран маркийг хэвлэлээ. Ер нь марк нь ихэвчлэн түүхэн ач холбогдолтой он цаг үе, улс төр, урлаг соёл, ан амьтаны төрлөөр гардгаараа онцлог. Бид  90 жилийн ойн хүрээнд Монгол маркийн музейн нээлт хийж байгаа нь илүү онцлогтой“ хэмээн дурдлаа

Уншигч та Төв шуудангийн 2-р давхарт байрлах энэхүү музейгээс Монгол маркийн 90 жилийн түүхийг тольдож болно. Ан амьтан, ургамал, суут хүмүүс, түүхэн үйл явдлууд гээд музейн өнцөг булан бүрээс та Монгол Улсын эртнээс эдүгээ хүртэлх түүхийг харж болно.

Маркын музейн мэргэжилтэн М.Сэлэнгэ:

-1924 оны наймдугаар сард хэвлэгдэн гарсан "Элдэв очир" маркнаас эхлээд 2014 он хүртлэх 4100-аад төрлийн марк тус музейд хадгалаастай байна. Одоогоос арван жилийн өмнө маркийн үзэсгэлэнг гаргаж байсан. Харин өнөөдөр музейгээ нээж байгаадаа баяртай байна гэлээ. Тус музей нь энэ оыг дуустал хүмүүст үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин  ирэх жилээс 500 орчим төгрөгийн хураамжтай болох ажээ.

Марк зураач, профессор Л.Бумандорж:

-Би Монголын уран зургийн галерейн уран бүтээлч зураач хүн. 1987-1990 онуудад маркны зураг зурж байлаа.  Хамгийн анх сансрын сэдэвт маркны зураг зурж эхэлсэн.  Маркийн төрлүүдээс спортын, түүхийн, угсаатан зүйн, үйл явдлын, ан амьтны гээд маш олон төрлийн маркны уран бүтээл туурвисан. Марк зурахад гэдэг маш их судалгаа, цаг хугацаа зарцуулдаг. Хэр баргийн хүн зурчихдаггүй. Би саяхан Герман улсын маркны өлгий нутаг болох Рехнштен хотод очиж маркны зураачидтай уулзаж туршлага солилцоод ирсэн гэлээ.

Марк цуглуулагч Д.Вандандорж:

Миний хувьд дэлхийн 150-аад улс орны хүмүүстэй захидлаар харилцаж, өөрийн цуглуулгаар дамжуулан улс эх орноо сурталчилж байдаг. Монгол маркны бараг бүх багц надад бий.  1960 оноос эхлэн цуглуулсан маркны тоо өдгөө 3500 төрөл болоод байна. Аливаа түүхэн үйл явдлын маркийг цуглуулаад зогсохгүй ном, дурсгалын тэмдэг зэрэгтэй нь хамтатган цуглуулах болсон. Миний цуглуулгад ховор нандин марк олон бий. “Ихэр 3”,”Бэлчээр дээр”,  “25 доллар” гэх  мэтчилэн  үнэтэй ховор марк ч байгаа. Ямар нэгэн зүйлийг шимтэж судлаад, цуглуулаад ирэхээр сүүлдээ хобби болчихдог юм байна. Марк цуглуулдаг клуб холбоонд нэгдэж өөрт байгаа маркаа зарах, солих мэтээр ажилладаг. Би сар болгоны  тэтгэврээ маркны  цуглуулгандаа зориулдаг болсон. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгчийн 50 жилийн ойд зориулан гаргасан маркийг худалдаж аваад байна” гэсэн юм.

Д.Вандандорж гуай Монгол маркийн музей байгуулсныг ихээхэн олзуурхаад хойч үеийн цуглуулагчдад, хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо гэв.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж