Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн 23 дугаар хуралдаан Грек улсын Тессалоники хотноо зохиогдож байна. Хуралдаанд 40 гаруй орны 100 гаруй судлаач, эрдэмтэд оролцож байгаа ажээ. Хуралдааныг Монгол улсаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ "Мазаалай бол дэлхийн дулаарлын горыг хамгийн их амсаж байгаа амьтан. Уур амьсгалын өөрчлөлт говь цөлийн бүсэд яаж нөлөөлж байгааг мэдье гэвэл “Мазаалайгаас асуу” гэмээр байна. Монголын говьд зарим жил зэрлэг амьтад идэх зүйл бүү хэл, уух усгүй харангадаж үхэж байна. Өнгөрсөн хавар аргаль янгир ширгэсэн булаг шанд бараадан олноороо үхсэн. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд ойр ойрхон давтагдаж байна. Мазаалайд хавар ичээнээс гарсны дараа ногоо ургах хүртэл хэдэн сар хатсан модноос өөр идэх зүйл ер олдохгүй. Тэгээд ч ногоо ургах эсэх нь заримдаа эргэлзээтэй байдаг” гэсэн юм.
Мөн тэрбээр мазаалайг хамгаалах ажилд Монголын төдийгүй дэлхийн олон нийтийн байгууллагууд хамтран ажиллаасай, баавгай судлалын олон эрдэмтэд оролцоосой гэсэн хүсэлтээ илэрхийлсэн юм. Судлаач Т.Одбаярын хуралдаанд танилцуулсан илтгэлд мазаалай баавгайн үсний дээжинд хийсэн судалгаагаар 27 бодгаль байгааг шинээр тогтоосон нь мазаалайн тоо толгой өмнөх оныхоос таваар нэмэгдсэн болохыг харуулж буй юм.
Монголын талаас Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Карен Ноёсе болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн эрдэмтэдтэй хоёр талт уулзалт зохион байгуулж мазаалайн хамгаалал, судалгаа болон “Мазаалай итгэлцлийн сан” байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгджээ.
Н.ЦЭЛМҮҮН