Оюутны холбоо хүртэл улстөржсөн газар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Оюутны холбоо хүртэл улстөржсөн газар болжээ

“Монголын оюутны холбоо”-ны ээлжит XIII чуулган энэ сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт болсон. Харин энэ хурлыг хуйвалдаантай болсон гэж хэсэг нөхөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өөрсдийгөө “Монгол залуу хүн” ТББ-ыг төлөөлж байгаа гэсэн юм. “Монголын оюутны холбоо” хэмээх хэл аманд өртөж байдаг энэ байгууллагын удирдлагын суудлын төлөө чамгүй өрсөлдөөн өрнөдөг бололтой. Холбооны удирдлагад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч хуйвалдаанаар хасагдсан гэх А.Отгонбаатар  өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Намайг яг  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  шиг өргөөд гаргачихсан” гэх зэргээр ярих. Түүний хэлснээр бол  Монголын оюутны холбооны XIII чуулган гэгч тунчиг сүр дуулиантай  үйл явдал болжээ. Чуулган болсон байрыг 40 гаруй цагдаа, цэргийнхнээр хамгаалуулж, гаднаас нэг ч хүн нэвтрүүлэхгүй, залуусын бие засахыг хүртэл хорьсон юм байх. Бүр чимээ гаргахгүй байхыг сануулж, дуугарсан хүнийг заалнаас хөөж гаргаж байсан гэнэ.

Оюутны холбооны удирдлагад нэрээ дэвшүүлсэн ч хуйвалдаанаар хасагдсан гэж мэдүүлж буй А.Отгонбаатар нарын хэсэг нөхөд оюутны холбоо намын эрх ашигт үйлчилдэг, хүрэлцэхгүй байгаа гэх оюутны дотуур байруудад холбооны гишүүдийн гэр бүлийнхэн үүрлэчихсэн гэж  шүүмжлэв. Мөн хэзээнээс хэл ам таталдаг 6500 төгрөгийн үнэтэй оюутны картыг үнэгүй хэвлэх боломжтой талаар ярьсан юм.

Оюутны холбоо гэгч сайн дурын энэ байгууллагын удирдлагын суудлын төлөө энэ мэт улстөржсөн тэмцэл өрнөж байна. Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ажил хийхээс илүү аль нэг нам, улстөрчдийн захиалгаар мэдэгдэл хийж, жагсаад цуглаан зохион байгуулдаг гэх шүүмжлэлд байнга өртөх Монголын оюутны холбоо  улстөржсөн газэр болж хувирсан нь харамсалтай.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж