Ц.Даваасүрэн: Гишүүдийг битгий алагчлаач

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Гишүүдийг битгий алагчлаач

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн ордын ашиглалтын асуудлыг авч хэлэлцэн, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссон даруйд МАХН-ын бүлгийн гишүүд зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлэн, горимын санал гаргахаар болж, УИХ-ын даргаас зөвшөөрөл хүсэв. Гэвч спикер тэр олон гишүүнээс хамгийн түрүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүсэлтийг хүлээн авсанд Ц.Даваасүрэн гишүүн бухимдан “Дарга аа, гишүүдийг битгий алагчлаач… Би горимын санал гаргамаар байна. Та яагаад намайг тоохгүй байна вэ” гэв. УИХ-ын дарга хариуд нь “Гишүүдийг ялгаварлаж харилцсан юм алга” гэв.

Уг нь үдээс өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдах үед Тавантолгойн асуудал дээр МАХН-ын бүлэг саналаа нэгтгэсэн гэж үзэж байсан ч энэ нь “но”-той байсан бололтой. Чуулганыг цаг сунган хуралдуулах үеэр дээрх бүлгээс ажлын хэсгийн санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн гишүүн цөөнгүй байсны зэрэгцээ баяр наадмаар түрий барин, улс орны эрх ашигтай холбогдох чухал асуудлыг яаран сандран хэлэлцэн баталдгаа болих хэрэгтэй гэдгээ ч илэрхийлж байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж