“Халтуур” болсон хандивын тоглолт

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Халтуур” болсон хандивын тоглолт

Урлаг соёлын тоглолтууд ээлж дараалан борооны дараах мөөг шиг ар араасаа болдгийг бид мэднэ. Гэтэл эдгээр тоглолтуудын тал нь хандивын тоглолт гэвэл буруудахгүй болов уу. Харин хандивын гэх нэртэй тоглолтуудын орлого хэд нь эзэндээ очдогийг та бид мэдэхгүй. Хандивын гэж нэрлэсэн айхтар тодорхойлолттой тоглолтын ард хэдхэн хүмүүсийн амархан мөнгө олох гэсэн санаа яваад байгаа юм биш биз. Урлагийн одууд нэгдэж тоглолт хийх, нийтийн дуучид нь хүүхдүүдэд туслана, хошин урлагийнхан хошин урлагт зүтгэж яваад бие нь муудсан нэгэндээ туслана гэдэг сүүлийн үед урлагийнхны дунд “мода” болчихжээ.

Үнэндээ хандивын гэх тоглолт хэдэн хамтлаг дуучдын халтуурдаад л өнгөрдөг үнэгүй тоглолт болж хувирах вий. Ийм төрлийн тоглолтыг “Халтуурны хандив” гэж нэрлэвэл зохино.  Сайхан сэтгэлтэй мэтээр жүжиглэж хэдэн уран бүтээлчдийг цуглуулаад л ганц хоёр уран бүтээлээр нь үзэгчдийг хошгируулж орхидог болсон нь нууц биш. Хандивын тоглолтын зохион байгуулагчид зар сурталчилгаандаа “Бүх одод нэгэн тайзан дээр чуулна” гэх сүртэй нэрээр тоглолтоо сурталчилдаг ч бодит байдал дээр салбар бүрийн хоёр, гуравхан төлөөлөл болсон уран бүтээлчид дээд тал нь  хоёр дуу дуулчихаад л явчихдаг аж. Тайз засалт, дуу дүрсний тохиргоо нь хүртэл нэр хэмээх төдий халтуурдсан байх нь элбэг. Хэрэв нэг уран бүтээлч үзэгчдэд хүргэхийг зорьж,  өөрийнхөө тоглолтыг хийвэл тайзны засалтаас эхлээд маш нямбай бэлтгэдэг.  Харин хэн нэгэн хүнд туслах хандивын тоглолтонд дуучид понаграмтай л байхад хангалттай гэж боддог бололтой.

Тоглолт цагтаа эхэлнэ гэж үгүй. Тэвчээр муутай нэгэн бол гараад явчихаар хугацаанд хүлээлгэн байж эхлэх ёс мэт болжээ. Уран бүтээлчид нь ар араасаа цувж ирэх гэсээр байтал тоглолт зарласан цагаасаа  30 минутаас нэг цаг хүртэлх хугацаагаар хойшлох нь энгийн л үзэгдэл. Уран бүтээлчид “үзэгчид цагаа барьж ирдэггүй” гэх шалтаг хэлдэг ч үзэгчид “угаасаа цагтаа эхэлдэггүй” гэсэн тайлбарыг хэлдэг. Хэрэв аливаа тоглолт яг цагтаа эхэлдэг болчихвол үзэгчид цагаа барьж сурах нь дамжиггүй. Анх зар түгээхдээ олон арван дуучид, уран бүтээлчдийн нэр жагсаадаг ч олонх нь тоглолтдоо ирэхгүй үзэгчдийг хуурсан тохиолдол ч гарч байсан.

Гэхдээ хандивын тоглолт бүр халтуурдаж өнгөрдөг гэж бас болохгүй. Өгөөмөр нинжин сэтгэлтэй хүмүүс ядарсан зүдэрсэндээ зориулж, халуун сэтгэлээрхандивын тоглолт хийхийг буруутгах гэсэнгүй. Хойшид ч энэ цуваа тасрахгүй. Тиймээс хандивын тоглолтод хүнийрхүү хандаж,  халтуурдаж өнгөрөөдөг муу зуршил арилаасай гэсэндээ ийн бичлээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж