Е.Иманбеков: Манай жүдочид Монголын бөхчүүдэд дийлдсэн шүү

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Е.Иманбеков: Манай жүдочид Монголын бөхчүүдэд дийлдсэн шүү

Е.Иманбеков: Манай жүдочид Монголын маш хүчтэй бөхчүүдэд дийлдсэн шүү

Казахстаны жүдогийн ахлах дасгалжуулагч Е.Иманбеков Инчён дахь хачирхалтай шүүлт, манай жүдочдын тухай “Караван” сонинд ийм ярилцлага өгчээ.

-Инчёны Азийн наадамд оролцсон манай жүдочдод та ямар дүн тавих вэ?

-Бид тус бүр нэг алт, мөнгө, хүрэл медаль авах төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Би Раков, Сметов, Муканов нарыг сайн барилдана гэж бодож байсан. Тэр гурав маань гурвуулаа медальд хүрсэнд сэтгэл ханамжтай байна. Үүнээс гадна бид багийн тэмцээний финалд хүрч чадлаа. Хамгийн гол нь жүдо бөхөөр манай улсын Азийн наадмын анхны аваргаар Елдос Сметов тодорлоо шүү дээ.

-Аваргын төлөө барилдаанд Сметов Монголын Г.Болдбаатарыг ялсан. Гэтэл өмнө нь Г.Болдбаатарт манай жүдочид олон ч удаа дийлдэж байсан?

-Асиад болохоос хорьхон хоногийн өмнө Г.Болдбаатар мөнгөн медалийн төлөө барилдаанд манай Айбек Имашевийг хожиж, улмаар дэлхийн аварга болсон. Иймд түүний ядарсныг бодолцон барилдахыг бид Сметовт зөвлөсөн юм. Гэхдээ тэглээ гээд Сметовын ялалтыг дутуу үнэлж болохгүй. Тэр үнэхээр сайхан хожсон.

-Азийн наадамд манай хэд хэдэн бөх, өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Азамат Муканов хүртэл монголчуудад дийлдлээ. Яагаад тэр вэ?

-Монголын жүдочид маш хүчтэй өрсөлдөгчид. Өнгөрсөн жил тэд Бразилд болсон ДАШТ-д хүчирхэг бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж дэлхийг гайхуулсан шүү дээ. Миний бодлоор жүдо бөх Монголд нэг ёсондоо үндэсний спортынх нь хэмжээнд хүрчээ. Монголын шигшээ багт шалгарахын тулд олон жинд маш хүчтэй өрсөлдөөн өрнөдөг. Манай жүдочид Монголын маш хүчтэй бөхчүүдэд дийлдсэн шүү

-Азамат Муканов Инчёнд хэр сайн барилдав?

-Хүрэл медаль зүүсэн гэдэг мэдээж том амжилт. Азамат дасгал сургуулилтдаа хариуцлагатай ханддаг нь надад таалагддаг. Инчёнд тэрээр хүчтэй хятадыг хожин монгол бөхтэй яс барилдан аргагүй дийлдсэн дээ.

-Максим Раков Н.Түвшинбаярт дахиад л ялагдлаа?  

-Тийм ээ. Раков маань Н.Түвшинбаярт ДАШТ, Асиадад дараалан хожигдлоо. Гэхдээ би Азийн наадмын аваргын төлөөх барилдааны шүүлтийг шүүмжилмээр байна. Монголын жүдоч Раковыг олон удаа ичгүүр сонжуургүй татамигаас түлхэн гаргасан. Гэтэл шүүгч яагаад ч юм манай бөхийг л торгоод байсан. Гэтэл дараагийн өдрийн барилдаанд ингэж өрсөлдөгчөө түлхэж гарсан бөхийг торгоод байна лээ.

-Та Раковыг энэ наадамд сайн барилдсан гэж үзэх үү?

-Ерөнхийдөө бол тийм. Тэрээр Асиадын мөнгөн медаль аваад зогсохгүй багийн тэмцээний финалд шалгарахад голлох үүрэг гүйцэтгэсэн.

-Азиз Калкаманулыгийн хүрэл медалийн төлөөх барилдаанд юу болсон бэ?

-Биднээс шүүгчид хүрэл медалийг булаасан гэж хэлье. Азизийн өрсөлдөгч шидэх мэх хийн вазари үнэлгээ авсныхаа дараа идэвхгүй барилдан дөрвөн шидогоор торгуульсан. Одоогийн дүрмээр бол ялалтыг манай бөхөд өгөх ёстой байсан юм. Гэтэл ерөнхий шүүгч хөндлөнгөөс оролцон дэвжээний шүүгчийн зөв шийдвэрийг хүчингүй болгосон.

-Ямар учраас тэгснээ тайлбарласан уу?

-Дөрөв бус гурван шидо торгууль өгөх ёстой байсан гэсэн. Тэгэхээр нь бид өөрсдийн хийсэн видео бичлэгийг түүнд үзүүлсэн юм. Дараагийн өдөр шүүгчид биднээс уучлал гуйсан л даа. Тэглээ гээд ямар медалийг эргүүлэн авах биш дээ.

-Тэр барилдаанд мөн л Монголын бөхөд ялалтыг өгсөн?

-Тийм л дээ. Гэхдээ монголчууд Асиадад яриангүй бүх талаараа сайн бэлтгэлтэй оролцсон.

-Казахстан жүдо бөхөөр Асиадын анхны аваргатай боллоо. Манайхан амжилтдаа ханан тайвшрах юм биш биз?

-Хэрхэвч үгүй. Учир нь бид бүхний гол зорилт олимпийн наадам. Дасгалжуулагчдын баг чухам түүнд л Сметов, Раков, Муканов болон бусад бөхчүүдээ бэлтгэж байна. Тэгээд ч ирэх жил манай Астанад ДАШТ болно шүү дээ. Бид нутагтаа алтан медаль авахыг зорино.

Б.БАРС

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж