Нарантуулын өргөтгөлийг нээхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Нарантуулын өргөтгөлийг нээхээр болжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах,  худалдааны төвүүдийн чингэлгэн худалдааг аравдугаар сарын 6-ны даваа гаригаас эхлэн хаасан юм.  Мэргэжлийн хяналтын газрынхныг энэхүү шийдвэрээ эргэн харж, журмын дагуу ажиллах боломж олгохыг хүссэн хүмүүс өнөөдөр жагсаал хийсэн. Жагсаалын талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.

Нарантуулын өргөтгөлд павилон, чингэлгээр худалдаа эрхлэгч 150 гаруй хүн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын гадна талд жагсаж, мэргэжлийн хяналтын газрынхныг гэнэтийн шийдвэрээ эргэн харж, олон арван хүний амжиргааны эх үндэс болсон худалдаа, үйлчилгээг яаралтай нээхийг шаардсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан жагсагчдын төлөөлөл болон Нарантуул захын удирдлагуудыг оролцуулан гурван талт хэлэлцээр хийж, ирэх долоо хоногийн даваа гариг буюу аравдугаар сарын 13-ны өдөр Нарантуулын өргөтгөлийг нээх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ зургаан шаардлагыг биелүүлэхийг худалдаа наймаа эрхлэгчид болон захын удирдлагуудад даалгажээ.

Өргөтгөлд худалдаа эрхэлж буй бүх павилоныг вакум хаалгатай болгох, худалдаа үйлчилгээгээ павилоныхоо гадна талд бус дотор талд нь явуулах зэрэг зургаан шаардлагыг тавиад байгаа юм. Харин павилон, чингэлгийг дулаан, цахилгаанд холбох шаардлага нь биелэх боломжгүй гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Ялангуяа цахилгаанаас болж үе үе гардаг галын аюулаас сэрэмжлэх үүднээс павилоноо гэрэл, цахилгаанд холбодоггүй гэдгээ тэд хэлж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй асуудал үгүй гэдгийг худалдаачид хүлээн зөвшөөрчээ. Урьд өмнө нь ч зарим шинэчлэлт өөрчлөлт хийж, тэр бүхэнд хөрөнгө мөнгө гарган идэвхтэй оролцож байсан гэнэ. Нарантуул захын захиргааны зүгээс энэ мэт шинэчлэлд хөрөнгө оруулдаггүй бгөөд худалдаачид ч мөнгө төгрөг нэхэж үзээгүй гэнэ. Нарантуулын өргөтгөлд наймаа эрхлэгчид өдөр тутам 15 мянган төгрөгийн түрээс төлдөг ажээ. Ямартай ч захаа нээх шийдвэр гаргуулж чадсандаа жагсагчид сэтгэл өндөр тарцгаалаа.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж