Улс төрийн хямрал, үндсэрхэг үзлээс болгоомжилж байгаагаа нуусангүй

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Улс төрийн хямрал, үндсэрхэг үзлээс болгоомжилж байгаагаа нуусангүй

Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн 17 дугаар хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ. Энэхүү чуулганд гадаад, дотоодын 60 орчим төлөөлөгч цуглан Монгол Улс одоо ямар байна, цаашдаа хэрхэх вэ гэсэн асуултыг тойрон ярилцаж буй. Дотоодын төлөөлөгчдийг тодруулбал, Уул уурхайн Үндэсний ассоциацийн хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Уул уурхайн Дэд сайд О.Эрдэнэбулган, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар болон гадаадын хөрөнгө оруулагч нарын төлөөлөл оролцсон юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оны хоёрдугаар улиралд 185.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 228.4 сая ам.доллар буюу 55.2 хувиар буурчээ. Хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх, тогтвортой түншлэл бий болгохоор хууль эрх зүйн орчинг хоёр талд хоёул тааламжтайгаар шийдэхийг хичээсэн тухай энэ үеэр онцлов. Гэсэн хэдий боловч хөрөнгө оруулалт сайжрахгүй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын байр суурь хамгийн чухал байна.

Хөрөнгө оруулагчдын нийтлэг сонирхож байсан асуудал бол Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ирэх жил ямар байх талаар юм. Ялангуяа Засгийн газрын шинэ бүтэц ямар байж, түүнээс үүдэж, салбаруудад хэрхэн өөрчлөлт гарах, Оюутолгойн санхүүжилт хэдийгээр шийдэгдэхэд гадаадын хөрөнгө оруулагчид анхаарлаа төвлөрүүлж байна. Түүнчлэн 2016 онд Монгол Улсад сонгууль болохтой холбоотойгоор улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд бужгинаан үүсэх магадлалтай тул хөрөнгө оруулагчид хамтын ажиллагаа эхлүүлээ хүлээзнэж буйгаа нуусангүй. Эдгээр асуултад бодлого боловсруулагчид манай эдийн засаг ирэх жилийн хагас хүртэл төдийлөн сайжрахгүй, энэ байдлаараа үргэлжлэх хандлагатайг хэлж, учирлаж байсан. Хамгийн чухал мэссэж нь Монгол Улс ардчиллын замд эргэлт буцалтгүйгээр орсон бөгөөд эрдэс баялгийн салбарт үндсэрхэг үзлийг хойш тавьж байгаа гэдгийг өнөөдрийн хурлын үеэр онцоллоо.

Ямартай ч хөрөнгө оруулагчид Монголын улс төр, эдийн засгийн өөрчлөлт, хямралаас ихээхэн болгоомжилж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж